
-Байгал нуурт аюултай усан цахилгаан станц барьж магадгүй байгаа Монголд Жон Керригийн хийсэн айлчлал Оросын эсрэг чиглэсэн байж болзошгүй-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэдийгээр нас дээр гарсан ч дэлхий даяар АНУ-ын гадаад бодлогыг хамгийн идэвхтэй явуулдаг хүмүүсийн нэг хэвээр. Зургадугаар сарын 2-8-нд тэрбээр Франц, Монгол, Хятад гэсэн маршрутаар аялж байна. Уржигдар тэрбээр Монголд хөл тавилаа.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Францад Керри Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах асуудлаарх олон улсын бага хуралд суусан бол Бээжинд Сангийн сайд Жейкоб Льюгийн хамт АНУ, БНХАУ хоорондын хоёр талын стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээний хуралдаанд Америкийн талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно. Төрийн департамент Монголын талаар илүү няхуур тайлбар өгч, өндөр албан тушаалын түшмэд болон “залуу удирдагчид”-тай уулзана гэжээ. Монголын ГХЯ-ны хэвлэлийн албаныхны нэмж хэлснээр Төрийн нарийн бичгийн дарга болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр тал, бүс нутаг болон олон улсын асуудлаар санал солилцоно. Тэрчлэн Монголын Засгийн газрын тэргүүн болон парламентын даргатай уулзана. Залуу удирдагчидтай уулзана гэдэг нь олон улсад баримталдаг байр сууриа хамгаалахын тулд Америкийн түшмэдийн хийдэг уламжлалт ажил юм. Дашрамд хэлэхэд, Монголд 2008 онд “өнгөт” хувьсгал хийх оролдлого гарсан билээ. Гэхдээ эсэргүүцэл тэмцлийг дэмжихгүй байх нь АНУ-ын чухал зорилт юм. Сүүлийн үед Монголтой холбоотойгоор гарсан хамгийн хурц асуудал нь тус улсын нутаг дэвсгэрт Хятадын хөрөнгө оруулалтаар барих гурван усан цахилгаан станцын (УЦС)барилга юм. Эдгээр нь дэлхийн цэнгэг усны 20, Оросын цэнгэг усны 80 гаруй хувийг агуулдаг Байгал нуурт нөхөж барамгүй хохирол учруулж болзошгүй. Тиймээс Керри Монголоос Хятад руу айлчилж байгаа нь Оросын байгалийн нөөц баялгийн эсрэг чиглэсэн нууц зорилготой байж мэдэх юм.
ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУДЫН ГАДНА
Монгол Улс мэдээж хэрэг Оростой адил АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын тоонд ордоггүй. Гэхдээ Төв Азид нөлөөгөө бэхжүүлэхийн төлөөх тэмцэл дэлхийн их гүрнүүдийн хооронд өрнөж байна.
АНУ цаг алдалгүй 2015 онд Төв Азийн орнуудтай хийж буй хамтын ажиллагааны хүрээгээ тэлснээ зарласан билээ. Энэ нь олон талаар 2015 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Кыргыз, Узбекстан, Казахстан, Тажикстан, Туркменистанд айлчилсан Жон Керригийн гавьяа юм. Орос улс ч мөн адил тус бүс нутагтаа улс төрийн чухал тоглогч болсон. Гэхдээ 1990-ээд он болон 2000 оны эхээр алдсанаа бид эргүүлэн олж авах хэрэгтэй бөгөөд хэд хэдэн шинжээчийн үзэж буйгаар Орос улс энэ чиглэлд хангалттай анхаарал тавьж чадахгүй байна. Төв Ази дахь хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын адилаар ардчилсан Монгол Улс 1990-ээд онд улс төрийн олон ургальч бодлогын зарчмаар зэвсэглэсэн нь үр нөлөөгөө үзүүлж, АНУ, Хятад, Японы дэмжлэгийг авсан юм. АНУ хүртэл Монголын “гуравдагч хөрш” болсон. Харьцуулан үзвэл Москва, Улаанбаатарыг стратегийн түншийн харилцаа холбодог болохыг 2009 онд л зарласан билээ.
Дөрөвдүгээр сард Оросын Гадаад хэргийн сайд Улаанбаатарт албан ёсны айлчлал хийлээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр нисэх буудалд хүндэт харуул угтахад Лавров протоколын бус жийнстэй буусан нь гол үйл явдал байсан бөгөөд энэ нь Монголын олон нийтэд таашаагдаагүй юм.
ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЯЛАГ
Монголын талтай Лавровын хэлэлцсэн хамгийн чухал асуудлуудын нэг нь үнэн хэрэгтээ Байгал нуурын усны 80 хүртэлх хувийг хангадаг Сэлэнгэ мөрөнд барих “Шүрэн” УЦС-ын хэтийн төлөв байв. Энэ төсөл нуурын экологид сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд хамгийн муугаар бодоход Байгалын усны түвшин хэдхэн мм-ээр багасна гэж Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэгэхэд хэлсэн билээ.
Гэтэл тавдугаар сарын 23-нд Оросын хэвлэлүүд түгшүүр зарлаж, Байгалд сүйрэх аюул нүүрлэх нь гэсэн. Тус улсын Эрчим хүчний яаманд болсон хаалттай хуралдааны үеэр гурван том УЦС барих нь Байгалын экосистемд нөхөх аргагүй сөрөг нөлөө учруулна гэсэн мэдээлэл гарсан нь тийнхүү түгшүүр зарлахад хүргэжээ.
Энэ нь хэлэлцэх гол асуудлын тооноос хасагдаж, шийдэгдэлгүй үлдсэн. Сэлэнгэ, Байгалийн био олон төрөл зүйлд УЦС нөлөөлөх, эсэх талаар нэмж судалгаа явуулахаар Монгол, Орос хоёр улс тохиролцжээ. Эгийн голын УЦС-ыг барих асуудлыг Оросын талтай зөвшилцсөн гэх мэдээллийг Монгол дахь ОХУ-ын ЭСЯ албан ёсоор няцаасан байна. Үүний сацуу “Шүрэн” УЦС-ыг барихгүй болсныг нотолсон албан ёсны баримт бичиг байхгүй гэж олон улсын “Хил хязгааргүй гол мөрөн” эвсэл мэдэгджээ. Энэ тухай ОХУ-ын Байгаль орчны яамны хэвлэлийн алба мэдээлсэн аж. Наймаа үргэлжилсээр, үүнд гаднын тоглогчид нэмэгдэж байна.
УЦС барих төсөл Хятадын дэмжлэгтэйгээр хэрэгжиж магадгүй. Тус улс Оросын эрчим хүчнээс хараат байдлаа шийдэх гэсэн Монголын хүслийг амжилттай ашиглаж, УЦС-ын дэд бүтцийн барилгын ажилд 827 сая долларын хөрөнгө оруулахыг санал болгожээ. Үүний улмаас Оросын баялаг, “валютын ирээдүй” эрсдэлийн бүсэд орлоо. Энэ асуудлыг Бээжингээс гадна Вашингтон сонирхож, Монгол, Хятадын төслийг хэрэгжүүлэгчтэй болгож, Оросын өмнө БНХАУ ямар ч хариуцлага хүлээхээргүй болгох гэрээ байгуулж болзошгүй байна.
Энэ хувилбар хэн нэгэнд зохиомол мэт санагдаж болох ч Оросын зөвхөн нефть төдийгүй хүнс, ундны усны байгалийн баялгийн халдашгүй бүрэн эрхт байдлыг үгүй хийхийг АНУ хүсэж байна гэж ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан Николай Патрушевийн хийсэн мэдэгдлийг сануулах нь зүйтэй болов уу. Ямартай ч ойрын хөршүүдийг зөрчилдүүлэх тоглолт АНУ-д ашигтай.
Монгол Улс харамсалтай нь Оросын мэдээллийн орон зайд зөвхөн иймэрхүү форс-мажор (хариуцлагаас мултрах тодорхойгүй үйл явдал)-ын болон таагүй үйл явдлаар дурсагдаж байна. Энэ нь Аугаа эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д үнэлж баршгүй дэмжлэг үзүүлсэн бөгөөд албан ёсны бус бүгд найрамдах улсын холбоотой байсан улсдаа итгэх итгэл бидэнд (оросуудад) алга болсныг харуулж байна. Чухлыг үл ойшоодог урьдын байдал, ОХУ-ын “гэдсэн” дэх стратегийн түшиц газар ойрын ирээдүйд ноцтой уршиг дагуулж болзошгүй боллоо гэж ОХУ-ын сэтгүүлч Дарья Андреева rusplt.ru цахим хуудсанд бичжээ.