
2012 оны УИХ-ын сонгуулиар 11 эмэгтэй гишүүн сонгогдож, УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг байгуулсан. Улс төрийн таван намын төлөөлөл бүхий эмэгтэй гишүүд нь нам үл харгалзан нэгдэж, хууль тогтоох түвшинд эрх мэдлийн цөөнх болдог эмэгтэйчүүдийн төлөөлөл болон УИХ-аас гарч буй аливаа шийдвэрт эмэгтэй хүний хэрэгцээ, туршлага, мэдрэмжийг тусгуулахыг зорьж ажиллаж байгаа хэмээж байсан. Тэгвэл тэд өнөөдөр MN мэдээллийн төвд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлагналаа. Үүнд:
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Түрээсийн тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай зэрэг тогтоолын төслүүд дээр ажилласан.
- БСШУЯ-тай хамтран улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл тусламжаар сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны дүнд улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл баригдсан.
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан.
- 2015 оны УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлууллаа.
- 10 жилийн турш нэг ч удаа хэрэгжээгүй Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа.
- УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Соёл, спорт, аялал жуулчлал, Байгаль орчин, ногоон хөгжил, Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалт, Хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хууль эрх зүй болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ “2012 оны УИХ-ын сонгуулиар 11 эмэгтэй гишүүн сонгогдож, улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан парламентад эмэгтэйчүүдийн тоо 3 дахин нэмэгдсэн нь сайн үзүүлэлт боловч 76 дотор 11 гэдэг бол дэндүү цөөхөн юм. Гэхдээ 4 жилийн хугацаанд эмэгтэй гишүүд бүлгээрээ болон хувь гишүүнийхээ хувьд маш олон хууль, тогтоолын төслүүдийг өргөн барьж, батлуулж чадлаа” гэлээ.
Харин З.Баянсэлэнгэ гишүүн “Эмэгтэйчүүд эхлүүлсэн ажлынхаа ард гардаг, дунд нь орхидоггүй, түүндээ цаг хүчээ зарцуулдаг, шаргуу учраас хамгийн бэрх, амаргүй хууль болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг эмэгтэй гишүүдэд хариуцуулан ажиллалаа. Бид бол хууль тогтоох дээд байгууллагад олон эмэгтэй сонгогдож, хариуцлага үүрээсэй, тэд чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж байгаа учраас энэ бүгдийг бэрхшээл гэж үзддэггүй. Харин ч бие биедээ туслаад үүрээд гардаг. Ингэсний хүчинд олон ажлын ард гарч чадсан” гэсэн юм.
Мөн Г.Уянга гишүүн “Боловсрол, Эрүүл мэнд бол Монгол Улсын хөгжлийн суурь салбарууд юм. Тиймдээ ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд эдгээр салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Улс төржихгүйгээр аливаа асуудлыг шийдэж, нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж болохын үлгэр жишээг ч үзүүлж чадлаа. Тиймээс шударга ёс, баялгийн хуваарилалт, эв нэгдэл зэргийг бий болгохын тулд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог илүү их болгох хэрэгтэй” хэмээв.