
2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлж, улс төрийн нам, нэр дэвшигчид ажилдаа шамдан орлоо. Тав алхмын зайгүй өрж, уран цэцэн үгээр тамгалсан нэр дэвшигчдийн зурагтай самбарууд гудамж талбайд алаглана. Зарим нэр дэвшигчдэд туслах хүнгүй дээ ч юм уу, мөнгөгүй байгаад ч тэр үү эсвэл ард түмэнтэйгээ илүү ойр гэдгээ батлах гэсэн үү бүү мэд өөрөө хүртэл айлын хаалга нүдэж сурталчилгааны материалаа тараагаад явж байгаа сурагтай. Энэ бол зургаадугаар сарын 11-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсний дараах дүр зураг. Харин үүнээс өмнө намууд, нэр дэвшигчид УИХ-ын ээлжит сонгууль ойртож буйтай холбогдуулан УИХ-д горилогчид сурталчилгааны ажлаа хэдийнэ эхлүүлсэн. Тэд материаллаг болон материаллаг бус зүйлийг иргэд, олон нийтэд тарааж өөрийгөө “рекламдаж” буйг олонтаа харсан. Тэд өвлийн улирлын гол хэрэгцээ болсон нүүрсээр иргэдийн ирцийг бүрдүүлж аваад, өөрийн зураг бүхий сурталчилгааны хуудсыг тараах ажлаар “лобби”-гоо хөнгөхөн хийж амжсан юм. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нүүрс тараасан бол ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Их аварга Д.Дагвадорж нар Сонгинохайрхан дүүргийн иргэдэд мөн нүүрс тараасан юм. Тэр ч бүү хэл усны бидон дээр өөрийн зургаа хэвлэж, иргэдэд бэлэглэсэн гишүүн ч бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчдодоо усны бидон тарааж, олон нийтийн дунд “бидон” хоч авсан юм.
Ингээд нэр дэвшигчдийн эртнээс сэдсэн сонгуулийн шоуг түүвэрлэн хүргэж байна.
1. УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг.
Тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга бөгөөд үйл хөдлөл, хэл яриагаараа байсхийгээд л олон нийтийн сүлжээг донсолгоод авдаг тун онцгой нэгэн. Л.Эрдэнэчимэг гишүүн хэсэгтээ л хорвоод байхгүй бенз машинаар гангарснаа гайхуулж чадсан бол удаад нь төрийн ордны дотоод журмыг зөрчиж гуя, хасаа ил гаргасан мини юбкаар гангарч олны шүүмжлэлийн бай болсон юм. Тэгвэл энэ жил Баян-Өлгий аймагт ажиллахдаа бүргэдтэй ан хийж “Бүргэдээр туулай агнав” гэсэн тайлбартайгаар өөрийн фэйсбүүк хуудаснаа морь унаж агнасан туулайгаа баруун гартаа бариад бахархалтайгаар инээж буй зургаа оруулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.Түүний ийм үйлдлийг хамгийн тэнэг пи ар хийдэг гишүүн гэж даапаалах нэгэн ч бий. Ямартай ч ямар ч хамаагүй аргаар хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чаддаг гишүүдийн нэг нь Л.Эрдэнэчимэг аж.
.jpg)
2. УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Арвин
Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орох болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд биечлэн оролцож байсан. Сонгогчдоос оноо авах гэсэн түүний энэ үйлдэлд дургүйцсэн хүмүүс цөөнгүй.
3. УИХ-ын 2016 оны сонгуулийн 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Зоригт
Сайнаар ч саараар ч үргэлж олны анхааралд байдаг улс төрчдийн нэг бол Д.Зоригт. Тэрбээр зураг авах тун дуртай хэмээн өөрийгөө тодорхойлж, фэйсбүүк хуудсаа гоё гоё зургаар дүүргэдэг. Гэсэн хэдий ч зарим үед бүр хэтрүүлэх нь бий. Улс орны төрийн түшээ хүн иймэрхүү зургийг олон нийтэд дэлгээд суух нь тийм ч зохимжтой бус нь ойлгомжтой.

4. Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч С.Ганбаатар
2012 оны УИХ-ын сонгуулийн бие даагч гурвын нэг С.Ганбаатар гишүүн сонгуулийн шоунд нэгдэж цас цэвэрлэж байгаагаар зургаа авахуулаад амжсан. М.Зоригт гишүүн тэр зургийг нь “Ганбаа, цаана нь зам байна даа” гэсэн тайлбартайгаар цахим хуудаснаа нийтэлсэн юм. Угийн олны анхаарлыг татах дуртай С.Ганбаатар сонгогчдод таалагдахын тулд цас хүртэл ухаж үзсэн.

5. Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч О.Баасанхүү
О.Баасанхүү гишүүн ч дээрх шоунаас хоцроогүй нэгэн. Учир нь тэрбээр хил дээр манаанд гарсан. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа мэдээлж “Хил дээр очин манаанд гарав” гэх тайлбартайгаар зургаа нийтэлсэн нь бас л нэг хэсэг олон нийтийн амны бай болсон билээ. Ард түмэнтэйгээ ойр, энгийн хүн гэдгээ харуулах гэсэн түүний оролдлого нэр дэвшигчдийн шоунд зүй ёсоор багтаж буй зээ.
