
Баянгол дүүргийн УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар хууль зөрчиж сурталчилгаа хийж байгаа талаар иргэн Т.Мөнхбат, хуульч Д.Нямдорж нар мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар "Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч, УИХ-д нэр дэвшигч Ж.Ганбаатар нь "Оргил 6 буудал" худалдааны төвийн нээлт хийх нэрээр халхавчлан өргөн хэмжээний хямдралтай худалдаа зарлаж, сугалаат худалдаа, бэлэг сэлт тараах, урлагийн тоглолт зохион байгуулж сонгуулийн хуулийг илтэд санаатай зөрчөөд байна. Тодруулбал, "Оргил 6 буудал" худалдааны төвийн нээлтэд ирсэн 1000 хүүхдэд бэлэг тарааж, худалдан авалт хийсэн хүн бүрт 2016 оны "Акбар" брэндийн түлхүүрийн оосор, аяганы суурь зэргийг үнэ төлбөргүй сонгогчдод өгсөн. Уг худалдааны төв нь нийслэлийн есөн дүүргийн иргэд Шадивлан, Жигжид, Шарга-морьт, Хандгайт, Санзай зэрэг зуслан руу зорчдог хамгийн их ачаалалтай замд байрлалтай бөгөөд энэ байрлалыг сонгуулийн сурталчилгаа эхлэхийн босгон дээр зориудаар сонгосон гэж үзсэн" хэмээн ярьлаа.
Иргэн Н.Жавзандулам , Т.Мөнхбат нар Баянгол, ЧИнгэлтэй дүүргийн иргэд бөгөөд зуслан руугаа явах замдаа ийнхүү Оргил 6 буудал худалдааны төвийн нээлтэд оролцож үнэ төлбөргүй бэлэг сэлт авсан, хөнгөлөлттэй худалдаанд хамрагдсанаа гэрчилж Сүхбаатар дүүрощгийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргажээ. Энэ мөрөөр нэр дэвшигч Ж.Ганбаатарыг шалган хууль зөрчсөн болохыг тогтоон Захиргааны арга хэмжээ авахуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Гомдол гаргасан иргэдийн өмгөөлөгч, хуульч Д.Нямдоржийн хэлж буйгаар Сонгуулийн тухай хуулинд зааснаар хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг түтгэлзүүлж, сонгуульд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авдаг аж.