
МАН-ын удирдлагуудтай холбоотой бичлэг 6 сарын 25-ны өдөр олон нийтэд цацагдсан. Тус бичлэгт МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар албан тушаалыг үнэлэн зарах тухай төлөвлөгөөгөө ярьж буй нь бичигдэн үлдсэн байдаг. Тиймээс АН-ын удирдлагууд тэдний хууль бус үйлдлийг шалгуулах хүсэлтээ УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-т хүргүүллээ.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэлэхдээ "МАН-ын удирдлагууд төрийн албыг хэрхэн наймаалцаж, үнэлсэн талаарх ноцтой баримтууд олдсон. Энэ асуудлыг зохих хуулийн байгууллагаар шинжлүүлэхэд тэдний яриа мөн болох нь нотлогдсон. Тиймээс УЕПГ, ТЕГ, АТГ, ЦЕГ-т хандан, энэхүү асуудлыг үргэлжлүүлэн шалгахыг хүсч мэдээлэл хүргүүлж байна" гэв.
Тус бичлэгтэй холбоотой АН-ын дарга З.Энхболдын хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян 2016 оны зургадугаар сарын 21-ний өдөр олон нийтэд ил болгосон. Энэхүү бичлэг нь улмаар цахим ертөнцөөр цацагдсан үйл явдал боллоо.
Бичлэг нь сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан үндэсний аюулгүй байдлын болон албан тушаалын гэмт хэргийг агуулсан байж болзошгүй байна. Тухайлбал,
- Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах,
- 263 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,
- 264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авах,
- 269 дүгээр зүйл хээл хахууль өгөх,
- 270 дугаар зүйлд заасан хээл хахуульд зуучлах гэх мэт гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэж байна. Тиймээс энэхүү асуудлыг хуулийн дагуу шалгана уу гэж мэдээлэлд дурьдсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нарын ярианы бичлэг CD, Ц.Сандуйн хэвлэл мэдээлэлд өгсөн бичлэгтэй CD-г хавсарган хүргүүлж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү?
АН-ын дарга З.Энхболд" гэжээ.
Түүнчлэн "2 жилийн өмнө МАН удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр хэлтсийн даргаас дээш бүх төрийн албаны ажлын байрыг зарсан тухай мэдээлэл ил боллоо. Өнөөдрөөс эхлээд сонгууль дуустал энэ мөнгөөрөө Таны саналыг худалдаж авахыг оролдоно. Сонгогч Та энэ хууль бус үйлдлийг сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад илчилвэл сонгуулийн тухай хуулийн 71.2-н дагуу өгсөн мөнгийг нь 20 дахин нугалж өгөх бөгөөд мөнгө тараагчийг нэрийн жагсаалтаас хасах юм. Ингэхгүй бол өнөөдөр Та авсан мөнгөө ирэх 4-н жилд ажлын байраа худалдаж авсан МАН-н хэн нэгэнд авилга хэлбэрээр хэд нугалж төлөх бодит аюултай" хэмээсэн байна.
Бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.