
Өнөөдөр 2016 оны зургаадугаар сарын 29. Монголчууд улс эх орноо залж явах төрийн түшээдээ сонгох хариуцлагатай өдөр. Тиймээс 18-аас дээш насны иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо мэргэн хийхийг уриалж байна. Харин сонгуулиа өгөхөөс өмнө эдгээр 5 зүйлийг заавал мэдээд аваарай.
1. Өнөөдөр цаг агаар 18 хэмийн дулаан. Үргэлжилсэн бороо орох учраас усны гутал, цуваа өмсч гэрээс гараарай. 30 мянга гаруй иргэн гол ус гаталж сонгуульд оролцоно гэсэн судалгааг ОБЕГ-аас гаргажээ. Тиймээс үер усны аюулаас болгоомжлоорой.
2. УИХ-ын, Нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгууль өглөөний 07:00 цагаас эхлэн 22:00 цагт дуусна. Нийслэлийн иргэд та бүхэн санал өгөх байраа cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.
3. Бүх нийтийн амралтын өдөр учраас сонгуулийн өдөр дугаарын хязгаалалт үйлчлэхгүй. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй учраас иргэд аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа.
4. Энэ удаагийн сонгуулиар сонгогчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс тус тус сонголтоо хийх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгогч та саналаа өгөхдөө УИХ-ын гишүүнээр хэнийг сонгохыг хүсч байна, мөн оршин суугаа газрынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр хэнийг сонгохыг хүсч байна тэр хоёр хүнээ сонгох учиртай.
5. Санал өгөх зааварчилгаа:
Сонгогч та “А” намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “Б”-г дэмжиж байгаа бол түүний нэрний өмнөх дугуйг будна. Дараа нь зураасны доод талд байрлах аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй “Б” намын “С”-ийг дэмжиж байгаа бол мөн л түүний нэрний өмнөх дугуйг будна.
.