
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийж, “Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ” хэмээн зарлалаа. ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг нь ХХБ-ны төлөөний компани болох “Монголын зэс” компани худалдан авч буй гэнэ. Ийнхүү “Эрдэнэт” Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болсноор тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна” хэмээн мэдэгдлээ.
Харин үүнээс ганцхан цагийн өмнө Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн талаар дэлгэсэн юм. З.Баянсэлэнгэ “Засгийн газрын өмнөх хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаатай холбоотой асуудал нууцын зэрэглэлтэйгээр орж ирсэн. Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд танилцах хүсэлтэй буйгаа Засгийн газрын ХЭГ-т хүргүүлсэн ч “Танилцуулах боломжгүй” гэсэн тул Ерөнхий сайдаас лавласан. Тэгэхэд Ерөнхий сайд “Оросын талын эзэмшдэг хувийг аль нэг талд зарах гэж байгаа. Тэр талаараа ямар нэг танилцуулга хийхгүй” гэсэн. Нууцын зэрэглэлтэй орж ирж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой” хэмээсэн юм.
Үүнийг нотлох мэт Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ, “Оросын талын хамгийн дээд түвшинд хийгдсэн” гэж буй уг хэлэлцээрт гуравдагч этгээд оролцохыг хориглосон талаар мэдээлсэн нь хардлагыг улам лавшруулж байна. Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор Монгол Улсын төсвийн “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт”-ийг АН-ын нөлөө бүхий гишүүд болох З.Энхболд, Ч.Сайханбилэг, Д.Одхүү нар хуйвалдан, хууль бусаар аж ахуйн нэгжид өгөх гэж байна гэсэн мэдээлэл хэдийнэ гараад эхэлсэн байна. Улмаар сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр ашиг нь ард түмэнд 100 хувь ирнэ хэмээн төөрөгдүүлж байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна.