
2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Орон даяар санал авах байрууд нэгэн зэрэг 07.00 цагт үүдээ нээж, сонгогчдоо угтан авав. Бид хотын захын хорооллын санал хураах ажлыг сурвалжлахаар 06.50 цагт Сонгинохайрхан дүүргийн XI хороо, Баянхошууны 105 дугаар сургуульд очлоо. Аль хэдийнэ 30 орчим хүн ирчихсэн, санал авах байрны үүдэнд дугаарлаж харагдав. Тэдний 70 орчим хувь нь 18-40 орчим насны залуус байлаа. Сонгуульд залуучуудыг идэвхгүй оролцдог гэсэн шүүмжлэл дагадаг. Тэгвэл өнөө жил залуус төрд өөрсдийгөө төлөөлүүлж суух түшээгээ сонгохоор ийн дугаарлажээ.
УИХ-ын сонгуулийн 73, нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт нэр дэвшигчдээс Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хорооны иргэд сонголтоо хийх аж. Бидний очсон XI хороонд санал авах гурван байр ажиллаж буйн нэг нь 105 дугаар сургууль дахь VI хэсгийн хороо байв. Эндхийн ахлах зохион байгуулагч Г.Чимгээ “Манай санал авах байрны сонгогчийн нэрсийн жагсаалтад 2123 хүн бүртгэлтэй байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Санал авах төхөөрөмжөө байрлуулаад, саналын хуудсуудаа тоолж, лац ломбыг нь ажиглагч, сонгуулийн ажилтнуудад үзүүлсэн. Есөн нам, эвслийн нийт 26 ажиглагч манайхыг хянаж байгаа. Одоогоор 1999 саналын хуудас ирсэн. Үдээс хойш нэмж авчрах байх” гэж ярив.
Тус хорооны VI хэсгийн санал авах байр 07.04 цагт хүмүүсээ долоо, долоогоор нь дотогш оруулан бүртгэж, саналын хуудсуудаа тараав. Эхний хэдэн хүн дээр туршлага дутсан уу, яасан. Сонгогчийн бүртэл, нэрсийн жагсаалтаас иргэдийн мэдээллийг олох гэж хэсэг будлив. Хамгийн анх санал өгсөн, XI хорооны Амины орон сууцны 3-156 тоотод оршин суугч О.Өлзийхутаг “Ард иргэдийн амьдрал урд урдынхаасаа улам л дордсоор байна. Тиймээс энэ удаагийн сонгууль бидэнд өөрчлөлт, шинэчлэлт авчраасай. Монголын маань ирээдүй улам сайн сайхан болоосой гэж хүсэж саналаа өглөө. Хамгийн гол нь үнэн зөв, ямар нэгэн будлиангүй, эвтэй найртай, шударга болж өнгөрөөсэй” гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 73, нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойргийн VI хэсэгт Сонгинохайрхан дүүргийн XI хорооны Мандалын 1-13 дугаар гудамж, ТЭЦ 1-1-ээс ТЭЦ 8-4 хүртэл, Амины орон сууцны гурвын 1-19, 101-179 тоот, 105 дугаар сургуулийн уурын зуухны оршин суугчид саналаа өгч байна.
Энэ удаагийн сонгуульд нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж буй бол 1.912.901хүн санал өгөхөөр байна. Улсын хэмжээнд санал авах 397 байр (гадна, дотроо хяналтын камертай) тус бүрт ахлах зохион байгуулагч нэг, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагчид ажиллаж буй.