
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Монгол орон даяар өнөө өглөөний 07:00 цагт эхэлсэн. Сонгогчдын ирцийн эхний мэдээллийг дөнгөж сая СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хүргэсэн. 12:00 цагийн байдлаар Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 18.3 хувь байгаа бол Монгол орон даяар 23.3 хувь байгаа аж. Харин хамгийн идэвхтэй оролцож буй сонгогчтой тойргоор одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрог гэнэ. Сонгуулийн ирцийн нэгдсэн мэдээллийг http://unuudur.mn/article/87619 -ээс харна уу.
Сонгуулийн зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой дараах асуултыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.
-Сонгогч саналын хуудсаа буруу бөглөчихөөд дахин хуудас авах тохиолдол гарч байна гэж сонссон. Энийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Сонгогч өөрийн алдаанаас болж буруу бөглөсөн бол нэг удаа саналын хуудсыг дахин өгөхөөр заасан байгаа. Гэхдээ буруу бөглөсөн саналын хуудсыг хар машинд хийхгүй. Угаасааа Сонгуулийн хайрцгийг тухайн тойргийн сонгогчдын тооноос илүү хуудас тоолж болохгүйгээр програмчилсан байгаа. Одоогийн байдлаар ийм тохиолдол нэг хоёр удаа гарсан.
- Сонгуулийн ирц өмнөх сонгуулиудаас хэр байна вэ?
-Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх сонгуулиудын энэ цагтай харьцуулахад адилхан байгаа нь ажиглагдаж байна.
-Зарим сонгуулийн штаб дээр хурууны хээ уншихгүй байна гэсэн гомдол гарч байгааг хүмүүс хэлсэн?
-Сонгогчийн хурууны хээг танихгүй байгаа тохиолдол 2 сонгуулийн хэсгийн хороон дээр гарсан. Үүнийг холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа. Гэхдээ хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд цахим иргэний үнэмлэхээрээ саналаа өгч болно. Мөн УИХ-ын 71 дүгээр тойрогт нэг иргэн саналын хайрцагны битүүмжлэлийн наалтыг хуулж хаясан зөрчил гарсан. Яг ийм тохиолдол 67 дугаар тойрогт мөн гарсан. Тиймээс санаатайгаар сонгуулийг будлиантуулах гэж оролдож байгаа иргэдийг шалгаж байна.
-Сонгогчдыг өөрийн үзэг, балтайгаа ирэхийг нийгмийн сүлжээгээр мэдээлж буй. Энэ тал дээр хариулт өгөөч?
-Иймэрхүү мэдээ тарааж буй нь хууль бус үйлдэл. Сонгогчид санал өгөхдөө өөрийн цахим үнэмлэхээ л авч очиход болно. Бал үзэг хэрэггүй, Тусгай бөглөх харандааг бэлдсэн байгаа.
-Монгол Улсын нийт сонгогчдын хэд нь нийслэлд харьяалагддаг вэ?
-Нийт 1 сая 900 гаруй мянган хүн санал өгөх ёстой. Үүнээс 900 гаруй мянга нь нийслэлийн иргэд байгаа.
-Одоогийн байдлаар хэдэн хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөөд байгаа вэ?
-Зөөврийн хайрцгаар нийтдээ 27.9 мянган хүн санал өгөхөөр бүртгүүлсэн. Одоогийн байдлаар 95,1 хувь нь буюу 25688 хүн өгчихөөд байна.