
Улс төрийн есөн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх ёстой хэмээн тэд үзэж байгаа аж. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т зааснаар “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж хуульчилсан аж.
Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудын 10-20 хувьд нь хий гэх үүрэг чиглэлийг өгсөн мэдээлэл ирсэн гэнэ.Үүнийг АН-ын зүгээс санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг урьдчилан өөрт ашигтайгаар тохируулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн үйлдэл хэмээн хардаж байгаагаа мэдэгдлээ.

