
Сонгуулийн урьдчилсан дүнгүүд гарч, УИХ-ын сонгуульд ялалт байгуулагчид тодорсоор буй. Дөнгөж сая МАН хэвлэлийн хурал зохион байгуулж, ялалт байгуулсан тухайгаа мэдээллээ. МАН-д штабуудаас УИХ-ын 63 тойрогт ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд буй аж.
МАН-ын дарга М.Энхболд энэ талаар хэвлэлийн хурлын үеэр "Бид нийт сонгуулийн тойргийн 63 суудлыг авч, ялалт байгууллаа. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгаас бусад тойрогт олонх болж чадлаа. Монголын ард түмэн МАН-д их итгэл найдвар хүлээлгэлээ. Та бүхнийхээ итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна аа гэдгээ энэ индэр дээрээс цохон тэмдэглэж байна. Улсынхаа уруудаж доройтож байгаа байдлыг засаж залруулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно" гэв.