
УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарч буй. УИХ болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд МАН ялалт байгуулах төлөвтэй байна. Сонгуулийн үр дүнгийн талаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Монголын ард түмэн сонголтоо хийжээ. АН энэ сонголтыг хүндэтгэж байна. Ялсан өрсөлдөгчдөдөө баяр хүргэе. Манай намын арваад гишүүн ялалт байгуулсан. Тэдэндээ бас баяр хүргэе. Сонгуулийн дүн гэдэг иргэдийн төр засагтаа өгч буй үнэлгээ юм. Хэдийгээр бид ялагдсан ч АН бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Бид туйлын хэцүү дөрвөн жилийн ард гарсан. Амаргүй байсан ч эдийн засгаа өдий зэрэгтэй авч явж чадлаа. Үүнээс илүү ажиллахыг МАН-д уриалж байна. Сонгуулийн үр дүнгийн хувьд Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа хүлээнэ. АН-ын зохих шатны байгууллагууд хурлаа хийх байх" гэв.