
Уг нь Ардчилсан нам 2012 онд түүхэнд байгаагүй ялалтууд авч чадсан. 2012 оны сонгуулиар тэд анх удаа хамгийн олон суудалтай болж орон нутгийн сонгуульд таван аймгаас бусдад анх удаагаа ялалт байгуулсан. Цаашлаад АН-аас Ерөнхийлөгч сонгогдсон. Нийслэл хотыг анх удаа өөрийн намын хүнээр удирдуулах болсон гээд АН дараалсан ялалтыг авч чадсан цаг саяхан. Мөн тус нам сүүлийн 10-аад жил хийгээгүй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Тодруулбал 21 аймгийг хатуу хучилттай замаар холбож, нийслэлд "Гудамж" төслөөс эхлээд дотоодын томоохон үйлдвэрүүдийг хөдөлгөж эхэлсэн гээд дурдаад байвал уртаас урт дараалал гарна. Энэ бүхэнд тус намын нэр хүнд гэрлийн хурдаар өсч, ирэх сонгуульд баараггүй ялалт байгуулах нь гэсэн олны итгэл дунд байсан юм. Гэвч АН нам доторх фракцийн эрх ашиг, дотоодын зөрчил, зарим алдаатай бодлогоосоо болж дээрх бүх амжилтаа үгүй хийсэн. Нэг үгээр хэлбэл 2016 оны сонгуульд иргэд тус намд итгэл хүлээлгэхгүй нь сонгуулийн санал хураалтаас өмнө тодорхой болоод байв. Ингэж АН дээр дооргүй учраа ололгүй явсаар 2016 оны зургаадугаар сарын 29 буюу өчигдөр болсон ээлжит сонгуулиар ялагдал хүлээв. Харин С.Баяраар сонгуулийн багаа удирдуулсан МАН-ын шинэчлэгдсэн баг УИХ-ын 76 суудлын 65-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Тэгвэл АН-ыг 2016 оны сонгуульд ялагдуулсан топ 10 шалтгааныг хүргэж байна.
1. Намын даргын нэр хүнд, зан авир
АН-ын удирдлагын багийн алдааг дурдахаас өмнө УИХ-ын дарга, намын даргын ажлыг давхар хашиж байсан З.Энхболдын зан авирыг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүнээс олон зүйл хамаарсан. З.Энхболдод намыхан нь төдийгүй, сөрөг нам, олон нийт тааламжгүй ханддаг байсан юм.
2. АН-ын фракцуудын эрх ашиг
АН алив нэг шийдвэр гаргахдаа улс орныхоо эрх ашгийг бус нам доторх фракцуудынхаа эрх ашгийг нэгт тавьдаг. Сайдын албан тушаалаас эхлээд байнгын хорооны даргын суудлыг хүртэл фракцууд нь булаалцалддаг. Үүнээс болж төрийн бодлого, ажлыг хэдэн сараар гацаана. Тус нам ямар нэг ажлыг гацаах, зогсоох, түгжихийг өнгөрсөн хугацаанд хангалттай сайн харуулсан нь тэднийг ялагдал хүлээхэд түлхэц болсон.
3. Алдаанаасаа суралцаж мэддэггүй
1996-2000 онд АН дөрвөн удаа Засгийн газраа сольж, өмч хувьчлал нэрээр маш замбараагүй нийгэм бий болгосон. Энэ мэт алдаанаасаа болж тус нам 2000 оны УИХ-ын сонгуулиар ялагдаж байсан юм. Харин тэд 2012-2016 онд төрийн эрхийг барих үедээ Засгийн газраа хоёр удаа сольсон. Гэвч үүгээр зогсоогүй хоёр дахь сонголт болох Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаах аргыг намынхан нь удаа дараа тавьж, шаардлага хүртэл хүргүүлээд амжсан. Энэ үйлдэл бас л ялагдахад гол нөлөө үзүүлсэн.
4. Тавантолгойн гацаалт
Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой байсан боловч УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй фракц амжилттай гацаагаад амжсан.
5.Эдийн засгийн үзүүлэлт
2016 оны эхний сарын байдлаар л гэхэд улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Гадаад өр гэхэд 21 тэрбум гаруй төгрөг болж, ноён доллар 2000 төгрөгөөс давсан байв. Тэд ард түмэнд улсын данс улайсахад ойрхон байгааг сануулж бүсээ чангалахыг санал болгосон. Үүнийг ард түмэн АН-ын алдаатай бодлого замбараагүй тавьсан өрнөөс болсон гэж үздэг. Мөн өнгөрсөн хугацаанд АН-ынхан “Чингис бонд”-ын 1.5 тэрбум доллар, Самурай бондын 600 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая долларыг зээлжээ. Үүнээсээ болж инфляцид нэрвэгдээд төгрөгийн ханш унасан. Тэдний хариуцлагагүй бодлого иргэдийн итгэлийг улам холдуулсан.
6. Төмөр зам тавих төсөл гацсан
Өдийд төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр бид 10 тэрбум долларын тээвэр хийх байсан юм. Гэтэл АН-ынхан "Төмөр замаа түүгээр биш үүгээр, бүдүүн биш нарийн царигтай тавина" гэж хэрэлдсээр сүүлдээ уг төслийг гүйцэлдүүлэхэд шаардагатай мөнгийг хаашаа ч юм үгүй хийж хоёр талд шүүхдэлцэж эхэлсэн. Энэ нь ард түмний итгэлийг алдах том шалтгаан байсан юм.
7. Давхар дээл
“Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг байдлыг зоригтой халж чадаагүй нь тэдний алдаа. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 34 нь сайд болон сайд асан хүн байна. Тэд юм л бол хална, солино гэцгээдэг.
8. Өршөөлийн хууль
Өршөөлийн хууль батлах нь зөв байсан. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөсөн заалттайгаар хэрэгжүүлж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх бүх аргыг АН Н.Энхбаяртай хамтран хийсэн юм. Ер нь АН Н.Энхбаярын захиалгаар түүнд зориулж хууль батлах шаардлага байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. АН-ын энэ үйлдэл нь тус намын нэр хүндийг шалдаа буутал дордуулж орхисон.
9. Хуулийн салбарын холион бантан
Хууль зүйн сайдаар АН-ын хоёр гишүүн ажилласан. Тэд нэгийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж, үгүй хийж, бүр бие, биенээ арьс, бөгсөөрөө дуудалцдаг. Үүний үр дүнд хууль хэрэгжүүлэх, засаглал тогтох гол салбарын нэр хүнд уналаа. Уг нь Хууль зүйн салбар улс орны чухал салбар.
10. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан
АН хэвлэлийн эрх чөлөөнд халдсан бүдүүлэг үйлдлийг өнгөрсөн хугацаанд олон удаа гаргасан. “Амжилт.ком” сайтыг хаахаас эхлээд үзэл бодлоо илэрхийлсэн жиргээч нарт ч хариуцлага тооцдог тогтолцоог бий болгосон. Энэ үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Үүнээс болж манай улсын хэвлэлийн эрх чөлөө индекс ухарсан байдаг.
Гэх мэтчилэн дурдаад байвал сонгогчдын сэтгэлийг гонсойлгосон тэдний балаг их. Гэхдээ улс эх орныхоо төлөө хийсэн олон зүйлийг нь мартаж болохгүй. Харин одоо тэднийг биш МАН-ыг ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллахыг нь харах л үлдлээ.