
УИХ-д өнөө жил хамгийн олон спортын төлөөлөл суух нь ээ. Шинэ парламентад сонгогдсон бөхчүүд бүгд аварга цолтой, монгол түмний хүндлэл хүлээсэн бөхчүүд гэдгээрээ онцлог. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар УИХ-д “зодоглоно”. УИХ-д сонгогдсон нь л тэд болохоос Олимпын аварга Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар гээд нэлээдгүй олон бөх оролцсон сонгууль байлаа.
1. МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

2. Монгол Улсын аварга Д.Сумъяабазар

3. Дархан аварга А.Сүхбат

Мөн нэг яруу найрагчтай, нэг МУГЖ-тэй УИХ бүрдэж байна. Мөн энэ жилийн сонгуулиар хамгийн олон төлөөлөлтэй аймгаар Увс аймаг шалгарсан аж. УИХ-ын 76 гишүүнээс Увс аймгийн харьяалалтай найман гишүүн байгаа бол Хөвсгөл, Архангай аймгаас тус бүр зургаан гишүүн байгаа юм байна. Тэгвэл өнөө жил мөн л эгч дүү хоёр нэг парламентад сууна гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, АН-аас Б.Наранхүү, МАН-аас Б.Саранчимэг нарын төрсөн эгч дүүс төр түшилцэхээр болов. Худ хоёр болох С.Бямбацогт, Д.Батцогт нар өрсөлдөж, ах дүү хоёр болох Ш.Батсамбуу, Ш.Сайхансамбуу нар нэг тойрогт өрсөлдсөн сонгууль боллоо. Мөн өнгөрсөн сонгуулиар бүлэг байгуулах хэмжээнд суудал авч байсан МАХН энэ удаа УИХ-д ганцхан төлөөлөлтэй болсон юм.