
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр 09.20 цагт ээлжит мэдээллээ хийж, УИХ-ын сонгуулийн 76 тойргийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Энэ жил сонгогчдын ирц маш сайн байж, 72.1 хувьд хүрснийг тус хорооны дарга Ч.Содномцэрэн цохон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, 1992 оноос хойш тасралтгүй уруудаж ирсэн ирц 25 жилийн түүхэндээ дахин сэргэсэн нь энэ.
УИХ-ын сонгуульд МАН сонгогчдын олонхын санал авсан нь уржигдар 00.30 цагийн байдлаар нэгэнт тодорхой болоод байв. Эцсийн дүн ч өөрчлөгдсөнгүй, МАН парламентад 65, АН ес, МАХН нэг суудал авч, Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшигч С.Жавхлан ганцаараа сонгогдов. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш нэг нам парламентад ийн үнэмлэхүй ялж буй юм. 2012-2016 оны УИХ-д нийт 11 эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол энэ удаа тэд 13-уулаа болж, түүхэндээ анх удаа хамгийн олон эмэгтэй түшээтэй парламент бүрдэх нь.
Мөн ялалт байгуулсан 39 хүн анх удаа УИХ-д нэр дэвшсэн бол 37 нь хоёр ба түүнээс олон удаа сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний тал нь шинэ хүн юм. МАН-ын лидерүүд болох Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёр энэ удаагийн сонгуульд ялснаар УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн олон буюу долоо дахиа сонгогдлоо. Ч.Содномцэрэн “Сонгуулийн урьдчилсан дүн мэдээг СЕХ-ны өнөөдрийн хуралд танилцуулж, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх түр үнэмлэх, олгох эсэхийг шийднэ” гэсэн юм.