
УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардууллаа. Сонгуулийн ерөнхий хорооныхон ялагчдад тойргийн дарааллаар үнэмлэхийг нь гардуулсан ч 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсных уу МАН-ын дарга М.Энхболдод хамгийн түрүүнд түр үнэмлэхийг нь гардуулсан.
Ингээд түр үнэмлэх гардуулсны дараа СЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйл тодруулахад, “Сонгуультай холбоотой гомдол ирээгүй. Зарим газраас зөрчлийн шинжтэй гомдол ирснийг бид тухай бүрт нь шийдвэрлэн, хариу өгч ажилласан. Нэр дэвшигчид гомдолтой байгаа бол өргөдөл, нотлох баримтын хамт хуулийн байгууллагад хандах нь зүйтэй.
Баянхонгор аймагт нэр дэвшсэн Х.Баттулга гомдолтой гэдгээ илэрхийлсэн гэж байгаа ч одоогоор СЕХ-нд албан ёсоор хандаагүй байна” гэсэн юм. Түр үнэмлэх гардуулах ёслолын дараа СЕХ-ныхон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрийг өргөн мэдүүллээ.