
МАН Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний улмаас маргааш буюу энэ сарын 5-нд шинэ УИХ-ын гишүүд анхдугаар чуулганаа хийхээр болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор АН-ын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ " Маргааш шинэ парламентийг хуралдуулахад эрт байна. Учир нь манай намаас хуулийн байгууллагуудад сонгуулийг хууль бусаар зохион байгуулсан гэх дөрвөн үндэслэлээр хандсан байгаа. Үүнийг шалгаж тогтоосны дараа сонгогдсон гишүүд хуралдах нь зөв гэж үзэж байна. Нэгдүгээрт, МАН сонгуулийн пиар аа маш их төгрөгний санхүүжилтээр хийсэн. Энэ мөнгө хаанаас орж ирэв гэдгийг шалгах хүсэлтийг долоо хоногийн өмнө тавьсан боловч хуулийн байгууллага хойрго хандаж байна. Хоёрдугаарт, Бид Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт Сонгогчдын саналын хуудсын тоо, хар машинаас гарч ирсэн хуудастай зөрсөн зөрчил гарсныг илрүүлсэн. Тодруулбал хар машинаас 234 хүний илүү санал гарч ирсэн. Яаж хар машинд сонгогчдынхоос илүү хуудас хийсэн бэ? Нэг сонгуулийн штабын дүнг шалгахад ийм их хүний санал зөрчилтэй гарч байхад бүгдийг нь шалгавал ямар байх бол. Гуравт, Зарим аймгуудад сонгуулийн өдөр саналын хуудас дууссан. Уг нь саналын хуудсыг хувилж тарааж болохгүй байхаар хийсэн. Гэвч сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчин дутсан газруудад канондож өгсөн. Дөрөвт, энэ сонгуулиар нийт 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн судалгаа байна. Хуулиар сонгуулийн өдрөөс 30 хоногийн өмнө шилжилт хийлгэх ёстой боловч энэ удаа долоо хоногийн өмнө шилжсэн байгаа юм. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн гэж үзэж байна" гэлээ.
Түүнчлэн энэ сарын 29 хүртэл УИХ-ын чуулганыг хойшлуулж болно. Хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Тиймээс хуралдах гэж яаралгүй сонгууль шударга болсон гэдгийг баталсны дараа хуралдах хэрэгтэй гэсэн юм.