
АН-ын дарга З.Энхболд сонгуулиар зарим хууль бус үйлдэл гарсныг хуулийн байгууллагууд шалгаж, үнэнийг нь тогтоох хүртэл УИХ-ын шинэ чуулганыг хойшлуулахыг шаардсан. Тэгвэл дөнгөж сая тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хамт мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Сонгууль шударга бус болсон. Олон тойрогт хууль бус үйлдэл гаргасан учраас энэ сонгуулиар МАН 65 суудал авсан. МАН луйвардаж болно гэхдээ хэмжээ хязгаартай луйвардах хэрэгтэй байлаа. Манай намын нэр хүнд унасан байж болно. Гэхдээ УИХ-д ганцхан суудал авахдаа хүрээгүй гэдгийг хэлмээр байна. МАН сонгуулийг будлиантуулж маш их хэмжээний мөнгөөр хийсэн гэдгийг батлах олон баримт бий. Тэр их мөнгийг хаанаас олов гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй. Харин үүний дараа шинэ парламент хуралдах ёстой. Тиймээс АН-ын дарга З.Энхболд болон намын гишүүд, төлөөлөгч нартай Ерөнхийлөгчид чуулганыг хойшлуулах шаардалага хүргүүлэхээр одоо орох гэж байна" гэв.
З.Энхболд: Сонгуулийг луйвардсан жишээг баримттай харуулахаар та бүхэнд мэдээлэл хийж байна. Дархан-Уул аймгийн иргэн Дугармаа гэдэг хүн өөрийн хаягаас гадна олон газар очиж сонгуулийн санал өгсөн байгааг олж тогтоосон. Өчигдөр царцааны нүүдлийн тухай мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр нэг царцаа олон газар очиж санал өгснийг харуулах баримт байна. Тиймээс 11 цагт товлосон чуулганыг хойшлуулж, эхлээд сонгуулийн маргаантай асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхийлөгчөөс хүсэж байгаа юм" гэлээ