
Ард олны итгэл хүлээж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын удирдлагууд өчигдөр хуралдаж Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн сайд нарынхаа нэрсийг тодорхой болгосон. Шинэ засаг 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллана. 16 сайдын 8 нь УИХ-ын гишүүн болон сайдын ажлыг давхар хашдаг буюу "давхар дээлтэй" байх бол 8 нь "дан дээлтэй" аж. Энэ удаагийн Засгийн газрын бүтцэд салбар салбарын манлайлагчид багтсан байгааг дуулгах нь зүйн хэрэг. Тодотгож хэлбэл, зөвхөн улстөрийн томилгоо бус салбартаа туршлага хуримтлуулсан мэдлэг боловсрол бүхий хүмүүсийн нэрс байгаа нь сайшаалтай. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх сайд нар болон байнгын хороодын дарга нарыг эцэслэн батлана. Шинэ сайд нар өмнө нь хэн байв гэдгийг багцлан хүргэж байна
1.Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

Тэрбээр улс төрд шинэ хүн биш юм. У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14 нд нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр нийслэлийн Хоёрдугаар сургуулийг дүүргэснийхээ дараа гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд дөчин мянгатын унаган хүү гэнэ. 1989 онд Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлж байсан аж. Үүнийхээ дараа МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтнаар ажилласан бөгөөд МУИС-ын Хууль зүйн сургуулийг дүүргэжээ. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх Залуучууд хөгжлийн төвийн захирал байсан. Харин тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдхоосоо өмнө МАН-ын генсекийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Өмнөх сонгуулиар У.Хүрэлсүх ялалт байгуулж УИХ дахь МАН-ын сөрөг хүчин болж чадсан хэдий ч өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Харин АН-ын Засгийн газар байгуулахад найман сарын турш Шадар сайдын албыг хашсан туршлагатай нэгэн.
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат

Улс төр судлаач мэргэжилтэй, яруу найрагч Ж.Мөнхбат 1979 онд төрсөн Архангай аймгийн унаган хүү. Тэрбээр 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч, 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011 оны 6 сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр, 2012 оны 10 сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Үүгээр дуусахгүй тэрбээр "Болор цом" наадмын тэргүүн байр, нийтэд түгсэн нэг бус дууны үг бичүүлсэн бөгөөд өөрийн яруу найогийн номоо хүртэл хэвлүүлээд амжсан сүйхээтэй эр.Тэрбээр УИХ дахь давхар дээлийг байж боломгүй зүйл хэмээн гишүүн болохоосоо өмнө уриалдаг байсан хэдий ч өөрөө давхар дээл нөмрөөд авчээ. Уг нь МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийг нэг яах аргагүй мөн юм.
3. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхорол

Эрх зүйч мэргэжилтэй Д.Оюунхорол Завхан аймагт 1963 онд төржээ. Тэрбээр 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. 2012 оны УИХ-ын зургаа дахь сонгуулиар тэрбээр дахин сонгогдож УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, 2014 оны 12 дугаар сараас эхлэн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай улс төрч.
4. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил

Тэрбээр 1964 онд Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төржээ. Нийслэлийн 23 дугаар сургуулийг 1982 онд төгссөн. Москвад Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Харвардын их сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн. Орос, англи, франц хэлтэй МАН-ын шилдэг боловсон хүчнүүдийн нэг юм. Улс төр судлаачид түүнийг Хууль зүйн яамыг удирдах болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байсан хэдий ч Гадаад харилцааны сайд болгожээ. Учир нь тэрбээр гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлж, Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар дөрвөн жил томилогдон ажилласан бөгөөд 2004 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байв. Тэр 12 жилийн дараа дахин хуучин албан тушаалдаа эргэн очлоо.
5. Сангийн яамны сайд Б.Чойжилсүрэн

Тэрбээр Увс аймгийн Улаангом сумын унаган хүү. Автоматикч телемеханикч мэргэжилтэй гэнэ. Тэрбээр хэн нэгний удирдлага дор ажиллаж үзээгүй гэдгээрээ ихэд бахархдаг аж. Оюутан байхаасаа ОХУ-д Монгол -Оросын хамтарсан компаниаа бүртгүүлж захирлаар нь ажиллаж эхэлсэн түүхтэй. Харин 1995 онд "Хурд" компаниа байгуулж авто машины дугуй борлуулж эхэлсэн аж. Тэрбээр 1997 онд МАХН-д элсэн орсноор түүний улс төрийн амьдрал эхэлнэ. 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалд байхдаа "Тавантолгой"-н хувьцаа эзэмшигч болж, шинээр зургаан компани үүсгэн байгуулсан байдаг учраас түүнийг хардах хүмүүс олон.
6. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогт

С.Бямбацогт 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1998-2000 онд “ Ховдын өргөө” ХХК-ний ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогрес” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улмаар 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. С.Бямбацогт 2016 онд УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг тун чадварлаг хийсэн гэж үнэлэгдэж байгаа.
7. Хөдөлмөр хамгаалын сайд Н.Номтойбаяр

Н.Номтойбаяр Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжилтэй. Тэрбээр 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд “Монголын Алт” ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв* ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд “Монголын Алт”ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж ирсэн. Мөн тэрээр 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр энэ салбарт багагүй туршлагатай нэгэн аж. Түүнийг "Монгол алт МАК" компанийн захирал, Монголын толгой баячуудын нэг Н.Нямтайширын хүү гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг бөгөөд олон удаа аавынхаа чихийг халууцуулсан сахилгагүй улс төрч. Н.Номтойбаяр 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
8. Батлан хамгаалахын яамны сайд Б.Бат-Эрдэнэ
.jpg)
Хэнтий аймгаас УИХ-д сонгогдон орж ирсэн Б.Бат-Эрдэнэ 1982 онд 10 жилийн сургуулиа төгсч 1990 онд Цэргийн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүнийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж буй учраас МАН сайдын суудалд суулгаж буй хэмээн таамаглах хүн цөөнгүй байна.
9. Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь
.jpg)
Ж.Батсуурь 1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль,1983 онд Братислава хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Барилгын инженер- эдийн засагч мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Тэрбээр 1983-1987 онд Политехникийн Дээд Сургуульд, 1987-1988 онд Техникийн Их Сургуульд багш, 1988-1990 онд Техникийн Их Сургуульд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990-1994 онд Техникийн Их Сургуулийн МТС сургуульд дэд захирал, 1994-1998 онд Чех улсын Прага хотын ТИС-д докторант багш, 1998-2000 онд Улаанбаатар хотын *Ус орчин* ХК-ий гүйцэтгэх захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргын албыг тус тус хашиж байв. 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Харин энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй ч сайд боллоо. Түүнийг Б.Дэлгэрсайханд тойргоо бэлэглэж, сайдын суудалд тухлах эрх олж авсан гэж олон нийтийн сүлжээгээр багагүй шуугисан юм.
10. Зам тээврийн сайд Д.Ганбат

“МТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал. “Монголын төмөр зам” ТӨХК анх 2008 онд байгуулагдсан уг компанийн үе үеийн удирдлагууд салбарын сайд, Засгийн газрын үгнээс нэг их зөрдөггүй байсан гэх. Харин “МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат Засгийн газрын хууль бус шийдвэрийг дэмжихгүй гэдгээ Монгол Улсын сайд М.Энхсайханд албан бичгээр хүргүүлж байсан удаатай. Нэг үгээр өөрийн салбартаа үнэнч нэгэн хэмээн салбарынхан нь өндрөөр үнэлдэг гэнэ. Тэгвэл түүнийг МАН-ынхан Зам тээврийн сайдаараа томилсон байна.
11. Уул уурхайн сайд Ц.Дашдорж

Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1990-1993 онд *Газрын тос* ХХКомпанид Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Орос англи хэлтэй. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан туршлагатай улс төрчдийн нэг. Мөн тэрбээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшээгүй ч сайдын сэнтийд намынхан нь заллаа.
12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгө үйлдвэрийн сайд Ц.Анандбазар

2008 онд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшин Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдон ажиллаж байсан. Н.Энхбаярыг Соёлын сайд байхад Ц.Анандбазар туслах нь байв. УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр эрх баригч хүчинд ихээхэн хандив өргөж байсан гэх. “СОД Монгол” группийн үүсгэн байгуулагч. “Петровис” компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа шатахуун түгээх “Сод Монгол” компаниа байгуулсан. Хэд хэдэн компани, тэр дундаа Ялалт кино театрыг хувьчилж авсан нь дуулиан дагуулдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр баривчлагдаж тухай үедээ дуулиан дэгдээж байжээ. Намын нөхөд нь энэ удаа түүнд маш том итгэл хүлээлгэж сайдын албан тушаалд нэрийг нь оруулжээ.
13.Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл

ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль төгсч эрчим хүчний инженерийн мэргэжил эзэмшсэн. Гуравдугаар цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлсэн. Мөн мэргэжлийнхээ чиглэлээр хувийн хэвшилд ажиллаж байсан бөгөөд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүний албыг хашиж байсан. Салбарын бодлого, үйл ажиллагааны талаар арвин мэдлэгтэй гэгддэг нэгэн. Энэ салбарт туршлагатайг нь үнэлж намын нөхөд нь түүнийг мэргэжлийнх нь сайд болгожээ.
14. Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон

Ерөнхий сайд асан С.Баяртай нэр холбогдон олныг шуугиулж байсан Ж.Цолмон улстөрийн карьертаа түр завсарлага аваад байсан. Тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орж сайдын суудалд намыхан нь урьжээ. Ж.Цолмон 1992 онд Москвагийн Стоматологийн Их Сургуулийг төгссөн. 1995 онд МУИС-ын Гадаад харилцааны сургууль, 1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургуулийг магистрийн зэргээр, 1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр, 1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд докторын зэргээр тус тус төгссөн. Мөн тэрбээр Ж.Цолмон 1995 онд АУИС-ийн Нүүр Ам Судлалын Тэнхимд багш, эрдэм шинжилгээний ажилтан , 1999 -2007 Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд Гадаад харилцаа, гадаад төслийн ерөнхий зохицуулагч, 2005 оноос Орто-Дент сургалт судалгаа Эмчилгээ Оношлогооны төвийн захиралаар ажиллаж байсан энэ салбартаа нэлээд туршлагатай нэгэн аж. “Нүүдэлчид ба бэлчээр ашиглалт” 2000 он, Бэлчээр хувьчлал: “Унгар, Норвегитэй харьцуулсан нь” 2002 он, “Монгол дангаараа соёл иргэншил мөн үү” 2004 он Шүдний багаж барих аргыг тооны хэллэгт шилжүүлсэн нь” 1995 он, “Эрүү нүүрний гажиг засал” –ын сурах бичиг, 2007 он зэрэг арав гаруй ном, товхимол гаргажээ. Орос англи хэлтэй.