
Гадаад өр 23 тэрбум ам.доллар
Төсвийн алдагдал хоёр тэрбум ам.доллар
Гадаад худалдааны алдагдал 160 сая ам.доллар
Эдийн засгийн өсөлт нэг хувь.
Энэ бол манай эдийн засгийн дүр төрх. Дөнгөж ганц хувь дээр дэнжигнэж буй эдийн засгийн өсөлт сөрөг утгаар солигдоход ойрхон байна. Шаварт унасан эдийн засгаа улам гүн шигдэхээс өмнө яаж татаж гаргах вэ. Үнэндээ бидэнд тийм хүч тамир алга. Тиймээс олон улсын байгууллагуудын тусламжид найдахаас өөр аргагүй боллоо гэж зарим эдийн засагч хэлж байна.
Тухайлбал, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь шавраас “шар”-аа татаж гаргахад дугтрах хүч болно гэж буй юм.
Энэ хөтөлбөрийг олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ОУВС хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь доголдож эхэлсэн улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлж, цус сэлбэдэг. Гэхдээ “Стэнд бай” авсан улс болгоны эдийн засаг сэргэдэггүй. Тухайлбал, Грек 2008 оноос хойш ОУВС зэрэг хамтын нийгэмлэгийн байгууллагуудтай найман жилийн турш “зууралдаж” буй ч бахь байдгаараа л.
Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын эдийн засаг дөрөвний нэгээр агшиж, ажилгүйдлийн түвшин нь 25 хувийг давав. Европын холбоо болон ОУВС зэрэг олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг элсэнд ус асгасан юм шиг л үр дүнгүй болсны учир нь энэ мөнгө дотоод эдийн засагт бус, гадаад өрийг нь дарахад зарцуулагдаж байсантай холбоотой гэж шинжээч дүгнэсэн байдаг.
Манай улсын хувьд ОУВС-тай хоёр удаа хэлцэл хийж, “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж байв. Тухайлбал, шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 оны аравдугаар сард эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах зорилгоор 13.7 сая ам.доллар авч ашиглаж байжээ. Үүний дараа 2009 онд 300 орчим сая ам.долларын хэлцэл мөн хийсэн. Зарим эдийн засагч 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралыг богино хугацаанд гэтэлсэн хэмээн дүгнэдэг боловч хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг талаар дорвитой судалгаа, дүн шинжилгээ гараагүй юм. Мөн тухайн үед манай экспортын гол нэрийн түүхий эд болох зэсийн үнэ огцом хямдарсан ч үүнийг орлон нүүрс моодонд орсноор эдийн засагт дусал залгасантай адил цаг алдалгүй нөлөө үзүүлсэн гэж зарим эдийн засагч дүгнэдэг. Тэгвэл эдийн засагч Н.Энхбаяр “2009 онд түүхий эдийн үнэ өссөнөөр эдийн засаг сэргэсэн гэдэгтэй санал нийлэхгүй.
Үнийн өсөлтийн нөлөө богино хугацаанд илэрдэггүй. Үнэ нэмэгдсэнээр экспортын орлого нэмэгдэх, төсвийн орлого тэлэх, улмаар төсвийн тэнцэл сайжрах хүртэл нэлээд хугацаа шаардана. Тиймээс УИХ, Засгийн газар олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг тогтворжсон” гэлээ. Мөн тухайн үед ОУВС-гийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Стивэн Барнэтт “Монгол Улсын эдийн засаг саяхан нүүрлэсэн хямралыг гайхалтай хурдан давж чадлаа. Эрх баригчид нь макро эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж, зэсийн үнэ сэргэсэн, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж цагаа олсон зэрэг нь энэхүү амжилтад нөлөөллөө” хэмээн дүгнэсэн байдаг.
Ямартай ч, манай улс ОУВС-тай гурав дахь удаагаа “найзлах” нь бараг л тодорхой болж байх шиг. Учир нь олон эдийн засагч үүнээс өөр гарц харагдахгүй байгааг хэлж буй юм.
“Стэнд бай” хөтөлбөр нь тухайн оронд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ, гадаад зээлээ төлөх чадвар, эдийн засгийн болон төсвийн чадавх зэргээс хамааран хэд хэдэн ангилалтай байдаг. Ингээд хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд ОУВС-тай тохиролцож, төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын тоог цөөлөх гэх мэт зарим хатуу нөхцөлийг нь хүлээн авахаас аргагүйд хүрдэг.
Зарим шинжээч “Стэнд бай” бол эдийн засгийг борцлох хөтөлбөр ч гэж дүгнэх нь бий. Тиймээс энэ хөтөлбөрийг авсан тохиолдолд бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний бодлогоо чангатгах, төсвөө илүү танах, орон тоо цомхтгох шаардлагатай болно. Энэ нь ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн болоод тэдний ажиллагсдад хүндхэн тусах нь гарцаагүй юм. Уг нь хямралын үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа борцлох бус аль болох тэлэх бодлого хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөдөг.
Монголбанк энэ сард бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөж, мөнгөний хатуу бодлого руу шилжив. Сангийн яам төсвийн алдагдал дөрвөн их наяд төгрөг давсныг зарлаж, Засгийн газар зарим татварын хувь хэмжээг өсгөх, төрийн зарим албан хаагчийн цалин, урамшууллыг танах болсноо мэдэгдэв. Үүнийг “Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрийн хөрсийг бэлдэж байна” гэж зарим хүн шүүмжилж буй юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Б.Эрдэнэбат “Засгийн газар хөтөлбөрийн урьдчилгаа болгож бодлогын ийм сонголт хийж байгаа бол буруу замаар явж байна. Харин ч нээлттэй байж, дотоодынхоо шинжээчдийн үгийг сонсож, тооцоо судалгаагаа хэлэлцэх ёстой” гэв.
Доктор Б.Эрдэнэбат “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв, буруу гэх нь утгагүй. Харин өөр ямар гарц байна вэ, хэрэгжүүлбэл бид ямар нөхцөл тавих вэ гэдэг нь чухал. ОУВС олон улсад хэний эрх ашгийг төлөөлж байна вэ гэдэг талаар маргаан өрнөдөг. Тиймээс энэ байгууллагатай хамтран, “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүллээ гэж бодоход Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Мөн тэдний шаардлагыг шууд хүлээн авах бус нөхцөл байдлаа сайтар ойлгуулж, эдийн засгийнхаа хөрсөнд буулгах хэрэгтэй” хэмээн ярив.
ОУВС-гийн уг хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн хүндрэлээс хурдан ангижрах боломжтой боловч урт хугацаанд сөрөг үр дагавар гарсан тохиолдол бий. Тухайлбал, энэ хөтөлбөрийг ойр ойрхон хэрэгжүүлснээр эдийн засгийн бодлогоо өөрсдөө тодорхойлон, хэрэгжүүлэх боломжгүй болж, бусдын гар харахад хүрэх эрсдэлтэй гэнэ. Мөн хууль хэрэгжүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоо нь ч сулардаг гэсэн дүгнэлтийг зарим шинжээч хийжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь хямарч, өр зээл нь нэмэгдвэл олон улсын байгууллагуудын тусламжид дулдуйдах муу зан сурдаг байна.
Нөгөө талаас уг хөтөлбөр эдийн засагт амь тариа болсон жишээ олон. Тухайлбал, Серби улсын төсвийн алдагдал болон гадаад өрийн хэмжээ нь 2014 оны сүүлчээс ихээхэн тэлж, эдийн засаг нь хүндэрсний улмаас өнгөрсөн оны нэгдүгээр сард ОУВС-д хандсан байдаг. Ингээд тус байгууллага Сербид 1.2 тэрбум ам.долларын зээл олгож, төсвийн алдагдлыг бууруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадвараа сайжруулах үндсэн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн аж.
Энэ оны нэгдүгээр сард Сербид ажилласан ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нааштай үр дүн гарч буй талаар тэмдэглэжээ. Тухайлбал, 2014 онд тус улсын эдийн засаг 1.4 хувиар унасан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.6 хувиар өсчээ. Мөн төсвийн алдагдал нь жилийн хугацаанд ДНБ-ий 6.3 хувиас 2.9 болж буурсан аж. Түүнчлэн экспорт нь ч 10 гаруй хувиар өсчээ.
“Стэнд бай” улс орнуудад хэрэгжсэн талаарх эерэг, сөрөг жишээ энэ мэтчилэн олон. Ямартай ч “Стэнд бай” манай эдийн засагт тулгарсан асуудлыг өргөс авах мэт амархан шийдвэрлэхгүй. Тиймээс хамгийн гол нь хөтөлбөрийн хэлцлийг хийхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөртэйгөө уях, манай нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг сайтар судлах гэх мэтээр шалгалтаас өмнө гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй аж.