
Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ илэрхийлж, хэлэлцээр эхлүүлсэн. ОУВС-гийн төлөөлөгчдийн эхний хэсэг Монголд ирсэн тухай зарим хэвлэлд мэдээлжээ. Энэ талаар тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас тодруулахад “Монгол Улсад “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ОУВС-гийн төлөөлөгчид ирээгүй” гэв.
ОУВС-гийн албан ёсны уулзалт хийх мэргэжилтнүүд хоёрдугаар сарын эхээр Монголд ирнэ гэж товлосон талаар өөр эх сурвалж дуулгалаа. Уг уулзалтаас өмнө буюу одоогоор Монголбанкинд мөнгөний бодлогыг сайжруулах чиглэлээр ОУВС-гийн Ажлын хэсэг ажиллаж буй бололтой.
Дашрамд дурдахад, ОУВС-гийн багийнхан Монгол Улсад өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд ирнэ гэж мэдээлж байсан ч өмнөх долоо хоногт болж өөрчлөгдсөн тухай мэдээлэл цацагдсан билээ. Сангийн яамнаас ОУВС манай улсад ямар хөтөлбөр хэрэгжүүлэх, хэдий хэмжээний зээл өгөх нь удахгүй тодорхой болно гэж өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр мэдээлж байсан ч талууд шийдэлд хүрээгүй хэвээр байна.