
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, бодлогын хүүг хэвээр нь үлдээх шийдвэр гаргав. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 2.1, нийслэлд 1.4 хувьд хүрлээ. Инфляц цаашид алгуур өсөх ч, зорилтот түвшин болох долоон хувьд хүрэхээргүй байгаа аж.
Хөгжлийн банкны үнэт цаасны төлбөрийг Засгийн газраас шинээр гаргасан “Хуралдай” бондоор сольж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан. Ингэснээр гадаад төлбөрийн дарамт богино хугацаанд багассан гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзсэн байна.
Харин төсвийн болон гадаад секторын тодорхойгүй байдал хэвээр үргэлжилж буй бөгөөд УИХ-аар энэ оны төсвийн тодотголыг баталж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэжээ. Монголбанкны бодлогын хүү нь одоогоор 14 хувь байгаа юм.