
Туркийн хотуудын гудамж бүрийг Ерөнхийлөгч Эрдоан, Ерөнхий сайд Бинали Йылдырым нарын зурагтай, “Evet” (“Төлөө”) гэсэн үгтэй ухуулах хуудас, туг далбаагаар чимжээ
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлаар өнгөрсөн ням гаригт Туркэд бүх нийтийн санал хураалт болж, 1923 онд БНУ үүсэн бий болсноос хойших хамгийн том өөрчлөлтийг ард түмэн нь дэмжлээ. Ийнхүү засаглалын хэлбэрээ Парламентынхаас Ерөнхийлөгчийнх болгосноор тэртэй тэргүй улс орноо ганцаар захирч байсан Режеп Тайип Эрдоан 2029 он хүртэл хязгааргүй эрх мэдэлтэй болох нь тэр. Үүнийг эсэргүүцэгчид Турк улс эцэс төгсгөлгүй лалжиж, ганцаар захирах тогтолцоо руу гулсан орлоо гэцгээж байна.
Туркэд одоо ямар өөрчлөлт бий болох вэ? Тус улс юуны түрүүнд Ерөнхий сайдгүй болж, төр, засгийн бүх эрх Режеп Эрдоаны гарт төвлөрч, тэрбээр Засгийн газраа эмхлэн байгуулж, Парламентаа тараана. Түүнчлэн Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч болж, хориг тавина. Улс орноо удирдахад нь түүнд Дэд Ерөнхийлөгч нар нь тусална, тэднийг Эрдоан өөрөө томилох юм. Дэг журам өөрчлөгдөж, онцгой дэглэмийг гурваас зургаан сар хүртэл хугацаагаар тогтоох эрхийг Ерөнхийлөгч эдэлнэ.
Өөрчлөлтөд Межлис (Парламент) мөн өртөж, Туркийн хүн ам үсрэнгүй өсөж байна хэмээн тайлбарлаад депутатын тоог 550-600 болгож нэмэгдүүлэх аж. Итгэл үзүүлэх эсэх асуудлыг тэдний гуравны хоёрын дэмжлэгээр шийддэг болно. Асуудал Үндсэн хуулийн цэцэд хүрлээ гэхэд 15 гишүүнийх нь 12-ыг Ерөнхийлөгч томилох юм чинь түүнийг огцруулах нь юу л бол.
Туркийг Ерөнхийлөгчийн БНУ болгохыг Эрдоан эртнээс хүсэж ирсэн. Төрийн эргэлт хийх гэсэн 2016 оны долдугаар сарын бүтэлгүй оролдлого энэ санаархлаа хэрэгжүүлэхэд нь сайхан далим болсон юм. Засаглалын шинэ тогтолцоонд шилжих нь Туркэд ашигтай гэж эрх баригч намын нөхдүүд иргэдээ сайн мунхрууллаа.
Ерөнхийлөгч нь хэр удаан хугацаанд улс орноо захирах бол?
Нэг хүн өндөр дээд албыг таван жилээр хоёр удаа л хаших боломжтой байдаг бол Эрдоаны хувьд 2029 он хүртэл Ерөнхийлөгчийн сэнтийд залрахад нь энэ албан тушаалд ажиллаад одоо хэдэн жил болж буй нь саад болохгүй. Өнгөрсөн хугацааг тооцохгүй, Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2029 онд болно. Хэрэв саяны санал хураалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Туркийн ард түмний олонх нь дэмжээгүй бол Эрдоан хийгээд эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын нэр хүндэд хүчтэй цохилт болох байлаа.
Туркийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол өөрчлөлт тодорхой бус хугацаагаар хойшилж, Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар яриа хөөрөө өрнөх байжээ. Энэ талаар Эрдоан болон үндэсний үзэлтнүүдийн удирдагч Девлет Бахчели нар ярьж байсан аж. Улс төр судлаач Серкан Демирташийн үзэж байснаар Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийсэн бол удирдагчид нь одоо торны цаана байгаа курдийн Ард түмнүүдийн ардчиллын нам 10 хувийн босгыг арай гэж давах байсан болов уу. Ийм байдлаар энэ намын бүх 59 суудлыг Шударга ёс, хөгжлийн намын депутатууд авч, төлөвлөж байсан өөрчлөлтийг Парламентаар хийлгэх боломжтой болж мэдэх байв.
Олон улсын асуудлаарх Оросын зөвлөлийн ерөнхий захирал Андрей Кортунов туркчүүдийн олонх нь эсрэг санал өгөх магадлал бага гэж үзэж байжээ. “Улс төрийн хяналтын одоогийн түвшин, сөрөг хүчний намууд хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд тавьж буй цензур, хязгаарлалтыг бодолцвол ийм шийдвэр гаргах боломж тун хомс.
Төлөвлөж буй өөрчлөлтөө Туркийн ард түмнээр дэмжүүлэхийн тулд бүх хүчээ хаялаа. Санал хураалтаар ялагдал хүлээнэ гэдэг удирдагч нь ялагдсан гэсэн үг болдог. Өнгөрсөн онд Итали, Их Британид ийм явдал тохиолдож Ерөнхий сайд Маттео Ренци, Дэвид Кэмерон нар огцорсон. Туркэд мөн ингэх боломжтой гэж би хэлж чадахгүй” гэж энэ шинжээч үзэж байсан аж.
Орчин үеийн Туркийн судалгааны төвийн улс төрийн удирдагч Юрий Мавашев Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчид олонх болсон байлаа ч улсаа Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийнхөд шилжүүлэх аж лаа Эрдоан үргэлжлүүлэх байсан гэсэн байр суурьтай байжээ. “Тэрбээр одоо ч улсаа ганцаар захирч, Үндсэн хуулийг хайхрахгүй явж ирсэн” гэж энэ турк судлаач хэлж байна.
Санал хураалтын өмнөх сурталчилгааны туршид өөрчлөлт хийхийг дэмжигч хийгээд эсэргүүцэгчдийн зөрүү тун бага, 2-4 хувийн хооронд хэлбэлзэж байв. Нэгдүгээр сард өөрчлөлтийг дэмжигчид нь арай жин дарж байсан бол хоёрдугаар сар болоход эсэргүүцэгчид нь олонх болох янзтай байжээ. Оролцогчдын 52 хувь нь Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжих төлөвтэй байна хэмээн олон нийтийн санаа бодлыг судлах Туркийн томоохон төв болох ANAR санал хураахаас нэг долоо хоногийн өмнө мэдээлж байсан аж.

Улсаа иргэний болон шашны замаар хөгжүүлэх чиглэл баримтлагчдын хооронд БНТУ бий болсон цагаас л санал зөрөлдөөн байсан, энэ талцал санал хураахын өмнө улам гүнзгийрнэ гэдэгт мөнөөх Кортунов эргэлзэхгүй байжээ. “Тэгэхдээ туйлшрал зөвхөн энэ зарчим дээр тулгуурлаж байгаагүй. Сөрөг үзэлт номлогч Фетхуллах Гюлен мөн хөгжлийн шашны чиглэлийн загварыг дэмждэг байсан нь Эрдоан түүнтэй муудалцаж, Туркийн ард түмний гол дайсан гэж үзэхэд нь саад болоогүй.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжигчид олонх болсон тохиолдолд Туркийн сэхээтний үлэмж хэсэг нь гадаадад гарч магадгүй. Ийм нөхцөлд лалынхантай тоглох нь аюултай болохыг Эрдоан санах болно. Энэ хүн улс орноо лалжуулах замаар явж буй ч түүнийг хэтэрхий алгуур байна гэх юм уу, зохих ёсоор хийхгүй байна гэж зэмлэх хүн хэзээ ч олдоно” гэж энэ шинжээч тайлбарлаж байлаа.
Туркийн эрх баригчид удирдагчдыг нь шоронд хийснээс хойш Ард түмнүүдийн ардчиллын намын депутатууд сэхэл аваагүй байсан болохоор сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг санал өгөхийг сонгогчдод идэвхтэй ухуулж чадсангүй. Тус намын олон мянган гишүүнийг ялангуяа зүүн болон зүүн өмнөд нутагт Туркэд үйл ажиллагааг нь хориглосон Курдистаны ажилчны намтай хэлхээ холбоотой байсан хэмээн буруутгаж шоронд хорьсон байлаа.
“Алан хядах ажиллагааг дэмжлээ хэмээн дараа нь буруутгахаас эмээн Туркийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Ард түмнүүдийн ардчиллын намынхныг үгээ хэлэх боломж олгохгүй байсан” гэж сэтгүүлч Мурат Йеткин тэмдэглэсэн байна. Туркийн телевизүүд, түүний дотор TRT Ерөнхийлөгчийн БНУ болгохын эсрэг санал өгөхийг уриалсан цуглааны талаар олон түмний сонор, мэлмийд олигтой хүргэсэнгүй гэж сөрөг хүчний хоёр дахь улс төрийн хүчин-Ардын БНН-ын тэргүүн Кемаль Кылычдароглу нэг бус удаа гомдоллож байлаа.
“Hurriyet Daily news” сонинд бичсэнээс үзвэл энэ сарын 7-нд Кылычдароглу телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож хөтлөгчийн асуултад хариулах ёстой байтал Эрдоаны оролцсон цуглааныг дамжуулаад ийм боломжийг товлосон хугацаанаас хагас цагийн дараа л олгосон аж. “Туркийн хотуудын гудамж бүрийг Ерөнхийлөгч Эрдоан, Ерөнхий сайд Бинали Йылдырым нарын зурагтай, “Evet” (“Төлөө”) гэсэн үгтэй ухуулах хуудас, туг далбаагаар чимсэн хэрнээ “Hayir” (“Эсрэг”) гэсэн үгтэй цөөн хуудсыг хэн нэг нь хуулан авч байлаа” гэж хэвлэлд бичиж байв.
“Төлөө” нь эрх баригч Шударга ёс, хөгжлийн намынхан, түүнчлэн хэт барууны Үндэсний хөдөлгөөний намын удирдагчдыг сурталчилж байжээ. “Энэ хөдөлгөөний тэргүүн Девлет Бахчелийг Эрдоаны гар хөл гэж сөрөг хүчин нэрлэх болсоор удаж буй” хэмээн Мавашев ярьсан байна. “Hurriyet daily news” сонинд тэмдэглэснээр бол Ерөнхийлөгчийн БНУ болгохын төлөө санал өгөхийг Туркийн иргэдэд ухуулахдаа Бахчелийн гаргасан хүчин чармайлт зарим талаар Эрдоаны дургүйг хүргэх хэмжээнд ч очсон байна.
“Бахчели ажил үйлсэд хор хохирол учруулж болзошгүй гэж Шударга ёс, хөгжлийн намынхан үзэж байна. Эрх баригч намын нөлөө хүчтэй байдаг Кайсери, Сакарвя, Конья хотод болсон цуглаан дээр тэр үг хэлэхийнхээ оронд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг санал өгөх магадлалтай Адана, Мерсин, Измирт очсон болоосой” гэж хэвлэлд бичиж байжээ. Эрдоаны гарт аль болох их эрх мэдэл төвлөрч, Турк ус ганц хүний захиргаа руу гулсах нь хэмээн одоо Европын холбооны ихэнх улс болгоомжилж байна.
Европын ардчиллын үнэт зүйлсээс хөндийрлөө гэж Туркийн Ерөнхийлөгчийг шүүмжлэхэд эргэлзэх юун. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Турк дэх ардчилал тэргүүн зэргийн асуудал биш тул түүний засаг захиргаа Эрдоаныг зэмлэх нь юу л бол. “Америкийн чиг баримжаатай бодлого явуулах, НАТО-гийн өмнөд жигүүрийн тулгуур болох хүчтэй удирдагч Туркэд байх нь АНУ-д ашигтай. Туркийн ард түмэн өөрчлөлтийн төлөө санал өгвөл Эрдоаны гарын хүлээсийг тайлна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ гэдэг чинь түүний бодлогыг бүхэлд нь сайшаасан гэсэн үг. Эрдоан дэглэмээ чангаруулах эсвэл Европын холбоотой харилцахдаа үндэстнээ гэсэн бодлого явуулах гэх мэт дараачийн хүссэн алхмуудаа хийх шинэ эрх олж авна гэж Кортунов үзэж байна.