
Сангийн яамнаас өнөөдөр ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.
Хэвлэлийн хурлыг нээж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа “10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээд нааштай эерэг үр дүнгүүд гарлаа.
Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт 5 орчим хувьтай гарах төлөвтэй байна.
Хоёрдугаарт, валютын нөөц 3.0 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсад 1.146 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ.
Монгол Улсын экспорт анх удаа 6 тэрбум ам.долларыг давж, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.5 хувьд барина гэж тооцоолж байсан бол 6.5 хувь болж 3 пунктээр буурсан.
Намайг анх ажлаа авч байх үед төрийн сангийн дансны үлдэгдэл хасах баланстай байсан бол одоо 405 тэрбум төгрөг болсон байна. Түүнчлэн Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн байсан гэхмэтчилэн эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд нүдэн дээр ил гарч ирсэн. Монгол Улс бол жижиг эдийн засагтай орон. Иймд эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг энэхүү хөтөлбөр харуулж байна.
Үүгээр зогсохгүй ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АНУ, БНХАУ, Япон, Солонгос зэрэг орнуудын 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн.
ОУВС-гийн талаар хүмүүс сөрөг зүйл яриад байдаг. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр, валютын сантай тохирсон бодлого, Засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг онцолж хэлмээр байна. Иймд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлнэ” гэв.
Мөн тэрбээр эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарсан учир зарим шийдвэрийг цуцалсан хэмээн мэдэгдэв. Тухайлбал, Хүн амын орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байсныг эргүүлэн нэг шатлал руу шилжүүлсэн байна.
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб:
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн бидний төсөөлснөөс хамаагүй сайн байна. Үүний үндсэн шалтгаан нь түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ өндөр байгаатай шууд холбоотой. 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан энэхүү хөтөлбөр нь 55.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцтай. Үүний хүрээнд ОУВС бусад түншлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөрийн нааштай үр дүнг тоймлож хэлбэл, нэгдүгээрт, Монгол Улсын ойрын хугацаанд төлөгдөх ёстой байсан бондуудын өр төлөгдсөн. Хоёрдугаарт, гадаад валютын нөөц 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурсан. Энэ нааштай өөрчлөлтийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа нэмэгдэж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг ямар нэг эрсдэлд өртөх магадлал буурсан нь харагдлаа.
Эдгээр өөрчлөлт экспорттой шууд холбоотой ч Засгийн газрын зүгээс зөв бодлого авч хэрэгжүүлсний үр дүн юм гэдгийг онцолж хэлмээр байна. Гэсэн хэдий ч эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид энэ хэвээр хадгалагдана гэх баталгаа болж чадахгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Тухайлбал, экспортын эрэлт буурах, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдвэл эдинй засагт том цочрол өгч болзошгүй. Тиймээс Засгийн газар энэ эрсдэлүүдээ тооцоолж тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоо зөв удирдаж чадвал эдийн засагт тогтвортой эерэг үзүүлэлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.