Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг ил болгосон нь сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг татаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй энэ тухай мэдээллүүдийг нийслэлийн Прокурорын газраас хянаад “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ.
Улмаар тус газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Эрүүгийн хуулийн 22.1.1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тус газраас байнга хяналт тавина гэдгээ НПГ-аас мэдээлэв.
Г.Равжаа