
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр 73.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд хуримтлагдсан тул хуульд заасны дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцлов. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдэд хандаж, ээлжит бус чуулганаар гурван үндсэн чиглэлд анхаарч, хүчээ нэгтгэж ажиллахыг уриаллаа. Тухайлбал, парламентат ёсыг төлөвшүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, “УИХ-ын болон дэгийн тухай хуульд оруулсан, гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлэх нь энэ удаагийн чуулганы нэг онцлог” гэсэн юм.
Түүнчлэн парламент хариуцлагатай, сахилгатай байж, ард түмний засаглах эрхийг хангах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх цаг нэгэнт болсныг дурдаад, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг ханган, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэл хийх түүхэн боломж энэ УИХ-д байгааг онцлов.
Мөн парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатайг дурдахын зэрэгцээ хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харьцаж, Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн, хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллагатай болох асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан гэв.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Ашигт малтмалын тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох санал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох асуудлыг тус тус хэлэлцэхээр тогтсон билээ.
МАН: Алтны хууль бус наймаа, хар зах бий болох эрсдэл үүсчихээд байна
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Татварын багц хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн төслийг бүлгээр хэлэлцлээ. Уг төслийг Засгийн газраас өргөн бариад жил болох гэж байна. УИХ-д Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зарим асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ. Татварын багц хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, яаралтай батлах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг мөн дэмжихээр байр сууриа нэгтгэлээ. Уг төсөл батлагдсанаар алтны 2.5 хувийн татварыг 2023 он хүртэл сунгах юм. Өмнө нь уг асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд унасан. Харин өнөөдрийн хуралдаанаар дэмжлээ. Алт тушаалт, цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс уг төслийг дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад тэд хариулсан юм.
-“Алт тушаалт бага байна” гэж яриад байна. Хууль хяналтын байгууллага хяналтаа чангатгаж болдоггүй юм уу?
Я.Содбаатар: -Бидэнд юуны түрүүнд бүс нутагтаа алтны татвараа ойролцоо хувьтай байлгах шаардлага үүссэн. Алтны хууль бус наймаа, хар зах бий болох эрсдэл үүсчихээд байна. Монгол Улс 2006 онд 18, 2005 онд 20 тонн алт олборлож байсан бол 2014 оны үед Монголбанканд тушаах алтны хэмжээ буурсан. Алт бол эдийн засагт гол нөлөө үзүүлдэг ашигт малтмал гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс энэ ашигт малтмалаа Монголдоо авч үлдэх үүднээс татварын орчинд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Энэ хуулийг гаргахгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувийг нэмээд, үндсэндээ 9-10 хувийн татвартай болчихоод байна. Олон улсад хамгийн дээд тал нь зургаан хувийн татвартай. Тиймээс энэ асуудалд улсын эдийн засгаа бодож шийдвэр гаргах ёстой. Жилийн эцсийн дүнг харахад алт тушаалт 81 хувиар буурсан. Цаашлаад дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр барих, хууль эрх зүйн орчныг чангатгах шаардлага урган гарч байна.
-Хуулийн хэрэгжих хугацааг сунгавал алт цэвэршүүлэх үйлдвэрээ барьж амжих уу?
Я.Содбаатар: -Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, эсэхэд эцсийн шийдвэр гараагүй. Зөвхөн алт цэвэршүүлэх үйлдвэр барихын тулд хуулийн хэрэгжих хугацааг сунгах гээд байгаа юм биш. Өнөөгийн дотоодын эдийн засгийн нөхцөл, бусад орны алтны татварын орчинтой харьцуулан том зургаар нь салбарын хөгжил талаас нь харж байна.
-Томилгооны асуудалд МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
Д.Тогтохсүрэн: -Томилгоотой холбоотой гурван асуудлыг ойрын үед бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн байр сууриа илэрхийлнэ.
АН: Аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй татварын орчныг бүрдүүлэх ёстой
УИХ-ын ээлжит бус чуулган нээж байгаатай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй Татварын багц хуульд эерэг, сөрөг олон зүйл бий. Бид Татварын багц хуулийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааны хүнд нь хаана тусах вэ гэдэг асуудал чухал. Түүнчлэн олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр ач холбогдолтой, татварын бааз суурь яах вэ гээд ярилцах зүйл олон байгаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг маргааш (өнөөдөр) Сангийн яамны ажлын хэсгийг урьж, татварын хуулийн асуудлаар санал солилцоно. Татварын хуулийг улстөржүүлэх гэхээсээ илүү нийгэмд ач холбогдол өгөх талаас нь хандах болно.
Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхээс эрх баригчид өөрсдөө их бултсан. Хуулийн тодорхойгүй байдал үүссэнээс болж он гарснаас хойш алт тушаалт эрс буурсан. Энэ нь эдийн засаг, валютын нөөцөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Тиймээс уг хуулийг нэн даруй нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ асуудал хариуцсан эзэнгүй байгаад байж болохгүй.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараагийн багц асуудал нь хууль хяналтын зарим байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх тухай байна. Томилгооны тухайд АН-ын зүгээс хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Татварын багц хуулийг шинэчлэх шаардлага байгаа. 2012-2016 онд АН засгийн эрхэнд байхдаа Татварын багц хуулийн боловсруулалт, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн. Тухайн үеийн үндсэн концепц одоо хэлэлцэх гэж байгаа Татварын багц хуулийн төсөлд шингэсэн учир АН-ын бүлэг дэмжинэ. Уг хууль батлагдахад хоёр зүйл сайжирсан байх ёстой. Нэгдүгээрт, төсвийн орлогын тогтвортой байдал хангагдсан байх ёстой. Манай улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг зөвхөн татвараас бүрдүүлж байгаа. Тиймээс одоо төсвийн орлогыг бүрдүүлж байгаа татвар төлөгчдөдөө дарамт үзүүлэх биш, орлогын бааз суурийг өргөтгөх, илүү олон байгууллага татвар төлдөг болгох нь шударга юм. Улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа аж ахуйн нэгжүүддээ дарамт учруулахгүй татварын орчныг бүрдүүлэх нь энэ хуулийн зорилго гэж үзэж байгаа.
Энэ өнцгөөс нь Татварын багц хуулийн төсөлд оруулах хэд хэдэн санал байгаа. Аж ахуй эрхэлж л байгаа бол татвар төлөх ёстой гэсэн үндсэн зарчим байдаг. Тэгвэл Татварын багц хуульд уг зарчмыг гажуудуулсан заалт бий. Хэлэлцүүлгийн явцад үүнийг сайжруулахыг бид шаардах болно. Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийг хамаарал бүхий этгээдүүдээр нь төлүүлэх заалт орчихсон явна билээ. Гэтэл Компанийн тухай хууль, Иргэний хуулиар өөрт ногдож байгаа татварынхаа өр төлбөрийг өөрөө л төлж барагдуулах ёстой. Мөн татварын байцаагч аргачлалын зөрүү болон тодорхой шалтгааны улмаас төлөх ёстойгоос их хэмжээний татвар ногдуулсан тохиолдолд татвар төлөгч эрхээ хамгаалуулах эрхтэй. Гэтэл үндэслэлгүйгээр татвар ногдуулсан гэж татварын маргаан үүсгэвэл 10 хувийн дэнчин төлж байж маргаанаа шийдвэрлүүлэх эрх үүсэх хязгаарлалтыг төсөлд тусгасан. Энэ нь аж ахуйн нэгж эрхээ хамгаалуулж чадахгүй байдалд хүргэж болзошгүй” гэв.
Бэлтгэсэн: А.Амина