Баянхонгор аймагт зургадугаар сарын 19-28-нд болох Монголын хүүхдийн спортын VII наадамд уулын дугуйн төрлийг оруулахаар болжээ. Тус наадмыг орон нутагт анх удаа явуулах тул үүсэх ачааллаас шалтгаалан зөвхөн нэг нас, төрөл, зайн ангилалд дээрх уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Насны ангиллыг сонгохдоо оролцогч байгууллага, клуб, орон нутгийн багш, дасгалжуулагч нарын саналыг сонсох аж. Ташрамд дуулгахад, дугуйн спортынхон “Парис-2024” олимпын эрх авах тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд тус бүр 90 тамирчин хурд сорино. Эрхийг гурван шаттай олгох гэнэ. Эхнийх нь тухайн улсын чансаа юм байна. Ирэх аравдугаар сарын чансаагаар улс нь I-V байрт эрэмбэлэгдвэл тус бүр дөрвөн тамирчин оролцуулж болох нь. Тэгвэл VI-X байрт бичигдвэл гурав, 11-20-д жагсвал хоёр, 21-45-д багтвал нэг тамирчин оролцуулах эрхтэй.