Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан, “Монголын үнэн” сонины нэрэмжит “Жанжны мэргэн буудагч” буудлагын уламжлалт тэмцээн өнөөдөр Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд эхэлнэ. “Монголын үнэн” сониныг үүсгэн байгуулагч нь жанжин Д.Сүхбаатар билээ. 1976 оноос эхлэлтэй уг тэмцээн нь шигшээ багийн тамирчдад олон улс, тив, дэлхийн чансаа өндөр тэмцээний нэгэн сорилго болдог юм. Ташрамд дуулгахад, “Парис 2024” олимпын наадмын буудлагын тэмцээнд 340 мэргэн бууч (170 эрэгтэй, 170 эмэгтэй) онч сорино. Оролцох тамирчны тоо Токиогийн олимптой харьцуулахад 20-иор багасжээ.
Египетэд өнгөрсөн аравдугаар сард болсон буудлагын ДАШТ-ээс 32 эрх эздэдээ очсон байна. Эрх олгох дараагийн тэмцээн Азербайжаны Бакуд энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр болох ДАШТ. Тус тэмцээний олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт шалгарсан нь эрх өвөртөлнө. Мөн арваннэгдүгээр сард БНСУ-д болох Азийн АШТ-д эхний хоёр байрт жагссан буудагчид Парисыг зорих юм. Монголын тамирчдын хувьд ирэх жил зохион байгуулах Азийн АШТ эрх авах сүүлийн боломж байх нь.