Муай-тай боксын спортоор дэлхийн хамгийн томд тооцогддог олон улсын IFMA холбооны ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 8-нд болсон. Энэ тэмцээнд 103 орны 13-14 насны 1000 гаруй тамирчин оролцжээ. Найман өдөр үргэлжилсэн уг тэмцээнд Монголоос өсвөр насны гурван тамирчин багшийн хамт улсаа төлөөлөн өрсөлдсөн юм. Тэднээс нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч О.Үгчхашиха мөнгөн медаль хүртсэн байна. Түүнтэй тэмцээний талаар цөөн хором ярилцлаа.
-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна?
-Би кикбокс, муай-тайн “Виктори” клубт хичээллээд есөн сар болж байна.
-ДАШТ-д хэрхэн оролцож, амжилт гаргав?
-Энэ удаагийн тэмцээнд зөвхөн манай клубийн тамирчид оролцсон. Насны болон жингийн ангиллаар оролцдог юм.
Сүүлийн хоёр тэмцээнд Турк болон Оросын тамирчидтай тулалдсан. Миний хувьд ДАШТ-д нийт дөрвөн орны тамирчинтай өрсөлдсөн. Медалийн төлөө эхлээд Туркийн тамирчныг тэмцээний цаг дуусахаас өмнө ялсан. Алтан медалийн төлөө Орос улсын тамирчинд дүрмийн дагуу оноолтын системээр хожигдлоо.
-Дотоодын тэмцээнүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд зохиосон холимог тулааны өсвөр үеийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн. Мөн 2022 онд 12-13 насны ангилалд 60 кг-ын жинд “Garuda muatai championship” тэмцээнд түрүүлж байлаа.
-Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль зүүхэд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ спортоор хичээллээд удаагүй ч олон улсын тэмцээнд анх удаа оролцож, эх орондоо мөнгөн медаль авчирсандаа маш их баяртай
байна. Ялангуяа гэр бүл, найзууд маань сэтгэл дүүрэн хүлээж авсан.
Бэлтгэсэн: Б.Очгэрэл