Богд хааныг нас барсны дараахан Шавийн яамны дэргэдэх Засгийн газрын төлөөний түшмэл Чин ван Дашдэндэвээр хөрөнгийг нь битүүмжлүүлжээ. 1924 оны арваннэгдүгээр сард хуралдсан Улсын анхдугаар их хурал, Ардын Засгийн газрын 1925 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр Богдын шавийг халж, дархад шавийн нутаг Дэлгэр их уул гэдэг газраар нэрийдэн аймаг болгосон байна. 1925 оны есдүгээр сарын 23- наас аравдугаар сарын 2-ныг хүртэл хуралдсан МАХН-ын IV их хурлаас Богд хааны хөрөнгийг улсад хураах тухай тогтоол гаргажээ. Тус хуралд тавьсан Х.Чойбалсангийн илтгэл ёсоор Богд хааны бүх хогшил, эд зүйлээс бурхан номын хэрэгслийг Шашны хэргийг эрхлэх газарт шилжүүлэн, бусад зүйлийг гурван хувь болгон, нэг хувийг ардыг гэгээрүүлэх зүйлд олгож, сургуулийн хэрэгт зарцуулах ба нэг хувийг ардын эрүү - лийг хамгаа лах зүйлд өгч, ядуусыг асран хамгаалах хэрэгт туслуулан, үлдсэн нэг хувийг Шашны хэрэг эрхлэх газарт шилжүүлж, шашин номын хэрэгт зарцуулахаар тогтоожээ.
Эл шийдвэрийг МАХН-ын IV их хурлын нийт 89 гишүүнээс 84 нь зөвшөөрч, тав нь татгалзсан байдаг. Уг шийдвэрийн дагуу Ардын Засгийн газраас Богд Жавзандамба хутагтын хөрөнгийг данслах комисс байгуулан ажиллуулжээ. Богд хааны дээд сүмийн хөрөнгийг битүүмжлэн хураасан дансыг үзвэл, тус сүмээс 99 авдарт агуулж байсан алт 261 лан 50 пун, мөнгө 28626 лан, шижир алт 784 лан 50 пун (лан бүр 60 төгрөг буюу бүгд 47070 төгрөг), шар ба сац түвд хэмээх алт 26 лан 41 пун (лан бүр 50 төгрөг 13408 төгрөг), монгол хийцийн алтан бөгж хэдэн зуу, сувд, оюу шигтгэсэн алтан бөгж, олон тооны доржпалам сувд, бадмаараг зэрэг шигтгээ бүхий алтан бугуйвч, сувдан чулуун шигтгээтэй алтан ээмэг, хэт хутга, соёого сэтгүүр, бадмаараг, шар пийсүү, оюу, хув, мана, гартаам хөөрөгнүүд, сувдан паа лантай ба төмөр цаг, шармал, мөнгө, төмөр зэрэг хэт хутга, шар пийсүү чулуун гаанс болон бөгж, соруул, дурдан алчуур, үсний даруулга, орхимж, эхнэр хүний толгойн хэрэгсэл, хө- хүүрийн сав, модон эрих, орос мөнгөн эдлэл, гутал, хурган дотортой ба хөвөнтэй өмд гэх мэт тухайн үеийн ханшаар 355094 төгрөгийн эд зүйл байжээ.
Энэ бол ганц л сүмийн эд хогшлын бүрэн бус тооцоо юм. Богдын хөрөнгөнөөс Цэргийн явдлын яамнаа шилжүүлсэн зэвсгийн нэрс тусдаа байх бө- гөөд тус дансанд тэмдэглэснийг үзвэл, явган цэргийн орос винтов 331, морин цэргийн винтов 115, герман винтов 11, австри винтов нэг, атали винтов хоёр, жапан винтов долоо, орос бирдан ба карбин тус бүр нэг, герман карбин хоёр, франц, англи карбин нэг, нэг, кочих пулемёт буу хоёр гэхчлэн байжээ. Богдын хөрөнгийг хэрхэн дансалж бүртгэн, хурааж, хуваарилан, худалдсан талаар товч өгүүлье. Богдын хөрөнгийг данслах, бүртгэх, ху ваа рилах, худалдах ажил маш богино хугацаанд болсон бөгөөд үндсэндээ нэг жил гаруйн дотор “эд бад” хийжээ. Богдын хөрөнгийг данслах нэртэй комиссын баримтаас үзвэл 1925 оны сүүлчээр болон 1926 оны нэгдүгээр сард бүртгэл, тооллого эхлүүлж, 1927 оны зун гэхэд дуусгасан байна.
Богдын нэрээр л нэрлэгдсэн болохоос бус энэ бүхэн уг нь монголчуудын эд хөрөнгө, монгол соёл, уламжлалыг харуулсан гайхамшигтай зүйлс, эрдэнэс, амьтны хүрээлэн байсан бус уу. Богдын хөрөнгийг хураахдаа үйлдсэн дансанд тэмдэглэснээс үзвэл, дуулж сонсоогүй шахам үнэт эдлэлүүд үй олон байсныг харж болно. Тухайлбал, зөвхөн хөөрөг гэхэд нийт 795 ширхэг бүртгэгджээ. Эдгээрээс гадна чамин хийцтэй, үнэт эдлэл олон байжээ. Тухайлбал, алтанд 14 жижиг сувд шигтгэсэн паалантай, зурагтай цаг, цэцэг хуартай цаг, алтанд есөн ширхэг очир эрдэнийг хорхой шиг суулгасан эхнэр хүний цаг зэрэг нийт 358 цаг байж. Элдэв төрлийн амьтны үс, яс гээд онцлог заримыг нь дурдвал, зааны соёо нэг (36 лан 50 пүн), зааны хүрэн зандан мод хоёр хэсэг, зааны яс суулгасан зандан хашлага хоёр, оёдлын машин, данс үддэг машин, зааны ясан эрхэвч, шү рэн бөөртэй чүнчигноров ямбаны эрх, ногоон цагаан чулуун шатар, сахлын машин, ногоон чулуун бөөртэй шар хуван эрих, алтан шармалтай сувд шүр шигтгээ бүхий толгойн боолт, дээд хавчуур, доод хавчуурын хамт, шармал бөгөөд сувд ба шүр оюу шигтгээтэй боолт зэрэг байна.
Хайстай дахь сүмийн хэдэн байшингийн дот роос үлдэгдэл юмны дансанд дараах төрлийн тэргүүд орсон нь сонирхолтой байв. Үүнд: дөрвөн дугуйтай орос тэрэг нэг, ямаанд хөллөдөг жижиг тэрэг хоёр, хүн тэрэг гурав, эвхмэл тэвштэй ор нэг, хоргой өнгөтэй буйдан долоо, тэрэгний түшлэг хоёр гэх мэт. Эдгээрийг Эрүүлийг хамгаалах газарт олгосон тухай тэмдэглэжээ. Богд хааны тэрэгний байшинд 1926 оны байдлаар хадгалагдаж байсан унадаг ма шин болон жууз тэрэгний жагсаалт тун сонир холтой бөгөөд 300 лангаар үнэлсэн дөрвөн дугуйтай орос шилтэй их хүрэн тэрэг, 170 лангаар үнэлсэн дөрвөн дугуйтай орос шилтэй ногоон тэрэг, дөрвөн дугуйтай хар орос тэрэг (170 лангийн үнэтэй), дөрвөн дугуйтай их хар орос тэрэг (300 лангийн үнэтэй), дөрвөн дугуйтай орос шилтэй тэрэг (300 лангийн үнэтэй), 50 лангаар үнэлсэн жижиг эрима жууз, их эрима жууз тэрэг найм (240 лангийн үнэтэй), дөрвөн дугуйтай хуучивтар улаан шилтэй тэрэг нэг (160 лангийн үнэтэй), дөрвөн дугуйтай орос ба хятад тэрэг тав (500 лан), дөрвөн дугуйтай орос тэрэг хоёр (240 лангийн үнэтэй), орос дөрвөн дугуйтай төмөр ба бөмбөг дугуй бүхий тэрэг хоёр (350 лан), дөрвөн дугуйтай орос тэрэг нэг (250 лан), дөрвөн дугуйтай орос тэрэг нэг (300 лан), хятад шайши дугуйтай тэрэг 5 (350 лан), дөрвөн дугуйтай орос тэрэг (100 лан), чарга хоёр (30 лан), эрима жууз нэг(50 лан) байжээ. Богдын хөрөнгөнд байсан сүрэг малын данс тусдаа байх бөгөөд сүргийн дөрвөн зүйл малыг дүрмийн ёсоор бодож, бод мал 10306 толгойг (103060 төгрөг) Шашны хэрэг эрхлэх газар олгожээ.
Нэг бод малыг 10 төгрөгөөр үнэлж бодсон байна. Үүнээс гадна агт морь 320 (3200 төгрөг) хэмээн тэмдэглэсэн байна. Мэдээж энэ бол бүрэн бус тооцоо гэдэг нь тодорхой. Богд Жавзандамба хутагтын сангийн бүх юмыг нэг, хоёрдугаарар дансаар бүртгэл хийсэн байх бөгөөд үүнийг би хувьдаа бүрэн жагсаалт хэмээн үзэхгүй. Эл хоёр дансанд ихэвчлэн Дээд сүм ба Хайстай лавирангийн эд зүйлийг жагсаасныг үзвэл Дилав хутагтын “Богдын дээд сүм ба Хайстай хэмээх хоёр ордны юмыг гаргаж худалдав” хэмээн бичсэнтэй дүйж байна. Харин Богдын бусад сүм, ордны эд өлгийн зүйлийг дансалсан буюу хэрхсэнийг тодорхойлоогүй орхисон байж магад. Богдын хөрөнгийг хураагаад Эрүүлийг хамгаалах газар, Ардыг гэгээрүүлэх яам, Шашны хэрэг эрхлэх газар зэрэг гурван газарт тус бүрт нь ойролцоогоор 355094 төгрөгний үнэ тэй таацах эд зүйлсийг олгосон байна.
Богд Жавзандамбын хөрөнгөнөөс 1926 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүлийг хамгаалах газрын хуваарьт олгосон юмны тэмдэглэл дансанд өгүүлэхдээ: Биеэр сайн алт 261 лан 50 пун гээд лан бүр 60 янчаанаар бодсоны дүн 15690 янчаан, Түвд шар алт 8 лан 93 пун 6 ли 6 хо лан бүр 50 төгрөгөөр бодсоны 446 төгрөг хэмээн тэмдэглэжээ. Богдын хөрөнгөнөөс Ардыг гэгээрүүлэх яамны хуваарьт олгосон яамны тэмдэглэл данс байх бөгөөд уг дансанд 1926 оны нэгдүгээр сарын 12 гэсэн огноо тавьснаас үзвэл эл үед тус яамнаа олгосон гэж ойлгож болно. Гэх дээ дээр дурдсан гурван газарт Богдын хөрөнгийг бүгдийг хувааж өгсөн гэж ойлгож болохгүй юм, учир нь Богдын хөрөнгөнөөс хүртээгүй байгууллага, албан тушаалтан, хувь хүн Нийслэл Хүрээнд ховор байжээ гэж бодогдохоор байгаа юм. Ардын засгийн газраас гаргасан Богдын хөрөнгийг данслах нэр бүхий эл комисс жагсаалт гарган албан ёсоор дээрх гурван газарт хуваарилан олгосон ч үүнээс илүү их эд хөрөнгө цаана нь үлдсэн байна.
Богдын хөрөнгөнөөс дээрх гурван газарт хуваагаад үлдсэнийг нь худалдааны дансанд бүртгэсэн байх бөгөөд уг дансыг үзвэл ямар байгууллага, хувь хүн Богд Жавзандамба хутагтын сангаас хэрэглэхээр авч байсан, эсвэл удаа дараа худалдан авсан бэ гэдгийг мэдэж болохоор байна. Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны дарга, Цэргийн жанжин, Монгол дахь Оросын элчин хүртэл Богдын хөрөнгөнөөс хувь хүртсэн нь уг жагсаалтаас харагдана. Эл жагсаалт маш урт юм. Ийнхүү тодорхой байгууллагад алба хашдаг олон хүмүүсийн нэрсийн жагсаалт, авсан эд зүйлсийн жагсаалт, тэдний үнийн дүн зэргийг тодорхой бүртгэсэн байна. Эдгээрээс гадна Богдын хөрөнгөнөөс маш их зүйлсийг Улаанбаатар хотын дотор болон зарим аймаг хошуудад худалдсан байна. Худалдсан зүйлсийн жагсаалтын дотор гуулин хуар 2, янжуур 220 хайрцаг, шаазан аяга, жижиг лимбэ, шаазан ваар, минжин нударгатай торгон дээл 65, цай, шүүгээ, хүрэн модон ширээ, бурхны ширээ, үндсэн аяга гэх зэрэг зүйлсийн нэрс орсон байна.
“Худалдсан зарим эд хөрөнгөний дүн 19 түм 5 мянга 63 төгрөг 13 мөнгө болмой” хэмээн эх сурвалжид тэмдэглэжээ. Өгүүлсэн дээр нэмж, Богдын эрдэнэс хийгээд түүний өв хөрөнгийн талаарх жагсаалт гэхэд хэдэн ботиороо архивт хадгалагдаж үлд сэнийг хэлэх хэрэгтэй. Улсын төсвийн комисс 1925 оны төсвийн зарлагын зүйлийг нарийвчлан үзээд “Мал эмнэлгийн газар бүхий үзэсгэлэн, амьтдын зарлагад төсөвлөсөн 11826 төгрөг 50 мөнгө нь дэмий зардал сүйтгэл бөгөөд эдгээр амьтдыг үзэсгэлэнд хэрэглэх явдал ер үгүй” хэмээсэн буй. Өөрөөр хэлбэл, Богдын амьтны хүрээлэнгийн амьтдад мөнгө зарцуулах хэрэггүй хэмээн үзэж, тэрхүү хүрээлэн үгүй болжээ. Ардын Засгийн газрын 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монголын Худалдаа аж үйлдвэрийн банкнаас мөнгөн дэвс гэрт гүйлгээнд оруулах асуудал хэлэлцээд “Бан кны тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эр хийг тус банкинд олгохын хамт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр гаргагдана...” хэмээн заасан байна.
Улсын төсвийн тооцоог 1925 он хүртэл лангаар, 1925 оноос мексик доллараар хийж байгаад 1927 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын санхүүгийн тооцоог төгрөгөөр тооцох тухай тогтоол гаргажээ. 1926 оны эхээр монгол төгрөгийг 0.9 янчаантай тэнцэхээр ханштай болгож, 1927 оноос 1:1 болгож, 1928 оноос төгрөг алтан баталгаатай болмогц янчааны ханш эрс унасан байдаг. 1927 оны эцсээр Сангийн яамны Мөнгөний явдлын шинэтгэн сайж руулах комиссоос төгрөгийг алтан баталгаатай болгох санал боловсруулж, улмаар Засгийн газрын 1927 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд “Тус улсын төгрөгийг алтан баталгаатай болгох явдлыг ёсоор болгон гагцхүү хятад янчааныг ирэх 18 дугаар оны дөрвөн сарын 1 хүртэл төгрөгийн нэг адил үнээр банк ба Сангийн яамны харьяат олон газраас сольж хураахаар” тогтоожээ.
Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоолоор “Үндэсний мөнгөн тэмдэгтийн 40 хувийг алтаар баталгаажуулах ба 10 төгрөгийн алтан зоос тус бүр 1 золотник 80 хувьтай тэн цэнэ” хэмээн тогтоосон байна. 1928 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Алт, мөнгө, алт, мөнгөн зоос, үнэт цаас зэргийг хил нэвтрүүлэн гаргах тухай дүрэм” гаргажээ. Энэ бүхэн цаг хугацааны хувьд Богд хааны хөрөнгийг хураасантай давхцдаг нь санамсаргүй хэрэг бус бөгөөд банкны алтан баталгаа болсон алтны нөөц Богдын эрдэнэсийн сан мөн эсэх тухай бодол эрхгүй төрдөг юм. Үүнээс гадна 1927 онд Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарсан гэсэн үзүүлэлт байдаг бөгөөд энэ нь ч бас санамсаргүй хэрэг биш хэмээн бодогдоно. Өөрөөр хэлбэл, Богд хааны хө рөнгө орчин цагийн Монгол Улсын эдийн засгийн үндэс болсон юм биш үү гэдэг асуулт гарч байна.
О.БАТСАЙХАН Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор