Чехулсын Нове-Место хотод биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ болсон. Тус тэмцээнд 100 гаруй орны шилдэг биатлончинтой Монголын шигшээ багийн тамирчин, зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, Ази тивийн болон Европын аварга, ОУХМ Э.Энхсайхан өрсөлдсөн юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 20 км-ийн ганцаарчилсан уралдаанд тэргүүлж, алт, мөнгөн медаль хүртсэн Норвегийн ах, дүү тамирчнаас 16 минутаар хоцорч барианд орсон байна. Цэргийн албанд ахлагчаар ажиллах Э.Энхсайханы хүсэлтийг үндэслэн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар дэд ахлагч цол олгожээ. Тэрбээр цэргийн гэрээт алба хаагчаар хоёр дахь жилдээ үүрэг гүйцэтгэж буй юм. Үүний зэрэгцээ “Мон-Алтиус” дээд сургуульд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Сонирхуулахад, манай биатлончдын оролцох дараагийн тэмцээн Эстонид энэ сарын 23-нд эхэлж, ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.