“Аваргууд” клубийн нэрэмжит авто спортын УАЗ ангилалд “Мастер кросс-2024” уралдаан боллоо. Тус уралдаанд Гавьяат тамирчин Д.Болдбаатар, ОУХМ Ш.Гомбодорж, Л.Ариунболд тэргүүтэй шилдгүүд хурд сорив. Ширүүхэн өрсөлдөөнд 12 дугаартай, ОУХМ Б.Ган-Од аваргуудыг ардаа орхиж, алтан медаль, цом гардсан. Түүний араас нэхсэн тамирчдаас 93 дугаартай, спортын мастер З.Анхбат удаалж, 35 дугаартай Х.Улам-Өрнөх гурав, 50 дугаартай Э.Батнайрамдал дөрөв, 95 дугаартай Б.Бат-Энэрэл тавдугаар байрт шалгарсан юм. Хэдийгээр түрүүлээгүй ч тэмцээний явцад хамгийн сонирхолтой уралдаан харуулсан 37 дугаартай Б.Алтаншагай ивээн тэтгэгчийн шагнал хүртэв. Цуврал уралдааны хоёр дахь гараа болох дээрх тэмцээнд 57 тамирчин оролцсоноос 14 нь оноо авч, Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 16-нд зохион байгуулах “Чингис мастер кросс-2024”-т тоос өргөхөөр боллоо.
Монголын авто мастеруудын холбоо энэ удаагийн тэмцээнээс эхлэн олон улсын кросс уралдааны нэгэн дүрмийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь “Жокер тойрог” юм. Үүний дагуу гараанд гарсан тамирчин бүр барианд орохын өмнө замын аль нэг хэсэгт байрлуулсан илүү тугаар заавал нэг удаа эргэлт хийн уралдах юм. Өөрөөр хэлбэл, аль нэг тойрогтоо илүү урт зам туулна гэсэн үг. Тамирчид хэддүгээр тойрогт “Жокер тойрог” хийхээ уралдааны тактиктайгаа уялдуулан шийдэх аж. Ийм тойрог хийх замын урт ойролцоогоор 400 орчим метр байх гэнэ. Үүнийг хийлгүй барианд орвол туг хаясан гэж тооцон, уралдаанаас хасах аж.