Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Энэ удаа Монголын 11 триатлонч чансаанд багтсанаас Н.Алтаншагай 305.19 оноогоор шилдэг 10-т жагссан байна. Л.Баярцэнгэл (203.16) 15, өвлийн анхдугаар УАШТ-ий алтан медальт Б.Ачбадрах (100) 28, мөнгөн медальт А.Хүслэн (92.5) 29 дүгээр байрт эрэмбэлэгдэв. Түүнчлэн тухайн орны УАШТ-ий эхний таван байрт шалгарсан тамирчин оноо авдаг журмын дагуу Т.Амарсанаа (79.15) 31, Г.Энхнасан (73.21) 33-т бичигдсэн юм. Монголын таван эмэгтэй тамирчин мөн дээрх жагсаалтад анх удаа багтлаа. Н.Энхжин (100) 19, Х.Отгонтэнгэр (92.5) 20, Д.Отгонзул (85.56) 22, Ю.Туяа (79.15) 24, Ж.Халиунаа (73.21) 25-д жагсжээ. Сонирхуулахад, Дэлхийн триатлоны холбооноос Монгол Улс өвлийн триатлоны УАШТ-ийг хэрхэн зохион байгуулсныг албан ёсны цахим хуудсандаа онцолсон байна.