Ширээний теннисний дээд лигийн тоглолт өрсөлдөөнтэй болдог. Учир нь үндэсний шигшээ багт байсан тамирчид, мөн харьяалагдаж буй тоглогчид тус тусын клубийг төлөөлж оролцдог тул нэгнийхээ арга барил, техникийг сайн мэднэ. Хоёрдугаар тойргийн тоглолтод “Төмөрт өргөө”, “Жем”, “Өсөх зоос”-ынхон шигшээд тунах нь тодорхой болсон. Харин “Бласт&Тэнгис”, “Хаан даатгал” багийнхны хувьд тэдний адил шалгарахын төлөө гал гарсан тоглолт өрнүүллээ. Эхний тойрогт “Бласт&Тэнгис”-ийнхэн “Хаан даатгал”-ынхныг 5:4-өөр буулган авснаар нийлбэр дүнгээр дөрөвт жагсаж, шигшээд шалгарсан. “Хаан даатгал” багийн хувьд эл тойрогт (6:3, 7:2) хожиж байж шигшээд шалгарах байв. Дээд лигт дөрвөн баг хоёр удаа тоглож, хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Тэгвэл хагас шигшээгийн эхний тоглолтод “Төмөрт өргөө” багийнхан “Бласт&Тэнгис”-ийн тоглогчдыг 5:1, “Өсөх зоос”-ынхон “Жем”-ийнхнийг 5:4-өөр илүүрхэж эхний хожлоо авсан юм. Хагас шигшээгийн хоёр дахь тоглолт ирэх сарын 12-нд 18.00 цагт болно. Хэрэв “Жем”, “Бласт&Тэнгис” багийнхан учраагаа хожвол гурав дахь тоглолт болох юм.