Улаанбаатар хотод болсон нийслэлийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд дасгалжуулагч С.Дэлгэрмаагийн удирдлагад оролцсон “Хилчин”-ий тоглогчид түрүүллээ. Ана мана үзэлцсэн халуухан тоглолтоос Б.Баттулга дасгалжуулагчтай “Баянгол” багийнхан цойлж, эхний байрт шалгарна гэж үзэгчид таамаглаж байсан ч тэд дэд байрт шалгарлаа. Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Уурхайчин 21”-ийнхэн эсрэг багийнханд онооны хол зөрүүгүй хожигдож, III байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн багаас Р.Тамираа дасгалжуулагчтай “Ноён”-ынхон тоглолтын турш бусдыгаа хошуучилж, шилдгээр тодров. Багийн ахлагч Б.Зөнсод ахлах болон туслах дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр тамирчдаа зөв залж чадсан нь тэргүүлэхэд багагүй нөлөөлсөн. Ч.Отгонбаяр дасгалжуулагчтай “Залуу Монгол 50” багийнхан бэлтгэлээ сайн базаасан шилдэг тоглогчидтой гэдгээ харуулж удааллаа. М.Мария дасгалжуулагчтай “Багануур”-ынхан тэмцээний уур амьсгалыг сонирхолтой болгож, өрсөлдөөнтэй тоглолт өрнүүлэн, хүрэл медаль хүртсэн юм. Дээрх тэмцээнээс шагнал гардсан багууд Дорнод аймагт болох УАШТ-д оролцохоор боллоо.