Т.Нипонь “Зүрхэндээ шивээстэй охин” хэмээх өгүүллэгийн номоо удахгүй уншигч таны гар дээр тавина. Бидний уншиж дассанаас нэг л өөр, богино хэрнээ том гэмээр өгүүллэгүүдээс нь дээжлэн нэгийг танд өргөн барьж байна.
Т.Нипонь манай сонины хүн. Бусдаас өөр байя гэж тэр үнэндээ хүсдэггүй байх. Гэхдээ нэг л өөр байдагт нь би лав дасчихаж. Харин өгүүллэг нь мөнөөхөн мэддэгээс минь шал өөр байх аж. Чухам юу нь чухам өөрийг уншигчид өөрсдөө анзаарах биз ээ. Анзаараад хэрхэн дүгнэх, үнэлэх нь Таны хэрэг.
С.Батбаатар
Зүүд энд тэндээ тасардаггүй байсан бол зүүд тэр чигтээ биелдэг гэдэгт итгэхсэн. Тэр залууг Асар гэдэг. Асар нойрноосоо сэрсэн боловч үл ойлгогдох зүүдээ үргэлжлүүлэхийг хичээн нүдээ нээсэнгүй. Гэсэн ч аньсан нүдэнд нь ув улаан өнгөнөөс өөр юу ч үзэгдсэнгүй. Арга ч үгүй дээ, өнөөдрийн нар өчигдрийнхөөс ч хурц юм. Асар нүүрэн дээр нь нар тусахад сэрээд сурчихсан тул цонхондоо нар халхалдаггүй хөшиг зориудаар сонгосон. Гэсэн ч энэ удаад хөшгөө үзэн ядав. Энэ удаад ч гэж дээ, өглөө болгон энэ хөшигний тухай таагүй зүйл бодоод дадчихсан юм. Тэрбээр “согтуу зүүд” гэсэншүү юм бодоод яаралгүйхэн өндийлөө. Гар утсаа хайгаад олсонгүй. Халаасанд нь хоосон хэтэвч, хугархай тамхи л үлдэж. Урьд шөнийн зугаа цэнгэл түүнийг хоосолж орхижээ. Тэр тамхины үртсийг цонхоор хийсгэчихээд, хэтэвч рүүгээ харж удтал зогсов. Тэгснээ “эзэндээ ээлгүй амьтан” гэж аяархан хэллээ. Дараа нь юу юу ч үгүй үлдсэн хүн шиг орондоо шургав. Яах гэж боссоноо ч мартжээ. Ердөө л одоо яах вэ гэсэн улигт бодол түүнийг ээрнэ. Аавынх нь оршуулга л түүний амьдралын төгсгөл байсан юм шиг санагдана.
Уйлмаар байсан ч нулимс гараагүй тэр л мөчийг нэхэн санахдаа өөрийгөө буруутгадаг. Магад далд ор гэж хашгирч байсан 23 нас нь аавыг нь үхүүлсэн. Ганцхан үгийн амиар аав нь үнэхээр л далд орсон. Уг нь Асар аавыгаа зуу наслаарай гэж байнга хэлдэг байсан. Гэсэн ч тэр үг огт биелсэнгүй. Муу үгийн амь л илүү хүчтэй гэдгийг Асар аавынхаа үхлээс ойлгосон. Энэ үхэл, тэр оршуулга Асарыг бодлогоширдог болгосон. Гэхдээ тэр хэзээ ч эцгийнхээ үхлийн шалтгааныг сонирхож байгаагүй. Өшөө авагч, өнгөрснийг хайж бэдрэгч байхыг хүсээгүйдээ л тэр. Асар аавыгаа газарт булахыг харж зогссон хар дарсан зүүд шиг тэр муухай өдрүүдийг санахгүйг хичээв. Бодит амьдралын гашуун амт хар дарсан зүүдтэй ижилсүүлж болмоор авч хэдэн мянган хувь илүү гашуун болохыг хүмүүс мэднэ. Тиймдээ ч амьдралыг зөөлрүүлэхийн тулд элдэв янзын юмтай зүйрлэн ярьдаг юм. Хэн нэгэнд хэчнээн ярьж, тайлбарлаж өгөөд ч хүмүүс хэн нэгнийхээ зүүдний аймшгийг мэдэрч чаддаггүй шүү дээ.
Амьдралыг ч бас олон мянган жил ярьсан ч бүгд л өөрөө туулахаас нааш эгээрдэггүй. Энэ бүхэн үхэхийг хүсдэг хүмүүсийг амьдруулсаар байдаг цор ганц шалтаг ч байж мэднэ. Зурагтаа асаагаад юу ч бодохгүйг хичээв. Гэсэн ч шинжлэх ухааны нэвтрүүлгээр гарч буй зүйлс түүнийг эрхгүй цочоов. Яг өөрт нь зориулсан юм шиг өгүүлбэрүүд бодол дотор нь цуурайтаад юу ч бодохгүйг хичээсэн хөдөлмөрийг нь талаар болгочихов. Асар орноосоо өндийн цонхоор харлаа. Тэгээд өөрийнхөө тухай бодож эхлэв. Аавынхаа тухай бодоогүй нэг өдөр ч байсангүй. Харин энэ мөчийг хүртэл өөрийнхөө тухай огт бодож байгаагүй билээ. Аав нь Асарыг амьдралд дасгахын тулд үргэлж дагуулж явдаг байв. Хэнтэй гар барьж, хэн рүү ямар маягаар даллаж, хэний мутрыг үнсэх ёстойг заах гэж тэр. Энэ бол аавынх нь хувьд амьдралын ухаан байлаа. Гэсэн ч Асар аавынхаа сургахыг хүссэн зүйлсийг огт сурсангүй. Ердөө л аав нь түүний түлхүүр байсан юм.
Асар аавынхаа гараас хөтлөөд л гэртээ орчихдог тул гэр нь ямар түлхүүрээр хэрхэн онгойдгийг ч мэдэлгүй өсчээ. Асар зөвхөн аавгүй амьдралаас л айна. Түүний айдас ганцхан хүний үхлээр хязгаарлагдана. Дэндүү өчүүхэн санагдаж болмоор энэ амьдралыг орхихыг хүсэх үе ч олон байлаа. Одоо бол аавынхаа араас яваад түүнтэй уулзаж чадах эсэхдээ эргэлзэнэ. Хэрэв аавтайгаа уулзаж чадахгүй л бол хаана ч ялгаагүй мэт. Асар амьдралд хоргодох нэг ч шалтгаангүй гэж ярьдаг. Тиймээс л ааваасаа хойш үнэт залуу насаа унтаж өнгөрөөдөг болсон. Асар бүх хүлээснээс алдуурахыг хүсчээ. Тэгээд л унтахаас өөр зүйл хийхээ больсон. Зүүдэнд нь байдаг намхан цагаан байшингууд, тэр л байшингууд луу хүрдэг нарийхан харанхуй гудамж Асарт таалагддаг юм. Бас бодит амьдрал дээр үзээгүй тийм галзуу хурдаар давхих нь ч гэсэн ер бусын таашаал төрүүлдэг.
Асар орон дээр нүдээ нээхдээ л өөрийнх нь амьдрал зүүд гэдгийг мэддэг юм. Тэндхийн намхан цагаан байшингууд аль нэг дурсамжинд нь байсан болохыг нотлох гэж зүтгэсэн эрдэмтэн хүртэл Асарын зүүд зэрэглээн чинээ замхарч өөрчлөгддөггүй гэдэгт итгэдэггүй. Гэхдээ Асарт хэний ч үзэл чухал байсангүй. Тэр зөвхөн унтахыг, унтаж байхдаа л очиж чаддаг тэр л хотдоо удаан байхыг хүсдэг. Тэндхийн хүн бүр, байшин, зам бүр Асартай ямар нэг байдлаар заавал холбогддог. Яг л Асар тэр хотын зүрхэнд холбогддог түмэн судасны нэг юм шиг. Тэгээд л Асар зүүдлэх гэж яардаг. Зүүдэлж чадахгүй хөрвөөхдөө маргаашийн шөнийг хүлээдэг. Магад энэ хүлээлт л Асарын амьдарч буй шалтгаан байж мэднэ.
“Хайр аа, 4 цаг болчихлоо”
Энэ үг Асарыг нойрноос нь сэрээсэн. Асар яагаад унтсанаа ойлгоогүй. Унтахаасаа өмнө өөртөө “Унтаж л болохгүй шүү” гэж сануулж байснаа бодов. Дөнгөж сая өрнөж байсан амтат амьдрал хоромхон зуурын нүд анилтын хуурмаг үзэгдэл байжээ. Асар тэр л хуурмаг үзэгдэл зүүд байсанд итгэж ядна. Гэхдээ энэ тухай бодох завдал байсангүй. Зүгээр л машины урд байрласан дэлгэцэн дээр харагдаж буй дөрвөн цаг, тэг тэг минут Асарыг үл ойлгогдох аймшигт сандралд хүргэж байв. Тэр цаашид юу болохыг төсөөлөөгүй боловч нэг л их айдаст эзэмдүүлсэн байлаа. Хамгийн түрүүнд машинаа түгжээгүй байгаагаа анзаарсан. Түгжих гэж сандарсаар байтал өнөөх зочид хүрээд ирсэн. Яг дөрвөн цагт ирж авахаар болзсон үл таних залуус ирчихсэн. Асар юу ч хийж амжаагүй. Зүгээр л бүсгүйгээ тэвэрсэн. Анх удаа тэврэхдээ зүүдэндээ үзсэн тэр л амтат жаргалыг хайсан нь гарцаагүй. Гэхдээ яг тэр мэдрэмж эргэн сэргэхээргүй мэт байлаа. Асар бүсгүйгээ хэчнээн тэврээд ч өнөөх айдас арилсангүй. Хамаг хүчээ шавхаж тэвэрсэн ч нэг л сулхан байгаад байв. Яг тэр мөчид л сүүлчийн удаа ч байж мэдэх энэ сулхан тэврэлтийн төлөө л өдий хүртэл амьдарсан юм шиг санагдсан.
Асар одоо нүд анихад харамсахгүй гэсэн бодлоор бүсгүйг тэвэрсэн чигээрээ нүдээ анилаа. Түүнийг нүдээ анихыг хүлээсэн юм шиг өнөөх үл таних залуус машинаас Асарыг угз татан буулгав. Асар энэ тэврэлтээс холдсондоо харамсаж байв. Одоо түүний хувьд үхэл дэндүү хатуу санагдана. Хайр сэтгэлээ олох мөчид үхэхэд харамсахаа больсон байдаг ч гэсэн хайр сэтгэлээсээ холдох зориг л үхлээс айх айдсыг жинхэнэ ёсоор төрүүлдэг билээ. Үхэл ойртох мөчид зарим зүйлсийн үнэ цэнийг илүү гүн ухамсарлах хууль бий. Энэ л хууль Асарыг гарах гарцгүй бодолд хөтөлсөн юм. Тэр үхлийн өвдөлтөөс илүүгээр хагацлын өвдөлтийг мэдэрч байв.” Асар нойрноосоо сэрэх гэж яарсангүй. Гэсэн ч унтлагын өрөөний нимгэн саарал хөшиг зүүдний үргэлжлэлийг замхруулах шиг дахиад л нар мандчихаж. Тэр бүсгүй хэн байсныг хэчнээн хичээгээд ч таньж чадсангүй. Түүний царайг мартахгүй болтлоо харж, чийгтэй хүзүүнд нь уруулаа нааж байхдаа түүнд хэчнээн хайртайгаа мэдэрсэн. Гэтэл одоо санаж байгаагаар зүүдэнд үзэгдсэн бүсгүй зам дээр гараа өргөөд зогсож байсан. Харин дараа нь Асар зүүдэн дотроо зүүдэлсэн. Зүүдэн доторх зүүдэнд тэр бүсгүйтэй хамт хэзээ ч байгаагүй аз жаргалыг үзсэн.
Харин яг дөрвөн цагт сэрэхдээ тэр бүсгүйг хайраа гэж дуудаж байсан. Үл таних бүсгүй ч гэсэн Асарт нэг сайхан үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг санахгүй хэрнээ дэндүү сайхан үг болохыг нь мэдэрч байлаа. Гэхдээ яагаад тэр зүүдэндээ үхлийн тухай бодсон юм бол... Асар энэ л зүүдийг нэхэн санах гээд чадаагүй. Зүүдэнд нь байдаггүй тэр зогсоолд яаж хүрснээ өөрөө ч гайхна. Үнэндээ Асар нэгэн хэвийн зүүдэндээ дасчихсан юм л даа. Тэгээд дахиад хэзээ ч зүүдэлсэнгүй. Тэр ерөөс зүүдлэхээ больсон юм. Гэхдээ зам дээр гараа өргөн зогсож буй бүсгүй бүрийг хүргэж өгдөг болжээ. Аль нэг нь өнөөх замаар явж тэр л зогсоол дээр зогсоод, дөрвөн цагт ирэх хүмүүсийг хүлээх ёстой гэж бодно. Урьд үзээгүй хайр сэтгэлийг дахиад ганцхан удаа мэдэрчихвэл хамгийн аймшигтай санагдсан тэр өвдөлтийг тэсэхэд бэлэн байлаа. Эсвэл тэр шөнийн зүүдний төгсгөлийг үзэх гэж ингэтлээ улайрч байж ч болох юм.
Амьдрал үргэлжилсээр л байлаа. Асар зүүдэндээ үзсэн эмэгтэйг хайхаа болив. Зүүдний тухай олон яриа сонсож, хүмүүсийн таамгийг уншсаар зүүдний тухай бодол нь өөрчлөгджээ. Зүүдэнд байсан намхан цагаан байшингууд, тэр л байшингууд руу хүргэдэг замыг тохиолдлоор давтаж зүүдэлсэн гэдэгтээ итгэсэн. Цоо шинэ зүүдийг ч урьд нь зүүдэлсэн мэт мэдрэмж төрдөг гэдэгтэй маргахаа больсон. Тэгээд ганцхан удаа л өнөөх зүүдээ нэхэн санасан юм. Энэ бол түүний хурим. Дурлалт бүсгүйтэйгээ гэрлэж байх үедээ аль хэдэн жилийн өмнө зүүдэнд нь үлдчихсэн тэр эмэгтэйгн тухай зурвасхан бодсон. Гэсэн ч түүнийг олоогүйдээ харамсаагүй. Тэд хуримынхаа маргааш шинээр худалдаж авсан эдлэн рүүгээ явж байлаа. Нэлээн оройтсон тул гэгээ тасрахаас өмнө очих гэж нэлээд хурдлав. Энэ хурд Асарт танил мэдрэмж төрүүлж байлаа.
Олон жилийн өмнө зүүдэндээ үзсэн тэр хурд. Асарын ухаан санаа хязгааргүйн уудамд, хаа нэгтээх зүүдний гудамжаар давхиж байв. Тэгээд осол болсон. Асар зүүдийг бодит амьдралд авчирсандаа харамсаж амжилгүй нүд анив. Эмэгтэй хүний сулхан дуу “Хайр аа” гэдэг үгийг тасралтгүй хэлж байв. Асар ухаан ороод хөндүүрлэн буй духаа тэмтрэхэд нил улаан зүйл гарыг нь норгов. Бүдэг гэрэлд эхнэрийнх нь нулимс л тод үзэгднэ. Асар өөрийгөө үхэх гэж байгааг мэдэрч байв. Зогсолтгүй уйлж байгаа эхнэ рээ тайтгаруулах гэж цаг асуусан. “Хайр аа, 4 цаг болчихлоо”. Асар энэ удаад яагаад унтсанаа, бас унтахаасаа өмнө яагаад тийм жаргалтай байснаа мэдэж байв. Тэгээд эхнэрээ тэвэрсэн. Зүүднээс нь гарч ирсэн тэр бүсгүйгээ олчихсон гэдгээ мэдээд хамаг хүчээрээ тэврэхийг оролдсон. Яаж ч хичээгээд тэврэлт нь сулхан байгаад байв. Ослын улмаас Асарын тамир барагджээ. Эмч нар Асарыг машинаас угз татан буулгаж дамнуурган дээр тавьсан.
Эхнэрийнхээ царайг хармагцаа зүүдэнд байсан бүсгүй яг мөн болохыг танив. Урьд нь яагаад таниагүй юм бүү мэд. Эхнэрийнхээ гараас чанга атгахдаа Асар уйлж байлаа. Дөнгөж сая унтаад сэрэхдээ аавыгаа зүүдэлснээ санасан юм. Асар аавынхаа гараас хөтлөөд, мөхөөлдөс авч өгч байна гэж зүүдэлсэн. Цааш нь яасныг бүү мэд. Ямартай ч зүүд биелдгийг мэдчихсэн болохоор үхлээс айсан хэрэг. Хайртай хүнээсээ хагацахын зовлон Асарыг зогсоо зайгүй ээрнэ. Санахаа больсон аавтайгаа уулзахаас илүү бодит ертөнцөд эхнэртэйгээ хамт үлдэхийг Асар дэндүү их хүсч байв. Үхэл зөгнөсөн зүүд, амьдрах хүсэл хоёрын тэг дунд нь гацчихаад олон зүйл бодож хэвтэхэд эмнэлгийн дуут дохио ч зүрхнийх нь цохилтоос сулхан байгааг анзаарч байв. Энэ их айдсаас холдох гэхдээ Асар нүдээ анив. Аньсан нүдэн дотор нь ер бусын тансаг од харваж байлаа. Энэ бол Асарын амьдралдаа харж байсан хамгийн гайхалтай од байсан юм. Ягаан гэрэл туяаруулан харвах энэ од нүдээ нээлттэй байхад харагдмааргүй тийм гоо ажээ. Эхнэр нь түүнийг нүдээ анихгүй байхыг гуйсаар л байлаа.
Эцэст нь Асарын гараас хамаг чадлаараа атгаад бие давхар болсноо хэлсэн. Энэ үг Асарыг амь оруулсан байх. Асар нүдээ аньсан чигтээ “Би одоо л аавдаа зайрмаг авч өгөх нь дээ. Тэнд зайрмаг байдаггүй юм” гэж хэлээд үл мэдэг инээмсэглэлээ.
Т.НИПОНЬ