УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа нар 2025 оны төсвийн төсөл, орон нутгийн сонгуультай холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл 2024 оны парламентын сонгуульд 364 мянган иргэний санал авснаар Монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн. Ирэх дөрвөн жилд иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавина. Түүнчлэн оновчтой шийдлүүдийг санал болгоно. Ингэхдээ попрохгүй, асуудалд мэргэжлийн үүднээс хандана. Гадаад харилцаа, төр, нийгмийн болон банк санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой асуудалд хэм хэмжээгээ тохируулж ажиллана. Үндэсний эвслээс төрийн өмчит үйлдвэрийн газруудын ирээдүйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг санаачилж, боловсруулна.
Бид баримталж буй зарчмынхаа хүрээнд 2025 оны төсвийн төсөлд үнэлэлт дүгнэлт өгөхөөр мэргэжлийн аудиторуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Орлогоосоо давсан зарлагатай төсөв “оруулж ирсэн” байна. Урьдчилсан тооцооллоор хоёр их наядын зөрүү гарч байгаа. Засгийн газар зарлагаа нэмэгдүүлэх тусам төгрөгийн ханш муудаж, инфляц өсдөг, иргэдийн худалдан авах чадвар мууддаг. Гадаадаас мөнгө, бонд босгох талаар биш, эдийн засгаа хэрхэн тэлж, иргэдийнхээ худалдан авах чадварыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг суурь асуудлуудаа ярья. Бид цаашид үүнтэй холбоотой суурь бодлого, түүнийг хэрэгжүүлэх зарчим, төлөвлөлтийг тодорхой болгоно.
Үндэсний эвслээс НИТХ-ын сонгуульд 26 хүнийг “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөртэйгөөр Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлээд байна. Манайх баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Цомхон бүтэцтэй, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй төрийг бий болгох, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэх үндсэн зорилтуудыг хөтөлбөртөө тусгасан. Улс төрийн намууд гамшгийн хэмжээнд ирсэн хотын асуудалд гар нийлж ажиллах хэрэгтэй. Мэдээж зарчмын асуудал гарч ирнэ. Суурь асуудлуудыг шийдэх зүйлүүдэд нэгдэж ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байна” гэлээ.
Ж.СУВД