Хамгийн чухал зүйлсийн тухай хөгжмийн хэлээр хүмүүст хүүрнэх сонгодог аргыг шансон гэдэг хэмээн францчууд ярьдаг. Чухал зүйлс гэж юу юм бэ? Мөрөөдөл, Парисын хавар, Монмартр, дотно хийгээд дотно бус хүмүүсийн инээмсэглэл, хайр, өвдөлт, дайны хүнд хэцүү өдрүүдэд ч хүмүүсийн харцанд байсан бүдэгхэн гэрэл гэгээ, уушийн газар, хэн нэгний тохуурхал... Амьдрал. Хаа ч харж болох, дараа нь магадгүй мартаж чадах, тэгсэн атлаа хэн нэгний бидэнд илгээсэн дохио тэмдэг мэт хүмүүс, үйл явдал, юмс. Энэ бүхнээс бүрэлдэн тогтох нэгэн ертөнцийг шансон гэж нэрлэж болно.
“Chanson” гэдэг үг зүгээр л дуу гэдэг утгатай. Гэхдээ XX зуунд Францын соёлын гол бэлгэ тэмдэг болсон шансон хэмээх урсгал чиглэл бүр дундад зуунаас эхтэй юм гэсэн. XI зууны сүүлчээс XIV зууны эхэн үе хүртэл амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан труверүүд (дуулдаг яруу найрагчид, зохиолчид ч гэх нь бий) шансоныг үндэслэсэн гэж урлаг судлаачид үздэг. Харин одоогоос хоёр, гурван зуун жилийн тэртээ кабаре театруудын тайзнаа шансон жинхэнэ биеллээ олжээ. Тэнд зөвхөн бүжиглээд зогсохгүй, дуулдаг байж. Өөрийнхөө дууг (ихэвчлэн үйл явдалтай) кабаред дуулж байсан нь өнөөгийн шансон гэх урсгалын эхлэл байв. Романтик, шударга бус байдлыг эрс шүүмжилсэн, дэврүүн, мөрөөдөмтгий, заримдаа хэтэрхий зарчимч хэмээн тодорхойлж болох өнгө аяс шансоноос мэдрэгдэнэ. Мөн гайхамшигтай уянгалаг, хүчтэй хоолойтой биш ч сэтгэл зүрхнээсээ дуулж буй хүмүүсийг ч шансонер гэх нь бий.
Шансон хөгжмийн эхэн үеийн гол төлөөлөгчдийн нэг бол Аристид Брюан (1851–1925), Мистенгетт (1875–1956) нар юм. Монмартраас гаралтай, эрхэлсэн ажилгүй эр хамбан хүрэм, хар өмд, түрийтэй гутал өмсөж, улаан ороолт зүүчихээд этгээд аялгаар хөрөнгөтний нийгмийг шүүмжилсэн дуу дуулдаг байсан нь Аристид Брюан аж. ТулузЛотрекийн зарлал дээр ч түүнийг ийм маягаар л дүрсэлсэн байдаг. “Мисс Тенгетт” хэмээх англижуу хочтой, гоо үзэсгэлэнтэй Мистенгетт хошин дуу дуулж, кинонд тоглож, алдарт Жан Габентай нэг тайзнаа гардаг байжээ. Тэрбээр 10 жилийн турш амраг нь байсан Морис Шевальегээс салсныхаа дараа “Mon homme” хэмээх дуу дуулсан нь шансоны түүхэнд бичигдэн үлдсэн. 75 нас хүртлээ дуулсан Мистенгетт “Мулен Руж”-ээс өдгөө харж болох өдөн малгай, чимэглэл сэлтийг анх бүтээсэн гэдэг. Бүхэл бүтэн нэгэн үеийг эзэгнэ сэн жааз хөгжим шансонд ч өөрийн тусгалаа олж.
Парис даяар нэрд гарсан дуучин Шарль Трене жааз хөгжимчин Жонни Хесстэй хамт уран бүтээлээ толилуулж байсан аж. Шарль Трене үүгээрээ сонгодог шансонд нэгэн өөр өнгө нэмсэн. Тиймдээ ч тэрбээр Дэлхийн II дайны дараа шансон, жаазын холимог аястай хошин мюзиклүүдээрээ Америкийг байлдан дагуулсан гэдэг. Дайны дараа шансон хөгжим, ер нь урлаг, уран бүтээлчдийн хувьд хүнд жилүүд тохиожээ. Үхэл, хагацлын сүүдэртэй хэцүү өдрүүдийг арайхийн өн гөрөөж буй өлсгөлөн хүмүүст өдөн малгайтай жүжигчдийн хошин дуу, бүжиг хэрэггүй байсан аж. Хүмүүс бие биетэйгээ ярилцахыг, тэр тусмаа өөдрөг гэгээн өдрүүд ирнэ гэдэг найдварыг бэлэглэх уран бүтээлийг хүсэж байв. Энэ үед л яруу найрагчид, зохиолчид шансонд хүч түрэн орж ирсний нэг нь Борис Виан байжээ.
Модернист зохиолч, яруу найрагч, жааз хөгжимчин, дуучин Борис Виан, Бельгийн зохиолч Жак Брель, дайны жилүүдэд олзлогдоод Германаас зугтаж ирсэн, түүнийхээ дараа анархист болсон Жорж Брассенс нар өөрсдийн болон бусдын шүлгүүдэд ая хийж, түүнийгээ дуулдаг байлаа. Тэд Франсуа Вийона, Пьер Корнель, Виктор Хюго нарын бүтээлүүдийг ч дуу болгон ард түмэнд хүргэж байсан юм. Шансон хөгжмийн үе үеийн төлөөлөгчдийн дунд нийгмийн өөр өөр статустай, сэтгэлгээтэй, угсаа гарал нь ч өөр хүн олон бий. Ажилчин ангийн эрх ашгийн төлөө тэмцэгч, коммунист, еврей Жан Ферра, парисчуудын хайртай армян Вахинак Азнавурян буюу Шарль Азнавур, Францын домог Эдит Пиаф нарын хооронд асар их зөрүү бий ч, тэд шансон хэмээх нэгэн сэжмээр хоорондоо холбоотой.
Шансон өнөөдөр ч Францын ард түмний дунд нэр хүндтэй, тэдэнд хэрэгтэй хэвээрээ. Панкрок, регги, электро урсгалын нөлөө, Латин Америк, Балканы хөгжмийн аяс ч өнөөдөр шансоны мөн чанарыг үгүй болгож чадаагүй. 1972 онд “Melody” дуу бичлэгийн компани шансоны сонгодог төлөөлөгчдийн бүтээлүүдийг эмхтгэн “Парисын дээвэр дор” нэртэй пянз гаргасан билээ. Иветт Гильбер, Мистенгетт, Шарль Трене, Жак Брель, Шарль Азнавур, Жорж Брассенс, Эдит Пиафын дуунууд уг пянзанд байдаг.
Х.ОД