Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Төрийн тэргүүн Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Чехэд 10 жилийн дараа айлчилж буй нь энэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсын Төрийн тэргүүн Петр Павел Прагын шилтгээнд энэ сарын 10-нд албан ёсоор угтаж авсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Прагын шилтгээний хүндэт зочны дэвтэрт монгол бичгээр дурсгалын үг бичиж үлдээжээ.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Энэ үеэр Монгол Улс, БНЧУ хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавский, мөн Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНЧУ хоорондын хэлэлцээрт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Чехийн Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа. Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд хоёр улсын эрх бүхий байгууллагынхан хоорондоо шууд харилцаж, шуурхай хамтран ажиллах боломж ийнхүү бүрджээ. Талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилалт зохион байгуулах аж. Түүнчлэн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээрт салбарын сайд П.Наранбаяр, Ярослав Миллер нар гарын үсэг зурсан байна. Үүний хүрээнд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэхийн зэрэгцээ оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулах нь.
Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНЧУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт салбарын сайд Ж.Энхбаяр, Марик Виборни нар гарын үсэг зурсан. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтуудыг уг санамж бичигт тусгажээ. Тодруулбал, хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмж солилцох, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах нь. Түүнчлэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлэх аж.
Эдгээрээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Прага хотын амьтны хүрээлэнгийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагааг эхлүүлэх гэнэ. Чех улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай билээ. Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай манай улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон БНЧУ-ын Үндэсний спортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг мөн байгуулав. Спортын байгууламжийн менежмент болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уг санамж бичигт тусгажээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгсөн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээж байна. Өнгөрсөн хугацаанд бид улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёлын салбарт хамтран ажиллаж ирсэн. Цаашид хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөхүйц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг судалж, хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал, Хархорум, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргасан. Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. “Тэрбум мод”, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллана. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр болоод байна. БНЧУ-д ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэнд маань ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарч байгаа эрхэм Ерөнхийлөгч танд болон төр засаг, аж ахуйн нэгжүүдийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.
БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павел “Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой. Хамтарч байсан туршлага ч бий. 1950-иад оноос монгол залуус Чех улсад суралцаж эхэлсэн. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа. Харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна” гэлээ.
Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр БНЧУ-ын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил бараалхжээ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлтэй Монгол, Чех улсад хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. БНЧУ-ын Парламентын Сенатын танхим 81 суудалтай бөгөөд гишүүд зургаан жилээр сонгогддог байна. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-ын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзаж, төрийн айлчлалын үеэр элэгсэг дотно хүлээн авч байгаа Чехийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.
Ташрамд дурдахад, БНЧУ 10 сая гаруй хүн амтай, парламентын засаглалтай. Ерөнхийлөгч Петр Павел 2023 оны нэгдүгээр сард таван жилийн хугацаагаар сонгогдсоноор өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй. Чехийн дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган ам.доллар аж. Үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь эдийн засгийн голлох салбарт тооцогддог. Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоонд элсжээ.
М.Оч