Үндсэн хууль, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчиж, 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрийн АН-ын Үндэсний бодлогын хороо, онлайн гэх, дүрмийн бус хурал хийж, УИХ дахь АН-ын бүлгийнхний хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, Засгийн газраас гарахыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос шаардлаа.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар “Уг шаардлагыг эс биелүүлбээс улс төрийн хатуу тэмцэлд шилжихийг АН-ын Үндэсний бодлогын хороо, УИХ дахь АН-ын бүлэгт хатуу анхааруулж байна” гэв. Тэрбээр “Ардчилсан нам үндсэн дүрмийнхээ 1.3-т “Төрийн ардчиллаас иргэний ардчилал руу шилжинэ” гэсэн заалттай. Ардчиллыг бэхжүүлэхэд бүх бодлого шийдвэрээ чиглүүлэх үзэл баримтлалтай нам атал харамсалтай нь 2024 оны долоодугаар сарын 4-нд хуралд¬сан онлайн гэх хууль бус хурлаар Монголын ард түмний дийлэнх хувийн саналыг авсан төрийн эрх барих, Засгийн газраа байгуулах үүрэг бүхий МАН-тай хамтрах шийдвэр гаргасан. Тухайн үед хуралд оролцсон ҮБХ-ны гишүүдийг болон онлайн хурлын форматыг тагнуулын байгууллага болон Улсын дээд шүүхэд өгч, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нөхөд үндэсний аюулгүй байдлын эсрэг, төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг нотлуулах гэнэ. Мөн “Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол бид амиа өгөхөд бэлэн гэдгээ зарлаж байна” гэлээ.
Хэвлэлийн бага хуралд АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатараас гадна Ардчилсан хувьсгалын анхны партизан Д.Рэнцэнтавхай, АН-ын гишүүн, Эрх чөлөө төвийн гишүүн Ш.Оюунбат нар оролцсон юм. Тэд “Хамтарсан Засгийн газрын гэрээг өнөөдрийг хүртэл олж хараагүй байхад яагаад Засгийн газар хэвийн ажиллаж байх ёстой юм бэ” хэмээн шүүмжлэв. Мөн АН-ын сайд нарыг намаасаа хасаж, МАН-д тушааж өгнө гэсэн юм.
У.Оргилмаа