Монголын туялзуур сэлмийн холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д зургаан клубийн 90 гаруй тамирчин өрсөлдлөө. Хоёр хоног үргэлжилсэн тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд “Дуэль” клубийнхнээс Ц.Жигжидсүрэн түрүүлж, улсын хошой аварга болов. Тэрбээр дээрх тэмцээнээс тус бүр хошой алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Тэргүүн байрын төлөө тулалдсан Б.Цэнгүүн мөнгө, Б.Гандөл (“Дуэль”), У.Маргад-Эрдэнэ (“ЛТ клуб”) хүрэл медаль хүртжээ. Б.Цэнгүүн хоёр жил дараалан финалдсан бол Б.Гандөл уг ангилалд анх удаа медаль атгаж буй аж. Эмэгтэйчүүдээс “УБ фенсинг” клубийн тамирчин Б.Гэрэлмаа алтан медаль гардаж, учраа таарсан тулаанчдад нэг хэсэгтээ л бууж өгөхгүй гэдгээ батлан харуулаа. Тэрбээр УАШТ-ээс зургаан алт, нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн амжилтаар бусдыгаа хошуучилж байна. Түүнтэй өрсөлдсөн тамирчдаас Б.Баярчимэг удаалж, Д.Мэрси (“Дуэль”), Б.Амарзаяа (“УБ фенсинг”) нар III байрт шалгарав.