Зүүднийхээ ертөнцөд амьдардаг Стефан хэмээх залуу байж гэнэ. Түүний ертөнц бага насны дурсамж, урлаг, хийсвэрлэл, хэний ч санаанд оромгүй гайхамшигт төсөөллөөр дүүрэн. Нэгэн өдөр хөрш хаалганд бүсгүй нүүн ирэв. Стефани хэмээх тэр бүсгүй залуугийн эмэгтэй хувилбар мэт адилхан. Мөнгө, эд зүйлээр зүрх, тархиа хайрцагласан хүмүүсийн нүдэнд дэндүү гэнэн, болчимгүй мэт харагдах дурлал ингэж эхэлсэн юм даа. Найруулагч Майкл Гондригийн “Нойрсохуйн ухаан” киноноос Шарлотт Генсбургийг ийн анх харсан юм. Харин бидний дараагийн “уулзалт”-ын тухай ярих ч юм биш. Ларс Вон Триерын жихүүдэс хүрэм дүрслэл, түгшүүрээр дүүрэн “Антихрист” кинонд тэр хүүгээ алдсанаас болж сэтгэлийн гүн дарамтанд орсон эхийн дүрийг бүтээсэн.
Эмзэг, өрөвдмөөр байдалд орсон ч тэр жинхэнэ ад зэтгэр болон хувирч буйг энэ киноноос харж болно. Шарлоттын энэ дүр Б.Эрдэнэсолонгын “Эмэгтэй хүн бол хүн биш. Тэднийг бүтээсэн чөтгөр өөрөө эмэгтэй байсан байх...” хэмээх мөртийг сануулах шиг. Гэвч Каннын наадмын шилдэг эмэг тэй жүжигчин Шарлотт Генсбург тоглосон киногоо үзэхээс татгалздаг. Учир нь тэр дэлгэцэн дэх Шарлоттад тийм ч дуртай биш. Дэлгэцийн гаднах амьдралдаа тэр сэтгэл хангалуун бус байдгаа нэгэн ярилцлагад өгүүлсэн нь бий. Харин гурван хүүхэд, хань Иван Аттал нь түүнийг өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд сургасан аж. Өөртэй гөө үл ойлголцдог шалтгаанаа тэрбээр “Гөжүүд зан, тэвчээр, психоанализ” хэмээн тайлбарладаг. Аавыгаа нас барсны дараа Шарлотт “Антихрист”-ийн эмэг тэйгээс дутуугүй сэтгэлийн хямралд орсон ч сэтгэл зүйчийн тусламжтай үүнээс ангижирчээ.
Шарлотт Генсбург энэ сарын сүүлчээр болох Берлиний кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан нь жүжигчний чансааг илтгэнэ. Түүнд жүжигчин болохоос өөр сонголт байгаагүй ч байж болох юм. Магадг үй сонголт гэхээс илүүтэй энэ нь хувь заяа байсан биз. Түүний аав Францын хамгийн алдартай найруулагч, дуучны нэг Серж Генсбург бол ээж нь Их Британийн жүжигчин Жэйн Биркин. Алдарт Катрин Денёвтой “Paroles et musique” кинонд тоглох үедээ тэрбээр 13 настай байв. Шарлотт 15 настайдаа анхны цомгоо гаргасан бөгөөд аав нь продюсерлэжээ. Ухаан орох байтугай хэв лийд бүрэлдсэн цагаас нь л түүн рүү камерын дуран, хов живэнд дурлагчдын нүд цоо ширтсэн. Гэсэн ч охин тансаг амьдрал, дээдсийн хүрээлэл, урлагийн ертөнцөд огт хөл алдаагүй. Америкийн нэгэн сэтгүүлч ярилцлага авах үеэр 14- тэй Шарлотт математикийн гэрийн даалгавраа хийж байсан гэдэг. Хорин хэдэн жил өнгөрсөн ч тэр нүүрэндээ будаг хүргэлгүй ярилцлагад ирж, намуухан ярьдаг нь хэвээрээ.
-Хамгийн дуртай зохиол тань юу вэ?
-Ясүнари Кавабатагийн “Нойрсож буй гоо үзэсгэлэнгийн байшин”, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”.
-Англи, франц хэлний алинаар нь ярих, бичихийг илүүд үздэг вэ?
-Англиар бичихэд илүү эрх чөлөөтэй байдаг бол францаар дуулахад ямар сайхан мэдрэмж төрдөг гээч. Би францаар анх хэлд орсон учраас надад дотно санагддаг юм. Дуулах үедээ заримдаа аавынхаа хоолойг дотроосоо сонс дог. Харин англи хэл илүү чө лөөтэй, зугаатай. Тэгэхээр аль нэгийг нь дээгүүрт тавих боломжгүй юм.
-Өөрийгөө хэцүү нөхцөл байдалд аваачдаг зан тань зуршил мөн үү?
-Би бага зэрэг мазохист хүн байж магадгүй. Дуулахад ч, кинонд тоглоход ч сэтгэл, эсвэл бие өвтгөдөг нь надад таалагддаг. Ялангуяа Ларс Вон Триертэй хамтран ажиллах гайхамшигтай. Түүнийг би шүтэн биширдэг. Тэр жү- жигчнийг уудалж, өөрийнх нь ч анзаараагүй зан авирыг илрүүлдэг. Заримдаа Ларс аймаар санагдаж, кинонд нь тоглох сонирхолтой, солиотой байдаг ч нэр төрийн хэрэг.
-Та үхэлтэй тун ойрхон тулгарч байсан. Тэр үед юу мэдрэгдэж байсан бэ?
-Боб Диланы тухай “Би тэнд байхгүй” киноны нээлтийн үеэс л толгой маань аймшигтай өвдөж эхэлсэн. Түүнээс өмнөхөн би усны цанаар гулгах үедээ унасан ч нэг их тоогоогүй. Харин эмчид үзүүлтэл толгой хүчтэй гэмтэж, тархи цусаар дүүрснийг хэлэхэд би ухаан алдах дөхсөн шүү. Ийм тохиолдолд ихэнх хүн газар дээрээ нас барж, эсвэл бүх бие нь мэдээгүй болдог гэсэн. Магадгүй аав минь намайг тэнгэрээс харж, ивээсэн нь тэр болов уу. Удалгүй мэс засал хийлгэж эдгэрсэн ч 2008 оны хавар тархины бичлэг хийлгэхэд эмч нар үхэж болзошгүй талаар анхааруулсан. Тэр бол миний амьдралын хамгийн аймшигтай үе. Би гэр бүлтэйгээ хамт цагийг удаан өнгөрөөхөөс өөр юу ч хийхээ мэдэхгүй байлаа. Азаар би амьд үлдэж, Америкийн Лос-Анжелес руу ниссэн юм даа. Тэнд дуучин Бэктэй уулзаж, хамтран ажиллах санал тавьсан. Тархины соронзон цуурайны бичлэгт орох үед тэр төхөөрөмжийн чимээ надад дуу шиг санагдсан. Үүнээс санаа авч, Бектэй хамтран францаар “IRM” буюу “Тархины соронзон цуурай” цомгоо гаргасан даа.
-Үзэгч, шүүмжлэгчид таныг өндрөөр үнэлдэг. Харин та өөрийгөө хэр жүжигчин гэж үздэг вэ?
-Чин үнэнийг хэлэхэд би жүжигчин гэж хэлүүлэхээс санаа зовдог. Би урлагийн сургуульд сурах нь байтугай амьдралдаа ганц ч удаа жүжгийн хичээлд явж үзээгүй. 12 настайдаа зуны амралтаар кинонд тоглодог байсан. Тэгэхээр би мэргэжлийн жүжигчин огт биш. Тийм ч учраас би киноны зохиолын үг, үсэг бүрийг цээжилж, дүрийнхээ гүнд нь орж, уусахыг хичээдэг. Кинонд тоглох бүрт анхны удаагийнх юм шиг санагддаг.
-Дэлхийн урлагийн төв Парист амьдрах нь олон хаалгыг танд нээсэн байх?
-Би төрөлхийн ичимхий охин байсан. Багаасаа кинонд тоглосон тул гудамжинд танихг үй хүн нэрээр маань дуудахад бушуухан гүйж, эсвэл тэр дороо алга болчихмоор санагддаг байсан. Гэхдээ аав, ээж маань намайг кинонд тоглохыг хүчилсэн удаа байхгүй. Зуны амралтаараа хилийн чанадад очиж, аав, ээжээс холдох нь хөгжилтэй байсан учраас кинонд тоглохыг зөвшөөрдөг байв. Нэг удаа ааваасаа би их ичиж билээ. Телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ түүнийг 500 франк шатаахыг үзээд маш эвгүй санагдсан. Маргааш нь сургуульдаа очтол сахилгагүй жаалуудын нэг нь миний дэвтрийг шатаачихсан. Тэгэхэд надад хэлэх үг олдоогүй. Гэсэн ч аав миний шүтээн. Түүнтэй холбоотой дурсамжаа би хүмүүст хэлдэггүй. Аавын минь нэг ч гэсэн зүйл зөвхөн надад үлдэг.
-Хамгийн сүүлд тоглосон “Меланхолиа”-гийн дүр тань ертөнцийн төгсгөл ирэхэд хүүгээ ч хамгаалж чадахгүй байгаа эхийг харуулсан. Хэрвээ “Меланхолиа” бодит амьдралд тохиолдвол та яах бол?
-Ертөнцийн төгсгөлийн тухай бодоогүй хүн байдаг болов уу? Гарцаагүйн өмнө хүн дэндүү өчүүхэн. Зайлшгүй аюулын өмнө бид хэчнээн үймэлдсэн ч юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн “Меланхолиа”- гийн ээж төгсгөлийг хэрхэн хүлээн авдагтай адил байх биз.
-“21 грамм”, “Антихрист”, “Меланхолиа” гээд хүнд кинонд тоглох нь танд яаж нөлөөлдөг вэ. Мэдээж киноны зураг хурдан дуусаасай гэж залбирдаг биз?
-Киноны зураг авах үеэр, гэртээ харьсан хойноо ч би тэр дүрдээ орсон байдаг. Өөрөөр хэлбэл, би тоглож буй дүрээрээ дор хаяж хоёр сар амьдардаг. Хэдийгээр киноны явдал, дүрүүдийн хэлж байгаа үг жинхэнэ биш ч сэтгэл хөдлөл, мэдрэмж нь бодитой байдаг.
Б.Эгшиглэн