Монгол Улсад зохион байгуулах 3x3 сагсан бөмбөгийн гурван томоохон тоглолтын эхнийх нь “FIBA 3x3 women’s series-Ulaanbaatar-2025” (Эмэгтэйчүүдийн цуврал) Сүхбаатарын талбайд энэ сарын 18-19-нд, дараагийнх нь “FIBA 3x3 grand slam” (Их дуулга) 20-21, сүүлийнх нь “FIBA 3x3 world cup 2025” (ДАШТ) 23-29-нд болно. Улаанбаатар хотод анх удаа өрнөх эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд манайхаас “Ulaanbaatar Аmazons”, “Amgalan U24”-ийн тамирчид ХБНГУ, Канад, Франц, Австралийн багтай тоглох юм. Харин “Их дуулга”-д оролцох мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 багтай “Улаанбаатар энержи”, “Завхан сайнскор” багийнхан өрсөлдөх аж.
ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээгийнхэн 30 гаруй орны шилдэг багтай учраа таарна. Дээрх тэмцээнүүдэд оролцохоор манай улсад хүрэлцэн ирэх гадаадын 700 гаруй зочин, төлөөлөгчдөд түүх, өв соёлоо таниулан сурталчлах боломж бүрдэж буй юм. Энэ жилийн сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-т эрэгтэйчүүдийн багийн гол тамирчид тоглоогүй. Тэд эх орондоо хүлээж авах тэмцээнд оролцохоор “Уран ган”, “М банк арена”, “Сэлбэ” амралтын газарт бэлтгэлээ базааж буй. ДАШТ-д оролцох Монголын эрэгтэйчүүдийн баг B хэсэгт сагсан бөмбөгийн АНУ, Токиогийн олимпын аварга Латви, Азийн хүчирхэг баг болох Япон, Европын шилдгүүдийн нэг “Монтенегро”-той багтжээ. Тэгвэл эмэгтэйчүүд D хэсэгт Парисын олимпын аварга ХБНГУ, мөнгөн медальт Испанийн багаас гадна Бразил, Украины шигшээтэй тоглоно.
Г.БАТ