Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн гишүүн Д.Отгонжаргалыг “Хүмүүс” буландаа урилаа. Тэрбээр энэ сарын 11-нд болох “Өнө мөнхийн орон” анхны бие даасан тоглолтдоо бэлтгээд завгүй явна билээ.
-Бага нас, нутаг усны тухай яриа гаар ярилцлагаа эхэлье. Баянхонгорынхон өөрийг чинь манай нутгийн охин гэдэг, Дарханыхан бас “өмчилдөг” юм билээ?
-Аав минь Баянхонгор аймгийн Заг сумын хүн. Би Баянхонгор аймагт төрж, бага насаа тэнд өнгөрүүлсэн. Тэгээд Дарханд шилжиж ирээд тэнд дунд сургуулиа төгссөн. Би Баянхонгорыг ч, Дарханыг ч миний нутаг гэж боддог.
-Урлаг, спортын авьяастай, нийгмийн идэвх сайтай охин байсан гэсэн. Сурлагадаа хэр байв?
-Сурлага сайтай байсан шүү. Боловсролын тэргүүний ажилтан Туяа багшийн удирдлага дор алгебрь, хими, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч 2001 онд төгссөн. Багш маань их чанга хүн. Бид багшаасаа их айдаг байлаа. Тиймдээ ч хичээлээ сайн хийдэг, нийгмийн идэвх сайтай байсан. Ангиараа урлаг, спортын авьяастай, сургуулиас зохиосон арга хэмжээнд бүгд оролцдог, хичээлдээ сайн, үлгэр жишээ анги байлаа. Аравдугаар анги төгсөөд бүгд улсын их сургуульд орсон. Манай ангиас хувийн дээд сургуульд орсон хүүхэд байхгүй. Үүгээрээ манай анги Дархандаа алдартай. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга биднийг магтаж байлаа.
-Урлагийн хүн болох шийдвэрийг нэлээн хожуу гаргасан уу?
-Багадаа дуу, хөгжимд дуртай байсан ч дуучин болно гэж бодож байгаагүй. Аравдугаар ангид орсон жилээ л гэнэт дуучин болохыг мөрөөдөөд эхэлсэн. Тухайн үед дуучин болно гэж хэлбэл манайхан эсэргүүцнэ гэдгийг мэдэж байсан болохоор хэлээгүй. Тэгээд тактик боловсруулж, элсэлтийн шалгалт эхлэх хугацааг тулгаж байгаад “Би дуучин болно, СУИС-д элсэхээр бэлдсэн” гэж хэлсэн. Гэтэл манайхан эсэргүүцээд, ойр дотнын хамаатнуудаа цуглуулж, гэр бүлийн хурал хийсэн. Бараг 30-аад хүн байсан байх. Гэтэл ихэнх нь эсэргүүцэж, ээжийн гурван ах л намайг дэмжсэн. Тэр гурвын үг манайханд хууль л даа. Тэгээд л гэр бүлийн хурлаас СУИС-д шалгалт өгөх эрх авч, Улаанбаатарыг зорьж байлаа. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. СУИС-д ороод эхний үед төгөлдөр хуур тоглоод дуулж байгаа хүүхдүүдийг харж, тэдэн шиг болохыг хүсдэг байв. Би төгөлдөр хуур тоглож чадахгүй. Тэгээд ээждээ “Миний үеийн хүүхдүүд төгөлдөр тоглоод дуулах юм. Би тоглож чадахгүй” гэхэд ээж минь “Багаасаа ХБК-д сурсан хүүхдүүд төгөлдөр хуур тоглож байгаа байх” гэхэд нь “Та намайг багад ХБК-д оруулахгүй яасан юм бэ” гэдэг байж билээ. Тэр үед жаахан байсан болохоор л тэгж байж. Одоо бол биднийг өвчин зовлонгүй, гэдэс цатгалан, мөр бүтэн сайхан өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд нь баярлаад баршгүй санагддаг.
-Гэрийнхэн чинь ямар мэргэжил сонгоосой гэж хүсэж байсан юм бол?
-Зураг зурдаг байсан болохоор ах, эгч нар зураач мэргэжлээр нь явуулъя гэж байсан. Ээж эмч болгохыг хүсэж байсан. Миний өвөө Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “цагаан гарт” Тэрбиш гэж нутагтаа алдартай эмч төдийгүй уртын дууг сайхан дуулдаг, нутаг усныхныхаа найр хуримыг эхлүүлдэг дууч хүн байсан гэдэг. Өвөөгийн мэргэжлийг өвлөсөн хүн үр ач нар дунд нь байхгүй учраас ээж намайг эмч болгохыг хүссэн хэрэг. Даанч би тэр хүслийг нь биелүүлсэнгүй. Одоо өөрийнхөө охиныг эмч болгоно гэж бодож байгаа. -Охин чинь бас өөр мөрөөдөлтэй байвал яах вэ? -Би охиныхоо хүсэл, мөрөөдөлд хүндэтгэлтэй хандана.
-Өөрийг чинь олонд танигдаагүй шинэ дуучин байхад Б.Шарав гуай “Өнө мөнхийн орон” хэмээх гайхалтай бүтээлээ өгсөн байдаг. Таныг яаж сонгосон юм бол?
-Миний анхны уран бүтээл “Ижийдээ бичсэн захидал” гэдэг ээждээ зориулсан сайхан дуу бий. Энэ дууны хөгжмийг төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, үгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал нар бичсэн. Тэгээд л намайг мэддэг болсон доо. “Өнө мөнхийн орон” дууны хөгжмийг Б.Шарав гуай, шүлгийг яруу найрагч Л.Өлзийтөгс эгч бичсэн. Энэ сайхан бүтээлийг дуулсан нь миний хувьд маш том аз завшаан байсан гэж боддог. Бас энэ дууг хүмүүст хүргэж чадсан гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.
-“Ижийдээ бичсэн захидал” дууг оюутан байхдаа дуулж байсан санагдана?
-Тийм. Мэргэжлийн багш маань “Та нар мэргэжлийн дуучин болоогүй, дуулах эрдмийн зах зухаас дөнгөн данган сурч байгаа юм байж юун дуу дуулах” гэж загнадаг байсан. Ээждээ зориулсан дуу дуулмаар санагдаж, энэ дууг захиалж хийлгээд багшаасаа нууцаар дуулсан.
-Хэрийн оюутан Б.Шарав, З.Түмэнжаргал нарын мундагчуудад дуу захиалж чадахгүй шүү дээ?
-Яг үнэн. Энэ сайхан боломжийг олгосон “Мөнхийн үсэг” группийн ТУЗ-ийн дарга Б.Батцэцэг эгчдээ маш их баярладаг. Батцэцэг эгч бид үеэлүүд л дээ. Батцэцэг эгчийн дэмжлэгээр олон сайхан дуу дуулсан. Ийм сайхан эгч заяасны ачаар уран бүтээлийн эхлэл маань сайхан тавигдсан.
-Олонд танигдахын хэрээр хувийн амьдралыг нь хүмүүс сонирхдог. Хэрэв таныг зөвшөөрвөл энэ талаар илэн далангүй яриа өрнүүлэхийг хүсэж байна.
-Би зургаан хүүхэдтэй айлын отгон охин. Миний ээжийг Жүгдэр гэдэг. Насаараа цэцэрлэгийн ахлах тогоочоор ажилласан. Миний амьдралын түшиг тулгуур, ганц бат багана маань миний ээж. Ээж байгаагүй бол өдийд яаж явах байснаа хэлж мэдэхгүй байна. Ээждээ маш их хайртай. Ээж маань улам л залуужаад, сайхан болоод байх шиг санагддаг. Хүүхдүүд нь эрүүл энх, зөв сайхан амьдарч, эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээж байвал эх хүний сэтгэл тэнэгэр, сайхан байдаг юм байна. Ээжийнхээ сэтгэлийг дүүрэн, тэнэгэр байлгах нь ачийг нь хариулж буй хэрэг юм даа. Манай гэр бүлд бас нэг эмэгтэй бий. Энэ бол одоо дөрвөн нас хүрэх гэж буй, тун сахилгагүй, тэгсэн хэрнээ ухаалаг, биеэ даасан, гайхалтай авьяастай Мөнгөншагай охин минь. Охин маань одоо надад зааж, зөвлөдөг болсон шүү дээ. Өглөө гэрээс гарахад “Жаахан байж байгаад гар. Тийм хувцас чинь гоё” гээд л зааварлана. Тэгээд орой эрт ирээрэй гээд л үлддэг юм. Дөрвөн нас ч хүрээгүй шүү дээ миний охин. Тэгсэн хэрнээ маш сайн зурдаг. Цэцэг, навч, морь, туулай гээд зурахгүй юм байхгүй. Байнга л “хичээлээ хийе, зургаа зуръя” гэдэг юм. Манай хамтлагийн “Монгол”, миний “Өнө мөнхийн эх орон” дууг хөөрхөн дуулна. Бас их уян биетэй. Нугарна, бүжиглэнэ. Манайх гэж ийм гурван эмэгтэй аж төрөн амьдардаг айл байдаг юм.
-Жендерийн асуудал тулгамдаж байгаа юм байна даа.
-Үгүй, үгүй. Энэ байдлаараа дахиад хэдэн жил амьдармаар байна. Надад хийх ажил маш их байгаа учраас жендерийн асуудалд санаа зовохгүй байна.
-Таныг амьдралаа золиосолж, урлагийг сонгосон гэдэг?
-Хэрэв над шиг амьдралтай эмэгтэй дуучин байсан бол тэр ийм л шийдвэр гаргах байсан байх. Урлагийнхны амьдрал хэцүү шүү дээ. Би хоёр эрэгтэй хүнтэй хамтарч ажилладаг. (Хамтлагийнхаа хоёр дуучныг хэлэв) Бид шинэ дууныхаа бичлэгийг ихэвчлэн оройн цагаар хийдэг. Энэ нь нэг талаас дуу чимээ, хөл хөдөлгөөн тасарсан, студийн хаалга дахин дахин онголзуулаад байхгүй нам жим үеийг сонгож байгаа хэрэг, нөгөө талаас бичлэгийн студийн цаг зав, ажил төрөл тэгж таардаг. Гурван хүн дуугаа бичүүлэхэд их удна. Тэгээд л оройтож харина. Энэ мэтээс болж гэр бүлд үл ойлголцох асуудал үүсдэг байсан. Ингэж их хүсэж мөрөөдөж, өчнөөн жил сурч дуучин гэдэг мэргэжил эзэмшчихээд яагаад дуулахгүй байх ёстой гэж гэсэн асуултыг өөртөө олон дахин тавьсан. Бодсон. Эцэст нь би дуулах л ёстой гэж шийдээд урлагийг сонгосон.
-Энэ шийдвэрээ зөв байсан гэдэгт итгэлтэй байдаг уу?
-Бид зөвшилцөөд, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, элдэв хэрүүл шуугиангүй, эвсгээр өөр өөрийнхөө замыг хөөсөн. Би энэ шийдвэртээ харамсдаггүй. Бие биенээ ойлгоод салсан учраас харамсаж, гутрах зүйл байдаггүй.
-Охин чинь том болж байна. Аавыгаа асууж, таныг зовоож байна уу?
-Гайгүй дээ. Манай ах нарыг “аав аа” гэж дууддаг л юм. Одоохондоо жаахан байгаа болохоор тэгж л байг. Миний охин ухаантай юм чинь том болохоороо ойлгоно.
-Анхны амьдрал бүтээгүй ч гэсэн хүний сэтгэлд үнэ цэнэтэй байдаг гэдэг. Та охиныхоо аавыг үгүйлж, дурсдаг уу?
-Муухай, харамсмаар зүйл миний амьдралд болж байгаагүй. Тэр сайхан хайр, тэр амьдралаас үүссэн хөөрхөн охин минь үргэлж дэргэд байна. Тийм болохоор охиноо хараад дурсамжтай сайхан үеүд маань бодогдолгүй яах вэ. Тийм сайхан амьдралтай байсан юм бол яагаад салчихав гэж бодох хүн байж магадгүй. Би уран бүтээлээ л хиймээр байсан. Гэртээ оройтож ирэх, хөдөө орон нутаг, гадаадад тоглолтоор явах гэх мэтэд асуудал гарна. Ихэнх цагаа уран бүтээлдээ зориулж, хамтлагийнхантайгаа өнгөрөөдгийг маань ойлгодоггүй байсан. Ингээд ярихаар энэ өөрөө болдоггүй нөхөр юм биш биз гэж хүмүүс бодож магадгүй. Би их даруухан хүн шүү дээ. Элдэв аяг, маяггүй байхыг боддог.
-Ээж, охин хоёртойгоо байхад ганцаарддаггүй байх нь мэдээж. Гэхдээ эр хүний хайр халамжийг үгүйлэх үе байдаг уу?
-Ямар хэцүү асуулт вэ. Би маш олон эрэгтэй найзтай. Миний төрсөн өдөрт ирдэг 50-60 хүний дийлэнх нь эрэгтэй. Эр хүний хайр халамж гэхээр... Би бүжгийн дугуйланд долоон жил хичээллэж байгаа. Гавьяат жүжигчин Бэхбат багш бүжгийн хичээл заадаг юм. Багш маань бүжиглэж, хөлсөө гаргахад эмэгтэйчүүдэд эрэгтэй хүнийг орлох нэг даавар ялгардаг гэдгийг судалж тогтоосон гэсэн. Үүнд л итгэчихсэн яваад байгаа шүү дээ.
-Мөнгөншагай охиноо Алтаншагай дүүтэй болгох төлөвлөгөөгөө хэзээ биелүүлэх вэ?
-Хүнд хүн л хэрэгтэй гэдэг шүү дээ. Нэг нууцаа задалчихъя. Би таван хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Сайхан хань ижил, гэр бүлтэй болоод, дөрвөн хүүхэд төрүүлнэ гэж боддог. Хоёр дахь хүүхэд маань хүү төрвөл Алтаншагай гэдэг нэр өгнө гээд төлөвлөчихсөн. Охин байвал бас л “Шагай”-тай нэр өгнө.
-Эрдэмтэн хүний гэргий болно гэж мөрөөддөг байсан гэж ярьсныг чинь уншиж байсан. Тэр мөрөөдөл чинь хэвээрээ юү. Ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж хүсэж байна вэ?
-Би энгийн, даруухан хүн байх дуртай. Тийм болохоор багадаа нөхөр маань бас энгийн даруухан хүн байгаасай гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл маань одоо ч хэвээрээ. Ер нь эрдэм номын ажил хийдэг, даруухан хүн надад таалагддаг. Амьдрал таашгүй болохоор тийм хүнтэй учрах ч юм бил үү.
-Таныг хөөрхөн гэж хүмүүс хэлж байв уу?
-Зөндөө хэлж байсан. Гэвч ээж, охин хоёр маань намайг магтсан үг хэлэхэд л би их баярлаж, урамшдаг даа.
-Залуухан, царайлаг, авьяаслаг, ганц бие, олны танил бүсгүйд эрчүүд хэрхэн хандаж байна вэ?
-Үгүй ээ. Хааяа нэг “Voice”- ийн эмэгтэй дуучин байна гэх хүн таардаг л юм. Би амьдрал дээр тайз, дэлгэцэнд харагддагаасаа тэс өөр, энгийн байдаг болохоор хүмүүс бараг таньдаггүй байх.
-Танилцах санал, болзооны урилга хэр ирдэг вэ?
-Бараг ирдэггүй шүү дээ. Бараг ч гэж, тийм санал ер нь ирж байгаагүй юм байна. Би хоёр эрэгтэй дуучинтай хамтарч ажилладаг. Манай хамтлагтай ямар нэг байдлаар хамтарч ажил лахыг хүссэн хүмүүс менежерээр дамжуулж бидэнтэй харилцдаг. Тийм болохоор миний утасны дугаар энд тэнд байгаад байдаггүй. Өө, нээрээ ганц нэг мессэж ирж байсан юм байна. Би танихгүй дугаарт хариу бичдэггүй, шаардлагатай гэж үзвэл менежерийнхээ дугаарыг бичээд явуулчихдаг.
-Олны танил болохоор биеэ авч явах байдал, эдэлж хэрэглэх зүйлээс эхлээд их асуудалтай болдог байх?
-Олны танил болсон гээд л үнэтэй брэндийн чамин хувцас авч өмсөх албагүй шүү дээ. Надад бол үнэтэй хувцас чухал биш. Цэвэрхэн, энгийн даруухан хувцаслах сайхан шүү дээ. Тэгээд ч би тийм үнэтэй чамин хувцас авч дийлэхгүй. Би улсын байгууллагад ажилладаг. Хамтлагаараа дуулж олсон мөнгөнийхөө ихэнхийг дараагийнхаа уран бүтээлд зарцуулдаг.
-Олны танил байхын жаргал, зовлон таныг бас тойрохгүй л байгаа байх. Наад зах нь өнөөдөр би амьдралын чинь нарийн нандин зүйлийг олонд дэлгэх гээд шалгаагаад сууж байна.
-Би нэг их айхтар олны танил хүн биш учраас нэг их хэцүү зүйл алга даа. Би түрүүнд орж ирээд л хувийн амьдралыг минь битгий асуугаарай гэж гуйсан шүү дээ. Хүмүүс хувийн амьдралыг минь хэт сонирхох нь жаахан тиймхэн юм. Нэгэнт болоод өнгөрсөн, миний амьдралын нэг хэсэг учраас одоо яая гэх вэ.
-Хүн хүүхэд наснаасаа холдох тусам мөрөөдлөөсөө холддог гэдэг. Та хэр мөрөөдөмтгий вэ?
-Томоохон уралдаанд амжилттай оролцож, гадаадын том театруудад урилгаар дуулах юмсан гэж мөрөөддөг. Одоо ч би мөрөөдөж байна. Бас элэг бүтэн, эрүүл энх урт удаан амьдармаар байна. Би мөнгөтэй баян болох юмсан гэж мөрөөддөггүй. Мөнгийг зөв шүтэж, хөдөлмөрлөж байгаа хүнд хүссэн хүсээгүй мөнгө ирнэ. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үнэн үг. Хүн зөв сэтгэлийн үр тарихад хэд дахин их ургац хурааж авдаг гэдгийг би олон жишээнээс мэднэ.
Х.УЯНГА