- АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал оруулна -
Төрийн албыг цомхон болгохын тулд 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дэд сайдгүй ажиллаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалыг сэргээв. Ингэхдээ тэрбээр “зөрүү”-нд нь Л.ОюунЭрдэнийн танхимын үед бий болгосон бүтээмж болон хяналтын 128 менежер, мөн сайд нарын зөвлөхүүдийн орон тоог цомхотгож буй юм. Эдгээр менежерийг ТӨХК-иудын ТУЗ-өөс томилдог учраас тэд хуралдаж, шийдвэрийг албажуулах нь. Мөн чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороог татан буулгаж, 41.6 тэрбум төгрөг хэмнэж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн зуун орон тооны оронд 16 дэд сайд томилно гэдэг нь тун “хожоотой” шийдэл гэж харагдаж буй юм.
Г эвч энэ нь үнэхээр төсөв хэмнэж, төрийг цомхон бүтэцтэй, үр дүнтэй ажиллуулах гарц мөн үү гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна. Дэд сайдаар томилж буй хүмүүсийг харвал тийм итгэл төрөхгүй нь. Нөгөө талаар үүнийг Засгийн газрынхаа насыг уртасгах арга гэж үзэж буй. Тэгвэл эсрэгээрээ танхимаа унагах ажлыг эхлүүлчихсэн юм биш биз. Учир нь дээрх шийдвэртэй зэрэгцээд сөрөг хүчний зүгээс дэд сайд томилсон шийдвэрээ эргэж харахгүйбол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах санал оруулахаа мэдэгдлээ.
ӨВДӨГ ШОРООДСОН УЛС ТӨРЧИД
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, дэд сайд нарын нэрийг тодруулсан байна. Үүний дараа уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, дэд сайд нарыг томилсон тогтоол батлав. Ийнхүү Г.Занданшатарын танхимд 16 дэд сайд нэмэгдэж буй юм. Тэдний 15 нь МАН-ынхан, ХҮН намаас нэг дэд сайд томилж байна. МАН-ын дэд сайд нарын олонх нь өмнө нь улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, 1980, 1990-ээд оны залуус аж. Мөн УИХ-ын гишүүн асан нэг, дэд сайд байсан хоёр хүн багтжээ.
2020-2024 оны парламентын гишүүн, Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Г.Ганболд Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон байна. Тэрбээр ШУТИС-ийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн нэгэн. Ажлын гараагаа Өвөрхангай аймгийн Холбооны газарт гол шугамын монтёроор эхэлжээ. Мөн аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, “Өв АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан аж. Улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга хийж байгаад гишүүнээр сонгогдож байсан юм билээ. 2024 оны сонгуульд хангайн бү сэд нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй юм.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо салбараа сольж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын “орлогч” болж байна. Тэрбээр Харвардын Хуулийн сургуулийг төгссөн, магистрын зэрэгтэй. Уг нь эл салбартаа бол мэргэшсэн хүн байсан ч яагаад ч юм тэндээ улирсангүй. Сонгогдсон тойрогтоо ажил хийгээгүй, буцаж очих нүүргүй улс төрчид сонгуулиар аймаг, дүүрэг хэсэн “нүүдэг”-тэй л ижил юм болов. Үнэхээр сайн ажилласан хү нийг салбар сэлгүүлмээргүй мэт. Мөн тэрбээр 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдсэн. Намын даргадаа тал олохын тулд нэлээд ч хичээж, Л.Оюун-Эрдэнийн хамгаалагчдын нэгээр тодорч байв. Гэвч гишүүн болж чадаагүй. Ийнхүү сонгуульд өвдөг шороодсон улс төрчдийг Г.Занданшатар дэд сайдын албан тушаалд томилжээ.
МЭРГЭЖЛИЙНХЭН
Дэд сайд нарын дотроос мэргэжлийн гэж хэлж болох цөөхөн хүний нэг нь Г.Амартүвшин. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан юм. Уг албан тушаалыг үгүй болгосон ч сэргээмэгц нь эргэн ирж байна. МУИС, Австралийн Дикений их сургуулийг дүүргэсэн тэрбээр 2004 оноос хойш ГХЯ-ны хэд хэдэн газарт мэргэжилтэн, атташе, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга, Бодлого төлөвлөлт, зохицуулалтын болон Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан юм билээ. 2022 оноос дэд сайдаар томилогдон хоёр жил ажилласан байх нь.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болсон С.Даваасүрэн хэмээх эмэгтэй мэргэжлийн гэдэг ангилалд бас багтана. Тэрбээр АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан, уг салбартаа 29 дэх жилдээ ажиллаж буй гэнэ. 2016-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга байв.
Батлан хамгаалахын дэд сайдаар хошууч генерал Б.Баасандамбыг томилов. Тэрбээр ЗХЖШ-ын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлсэн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү дэд сайд болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болсон Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын ХЭГ-т шинжээч, референт, газрын дарга хийж байсан аж. Мөн энэ оны зургаадугаар сард ХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон юм. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Өмнө нь “Ногоон автобус”ны гэх хэрэгт холбогдож байсан нэгэн аж.
ТЭД ХЭНИЙ “ТАТААС” ВЭ
Тэгвэл Эрүүл мэндийн дэд сайдаар залуухан, улс төрд “ногооноороо” эмэгтэйг томилжээ. Дэд сайд Г.Номин нь ЭМШУИС-ийг 2017 онд төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд тэндээ багш, мөн ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан аж. Тэрбээр Британид энэ чиглэлээрээ магистрын зэргээ хамгаалсан юм байна. Гадаад, дотоодод олон судалгааны бүтээлээ нийтлүүлсэн, залуу судлаач хэмээн түүнийг тодотгожээ. Сангийн дэд сайд болсон Б.Хулан Люксембургийн их сургуулийг олон улсын санхүүгийн шинжээчээр төгсөөд, тэндээ багшилж байжээ. Мөн Британийн HSBC банканд ахлах менежерээр ажиллаж байсан нэгэн. Гадаадад боловсрол эзэмшсэн, ажилласан намтар нь тун даруу эдгээр залуу ийнхүү “ногоон гэрлээр” өндөр албан тушаалд очсон нь хэн нэгний “татаас” уу гэсэн эргэлзээ төрүүлэв. Тэдний аавууд нь МАН-ын “партизан”, ямар нэг нөлөө бүхий албан тушаалтан байж мэднэ гэсэн хардлага ч байна.
Дэд сайдын томилгооноос хамгийн их шүүмжлэл дагуулж буй 2-3 хүний нэг нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд болсон Г.Дашням. “JET” скүүтерийг оруулж ирсэн “Жет шейринг Монголиа” компанийн үүсгэн байгуулагч тэрбээр 2024 оны сонгуулиар МАНаас 10 дугаар тойрог болох Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Сонгуулийн үеэр лайваар “агсарч”, УИХ-д сонгож болохгүй хүн байна гэсэн дүгнэлтийг иргэд өгсөн ч нам нь түүнд ийнхүү “бялуу” хүртээв. Улс төрийн өндөр албан тушаал хаших хэмжээнд төлөвшөөгүйгээ тэрбээр уг үйлдлээрээ баталсан юм. Эдгээр салбарын хувь заяа ийнхүү “хаяжээ”.
Сонгуулийн дараа тэрбээр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх болсон юм даг.
Г.Дашням УИХ-ын дарга Н.Учралтай найз, бас бараг “шүтэн бишрэгч” нь бололтой. Цахим хуудсаараа дүүрэн Н.Учралын постыг хуваалцсан байна лээ. Тэрбээр МҮОХ-ны гишүүнээр ажиллаж байсан юм билээ. Үүнээс нь дээрх салбарт “тохирно” гэж үзээгүй л байлтай.
Дэд сайд нарын дунд хуульч, эрх зүйч мэргэжилтэн цөөнгүй багтсан байна. Тэдний нэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон Б.Нямжав. Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн, манлай уяач цолтой. Өөрийгөө “өв тээгч” хэмээн тодорхойлсон байна лээ. Манлай уяач болохоор нь хөдөө аж ахуйн салбарын дэд сайд болгосон уу, эсвэл хэн нэг улс төрчийн хүү, дүү бололтой. Олон нийтийн сүлжээнд түүнийг МАН-ын генсек Я.Содбаатарын уяач хэмээн бичиж буй.
ХУРГАН ДАРГА НАР ДЭВШИВ
Эрчим хүчний дэд сайд болсон С.Далхаасүрэн 1986 онд төрсөн, сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй юм байна. Тэрбээр МХЕГ-т мэргэжилтнээс хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх хийж байсан. Эдүгээ УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад дэд сайдаар томилогдлоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдсон Б.Мөнхтамир мөн л хурган даргын ангилалд багтана. Тэрбээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн мэргэжлээр дүүргэжээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр мөн 2024 оны сонгуулиар жагсаалтын 29 дү гээрт эрэмбэлэгдээд “аз дутсан” юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд болсон Б.Энхтүвшин Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч байжээ. 1980 онд төрсөн юм байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар хэнийг томилох тухай МАН-ынхан харьцангуй удаан “маргасан” бололтой юм. Удирдах зөвлөлийн хурлаас энэ салбарыг түр үлдээсэн гэж байсан ч С.Энхболдыг Засгийн газраас томилжээ.
Дэд сайдуудын дунд гуравдагч хүчнийг төлөөлөх хүн нь Боловсролын дэд сайд Д.Гантулга боллоо. Тэрбээр саяхан ХҮН намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон, тус намын туршлагатай улс төрчдийн нэг. Тэгэхээр одоо намынхаа сайдын орлогчийг хийх нь.
Ийнхүү дэд сайдын албыг жил гаруйн дараа сэргээхтэй зэрэгцээд Ерөнхий сайд танхимаа аврах биш, алдах эрсдэл бий болов. Сөрөг хүчнийхэн “3.5 сая хүн амтай Монгол Улс 35 сайдтай болж буй нь “Гиннесийн ном”-д орох үзүүлэлт. 46 сая хүнтэй Аргентин улс есөн сайдтай, эдийн засаг нь өссөн. Финланд улс таван сая хүнтэй, 12 сайдтай ч дэд сайдгүй ажилладаг. Тэд аж үйлдвэрээ хөгжүүлж, цахим шилжилтээ хийж байна. Харин даргын тоог нэмдэггүй” гэсэн юм.
Ажлынх нь үр дүн гардаггүй, бас л Засгийн газарт хамтарсан намуудад “бялуу” хүртээх зорилгоор бий болгосон хяналтын болон бү тээмжийн менежер гэдэг албан тушаал манайд хэрэггүй. 128 менежерийн жилийн цалинд 26 тэрбум төгрөг зарцуулдаг. Тэгвэл 16 дэд сайдын цалин 414 сая төгрөг болох гэнэ. Ингэснээр дунджаар 20.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэсэн тооцоог Засгийн газраас хийжээ. Гол нь дэд сайд нарыг дагаж ирэх эрх ямба, орон тоо нь бүтээмжийн менежерийг цомхотгосноос дээрдэж, зардал бодитоор хэмнэгдэх үү гэсэн асуулт гарч байна. Сөрөг хүчин ч үүнд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Г.Занданшатар танхимаа аврах алхам хийв үү, эсвэл “аних” шийдвэр гаргасан уу. Үйл явдал хэрхэн өрнөхийг харж л байя.