Нам доторх бүлэглэлүүддээ “бялуу” хувааж, Засгийн газраа удаан тогтоох баталгаа гаргах гэсэн биш Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа унагаах нөхцөл бүрдүүлэв. Тэрбээр 128 бүтээмж, хяналтын менежер болон сайдуудын зөвлөхийн орон тоог цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон юм. Уг нь цомхотгоод л зогссон бол байдал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байлаа. Эдийн засаг хүнд байхад төрийн албыг цомхон болгохын оронд даргын тоо нэмснийг сөрөг хүчнийхэн шүүмжилж, уг шийдвэрээ эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулахаа мэдэгдсэн. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжүүд төрөөс тогтоосон өндөр татварыг төлж барахгүй, туйлдаж байна. Нийт 6.5 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан нь төлөхөөс зугтаасандаа биш, хүсээд ч барагдуулж дийлэхгүй болсонд юм. Гэтэл Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж, гал дээр тос нэмсэн. Мөн бодит байдалд шатахууны хомсдол нүүрлээд хэдэн сар өнгөрлөө.
Иргэд бензин авах гэж машинаа унтартал хотоор эрэлд гарч, хэдэн цагаар дугаарлан байж балга шатахуун олдог болсон. Ингэж иргэд, аж ахуйн нэгжүүдээ “яргалж” буй. Гэвч бодит байдлаа хүлээн зөвшөөрч, гарц гаргалгаа хайхын оронд “Та нарын хэрэглээ хэт ихэссэнээс болсон” гэсэн тэнэг тайлбар хийсээр удав. Иргэд тэнэг биш. Татвар, шатахууны хомсдолд даацтай шийдвэр гаргахыг нь хагас жил хүлээсэн иргэдийн төлөөлөл өчигдөр тэсэрлээ. Тэд Төрийн ордны гадна жагсаж, Засгийн газрыг огцруулахыг шаардсан. Ийнхүү ордон дотроос сөрөг хүчний, гаднаас иргэдийн шаардлага хүч хавсрав.
ДУУСДАГГҮЙ ТОМИЛГОО
Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хагас жил болж буй. Энэ хугацаанд тэд юу хийв. Төрд нүүрлэсэн хулгайтай тэмцэнэ гэж шинээр томилогдсон Ерөнхий сайд бүр амладаг. Уг “уламжлал”-ын дагуу Г.Занданшатар ч ийм амлалт өгч, овоо ажил хийх нь үү гэсэн итгэлийг эхэндээ төрүүлсэн юм. Эдийн засгийн хүндхэн нөхцөлтэй улс орныг хүлээн авч, төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танахаас ажлаа эхлүүлсэн. Мөн байгалийн баялгийн буюу төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгайтай тэмцэхээ зарласан. Улмаар нууцын зэрэглэлд оруулах замаар “мөнгө иддэг” байдлыг ил чилж, олон оффтэйк гэрээг ил болгосныг иргэд ч дэмжиж буй. ТӨК-иудаас ашиггүй ажилладгийг нь татан буулгах, нэгтгэх замаар цэгцлэх ажил үргэлжилж байна. Гэвч хулгайтай хийх тэмцэл нь МАН-ынхан эвлэрэх хүртэл үргэлжлээд, одоо мартагдах тийшээ хандлаа.
Аравдугаар сард улс төрд “адал явдал” ихтэй өнгөрснийг уншигчид санаж буй. Ерөнхий сайд намын даргын албан тушаалаа баталгаажуулах нь зүй ёсны хэрэг байв. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өмн уг сонгуульд нэрээ дэвшүүлэх сураг гарч эхэлсэн юм. Тэгмэгц гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, түүнийг нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг сануулах нь тэр. Үүний дараа спикер асан намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ингэж МАН-ын түүхэн дэх их талцал эрчимжсэн юм. Хулгайтай тэмцэх зорилгодоо хүрэхийн тулд Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо. Д.Амарбаясгалангийн талынхан хариуд нь Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндсөн тул 100 хоногийн ажлын тайлангаа албан ёсоор тавих боломж ч түүнд гарсангүй. Аравдугаар сарын 17-нд түүнийг огцруулах тогтоолыг УИХ баталсан. Тэр өдөр л Ерөнхий сайд өнгөрсөн гурван сард хийсэн ажлын тайлангаа тавингаа гомдлын үгээ хэлсэн. Байгалийн баялгийн хулгайтай тэмцэнэ гэдэг бол МАН-ын гишүүдтэйгээ тэмцэнэ гэсэн үг. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, хулгайтай тэмцсэний үр дүнд нүүрсний экспортын орлого сүүлийн хоёр сард 513.8 сая доллар болж өссөн. Улсын валютын нөөц 5.9 тэрбум доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч унасан нь 5.6 хувь болж хоёр дахин нэмэгдсэн” гэх мэтээр тоо хэлээд, “Гэхдээ би эвлэрэх гэж, бас хамт унах гэж хулгайтай тэмцээгүй” хэмээсэн. Түүнийг огцруулсан тогтоолыг дараа нь Цэцээс цуцалж, Засгийн газрын бүрэн эрх сэргэсэн билээ.
Ер нь хулгайтай тэмцэх гэж байтал танхимаар нь оролдоод эхэлсэн тул яаж Засгийн газраа авч үлдэх, үүний тулд хэрхэн “бялуу” хуваахад л үлдсэн хугацаагаа зарцуулсан гэхэд болно. МАН-ынхан эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, ятгах үед ч “Буруу булхайгаа эвлэрлийн ард нуухгүй” гэж байлаа. Гэвч эцэст нь нуугаад дуусаж байх шиг. Д.Амарбаясгаланг хуулийн байгууллага шалгаж байгаа л дуулдана. Гэвч шалгасаар мартдаг жишиг улс төрд бий. Үндсэн хууль зөрчиж танхимыг нь огцруулсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудал ч сураг ажиггүй. Баялгийн хулгайтай хийх Г.Занданшатарын “цогтой тэмцэл” ийнхүү дуусав бололтой.
Үүний оронд Засгийн газраа авч үлдэхийн тулд томилгоо л хийдэг боллоо. Танхимын зарч маас зөрсөн С.Амарсайханыг Шадар сайдаас огцруулж, оронд нь Х.Ганхуягийг томилсон. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар нь ажиллаж байсан Н.Учрал МАН-ын дарга, улмаар парламентын спикерээр сонгогдсон тул түүний оронд ХХААХҮийн сайд Ж.Энхбаярыг томилов. Ж.Энхбаярын оронд М.Бадамсүрэн “очсон”. Ийнхүү танхимдаа хэдэнтээ сэлгээ хийгээд байна.
Дэд сайдын албан тушаалыг сэргээж, намынхандаа “бялуу” хүртээлээ. Одоо 20 гаруй орны Эл чин сайдын томилгоог энэ долоо хоногт хийнэ. Энэ бүхэн нь Засгийн газраа авч үлдэх ганцхан зорилготой. Уг нь татварын дарамтыг бууруулж, шатахууны нийлүүлэлтээс эхлээд хомсдол үүсгэхгүй байх боломжийг бүрдүүлсэн бол тэд шийдвэрүүд нь олон нийтийн хамгаалалтыг бий болгох байв. Гэвч түүнд танхимаа хамгаалж улстөржөөд үндсэн ажлаа хийх “зав олдоогүй” аж.
Уг нь өнгөрсөн есдүгээр сард Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн барьсан. Тэгээд л мартчихаж. “Данс хаадаг бүдүүлэг аргыг хална” хэмээн Г.Занданшатар нэгэнтээ хэлсэн ч үүндээ хүрсэнгүй. Төсвийн орлого тасрах эрсдэл үүсмэгц өнөө хэдэн аж ахуйн нэгжээ л “талхих”-аас өөр шийдэл олсонгүй. Харин Засгийн газрыг огцруулах тухай ярьж эхэлмэгц буюу өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар уг төслийг хэлэлцсэн байна лээ. Татварыг бууруулах чин хүсэл эрх баригчдад байхгүй учраас л ийнхүү төсөл өргөн барьсан болж, бас хэлэлцсэн дүр эсгэдэг биз ээ.
О.ЦОГТГЭРЭЛ: ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСГИЙГ ӨНӨӨДӨР Ч БҮРДҮҮЛЖ ЧАДНА

УИХ дахь АН-ын бүлгийнхэн дэд сайд томилсон шийдвэртэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт байр сууриа илэрхийлсэн. Уг шийдвэрээ цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулахаа тэд мэдэгдсэн юм. Улмаар баасан гарагт АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хэсэг гишүүн Ерөнхий сайдын өрөөнд орж уулзсан. Гэвч өнөөх нь “Та бүхэн эрх барьж байх үед дэд сайдын албан тушаалтай байх хууль санаачилсан. Тиймээс уг хуульд өөрчлөлт оруулах замаар ажиллаж болно” гэсэн эелдэг хариу хэлээд, амыг нь таглаад гаргасан. Тэгмэгц О.Цогтгэрэл гишүүн тэр өдрөөс эхлээд өөрийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулав. УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанд гишүүдийн ирц тааруухан байсан ч даргынхаа саналыг дэмжсэн аж. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэг буюу 32 гишүүн дэмжиж, гарын үсэг зурснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх боломж бүрддэг. Улмаар нийт гишүү ний олонх дэмжвэл Засгийн газар огцорно.
Энэ талаар мэдээлэл хийх үедээ О.Цогтгэрэл дарга “Эл шийдвэрийг манай бүлгийн гишүүд дэмжсэн. Гэхдээ бид анх тавьсан шаардлагаа хүндэлж, Ерөнхий сайдыг дэд сайд томилсон шийдвэрээ цуцлах, эсэхийг энэ долоо хоног дуустал хүлээнэ. Үгүй бол Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барина. Гарын үсгийн тоо чухал биш. Манай нам УИХ-д 42 гишүүнтэй. Хүсвэл өнөөдрийн дотор ч 32 гишүүний гарын үсгийг бүрдүүлж чадна. Гэхдээ хугацаа олгож буй юм” гэлээ. Мөн “АН-ынхан өөрсдөө дэд сайдтай байх хуулийг санаачилсан” гэсэн мэдээлэлд “Бид Засгийн газрын тухай хуульд 2015 онд өөрчлөлт оруулж, дэд сайдтай байх заалтыг хассан. Гэвч МАН эрх баригч болмогцоо буюу 2016 оны долоодугаар сард хуульд өөрчлөлт оруулж, дээрх заалтыг сэргээсэн. Тиймээс одоо тэд өөрсдөө энэ асуудлаа шийдэж, хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. АН үүнд оролцохгүй. Бид шаардлагынхаа хариуг л хү лээнэ. Дэд сайд томилсноо цуцлахгүй бол огцруулах саналаа оруулна” гэлээ. Эрх баригчид зуурсан бантангаа өөрсдөө шийдэх ёстой хэмээн тэрбээр онцолсон. Мөн иргэдийн зүгээс Засгийн газрыг огцруулах жагсаал хийж буй нь АН-тай холбоогүй, бид хонжоо хайсан жижиг улс төр хийхгүй гэв. Түүнчлэн 2026 оны төсөвт дэд сайд, түүний “дагалдах” хүмүүст зориулсан ямар ч төсөв батлаагүй гэдгийг сөрөг хүчнээс сануулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүү жин “АН дэд сайдтай байх хуулийг санаачилсан гэдэг нь худал мэдээлэл. Бид харин ч 2015 онд үүнийг байхгүй болгосон. МАН-ынхан эрх баригч болоод сэргээсэн. МАН бол дарга “үйлдвэрлэдэг” нам шүү дээ. Дэд сайд бол Засгийн газрын бүрэлдэхүүнд ордоггүй, бүтцэд нь багтдаг албан тушаал. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд шийддэг. Тиймээс АН-ынхан дэд сайдын орон тоог хасах хууль санаачилбал эдгээр албан тушаалтны бүрэн эрхэд халдах алхам болно гэж манай намынхан үзсэн байх” гэлээ.
МАН-ААС ХЭН ДЭМЖИХ ВЭ
Засгийн газрыг огцруулах асуудал одоогоор АН-ын бүлгээс албан ёсны улс төрийн шийдвэр болж гараагүй, албажаагүй байгаа аж. Олонх нь дэмжиж буй хэдий ч 100 хувийн ирцтэй байх, эсэх нь эргэлзээтэй. Учир нь АНынхан дотор эргэж хөрвөгсөд цөөнгүй бий ч 32 хүний гарын үсгийг О.Цогтгэрэлийн бардам хэлснээр асуудалгүй бүрдүүлэх байх. Гэвч нэгдсэн чуулганаар уг асуудлыг шийдэхийн тулд 64 хүний дэмжлэг хэрэгтэй. АН улс төрийн шийдвэр гаргаж, 42 гишүүнээ нэгтгэж чадлаа гэж бодоход цаана нь 22 санал дутна. Тэгвэл МАН дотроос “бялуу” хүртэж чадаагүй, сэтгэл дундуур улс төрч олдох уу. Хоёрхон сарын өмнө Г.Занданшатарыг огцруулахаар МАН-ын 35 гишүүн нэгдэж байсныг мартаж болохгүй. Улс төрд мөнхийн эрх ашиг, шийдэл гэж үгүй. Тэгэхээр өөрийн буруугаас огцорсон, орлогоо нотолж чадаагүй хэдий ч Ерөнхий сайдын суудалд мөнх сууна хэмээн эндүүрдэг нэг эрхэм энэ боломжийг зүгээр хараад суухгүй л байх. Тэр “хамгаалагчид”-аа хөдөлгөвөл Г.Занданшатарын Засгийн газрыг өлхөн түлхэж унагана. МАН-ынхны эвлэрэл, “бялуу”-ны хуваарилалт бол баталгаа биш. Засгийн газрыг огцруулах санал нэгэнт гараанаас гарвал МАН-ын доторх “урвагчид” боломжийг ашиглаад, эцэст нь бурууг сөрөг хүчин рүүгээ тохоход гайхах зүйлгүй. Ийнхүү хагас жилийн дотор хоёр дахь удаагаа огцрох эрсдэл Г.Занданшатарын Засгийн газарт тулгараад байна.