Манай улс экспортоос 2024 онд 15.8, өнгөрсөн жил 15.7 орчим тэрбум ам.доллар олжээ. Үүний 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна. Улмаар экспортын орлогоос төсвийн 30 гаруй хувийг хуримтлуулдаг гэхээр төрийн албаны гурван хүн тутмын нэгнийх нь цалин, гурван ахмад тутмын нэгнийх нь тэтгэврийг ашигт малтмал зарсан мөнгөнөөс олгодог гэж ойлгоход болно. Мөн эмнэлэг, сургууль, эрчим хүчний салбарыг “авч явах” зэрэг улс орныг хөдөлгөж буй хөрөнгө бүрийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулж байж олно. Хувь хүн, өрх айлаар жишээлсэн ч амьдрахын тулд мөнгө олох, үүний төлөө эрдэм мэдлэг, хийсэн бүтээснээ, хөдөлмөрөө зарах хэрэгтэй. Гэтэл Монгол Улсыг хөдөлгөгч хүч болох хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ бид талцаж хэрэлдээд болохоо байв.
Уул уурхайн салбарыг, ашигт малтмал олборлохыгэсэргүүцэгчидуламбүролширч, иргэний нийгмийнхэн, төрийн бус байгууллагынхнаар хязгаарлагдахаа больж бүхэл бүтэн аймгааараа эл асуудалд оролцдог боллоо. Тодруулбал, чухал ашигт малтмал буюу газрын ховор элемент ашиглах тусгай зөвшөөрлийг 20 гаруй жилийн өмнө авсан “Монголиан нэйшнл рийр ийрт корп” (MNREC) компанийн үйл ажиллагааг Ховдынхон эсэргүүцэн, ажлыг нь хийлгэхгүй байна. Мянгад сумын нутагт кэмп байгуулахаар барьсан тус компанийн гэрүүдийг нурааж, орчин тойрныг нь сүйтгэсэн. Мөн аймгийн төвд морьтой жагсаал зохион байгуулсан бол өнгөрсөн сард нийслэлээс “жагсаал цуглааны одууд” хүч нэмэгдүүлэн очиж, төрийн албан хаагчдын өрөөнд орж, MNREC-г хөөж явуул хэмээн шахамдууллаа. Бас Дорноговьд үйл ажиллагаа явуулдаг урд хөршийн газрын тосны компанийг эсэргүүцсэн нэгэн эмэгтэй тос зөөдөг цистернтэй өөрийгөө гавласан, тээврийн автомашины цувааг хааж хэвтсэн тохиолдол бий. Түүнчлэн тус аймагт ураны шар нунтаг олборлохоор ажиллаж буй “Бадрах энержи” компаниас шалтгаалан мал гажигтай төл гаргалаа, ус хордлоо хэмээн хаврын хаварт л шуугиан дэгдээж, жагсдаг. Нийслэлд ч Сүхбаатарын талбайд уул уурхайг эсэргүүцэгчид, томоохон компаниудыг, ялангуяа Оюутолгой ордыг ашиглахын эсрэг тэмцэгчид үе үе гарч ирдэг бөгөөд хөрс шороо, эх орноо хамгаалж байна л гэдэг. Гэтэл энд дурдаж буй бүх компани дотоод, гадаадын аль ч аж ахуйн нэгж хуулийн дагуу зөвшөөрлөө авсан, бүр Засгийн газартай гэрээ байгуулсан нь цөөнгүй. Манай улс ч гэрээ байгуулж, хамтран ажиллаач хэмээн урьж залж, харилцан тохирч ажлаа эхлүүлсэн. Гадаадынханд бол монголчууд нэг гараараа гэрээ хийж, нөгөө гараараа компаниудыг хөөж, хавчиж байгаагаас өөрцгүй нөхцөл үүсгэдэг гэсэн үг. Эдгээрт цөөнгүй шалтгаан нөлөөлж байна.
Нэгдүгээрт, иргэдэд байгаль орчны айдас буюу хөрс, ус бохирдох, хордох, улмаар мал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учирна гэсэн болгоомжлол бий. Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын иргэн О “Манай сумын нутагт Халзан бүрэгтэй уулын ойролцоо ашигт малтмал олборлохыг бид зөвшөөрөхгүй. Учир нь газрын ховор элемент чинь уран болон цацраг идэвхт бодис агуулдаг, тун хортой зүйл гэсэн. Ер нь зөвхөн манай сумынхан гэлтгүй хааш хаашаа 100 км-ийн тойрогт бэлчээр сүйрч, амьтан, ургамал болон хүнд сөрөг нөлөө үүсэж, хохирол учрах юм билээ” хэмээв. “Халзан бүрэгтэй”-н ордоос уран биш, газрын ховор металл олборлох бөгөөд байгаль орчинд илт сөрөг нөлөөгүй гэж дүгнээд байгаа тухай дурдахад тэрбээр “Хоргүй гэдэг ч худлаа даа. Хор нөлөө бага байлаа ч уул, талыг ухаж сэндийлээд шороо бужигнуулаад, хаяад явна. Ер нь бидэнд ямар ашигтай юм бэ, дарга нарт л хэрэгтэй байх” гэв. Ийм санаа бодол ганц нэг хүнд төдийгүй, уул уурхай эсэргүүцэж буй хүн бүрд байгааг анхааралгүй орхиж болохгүй санагдав.
Хоёрдугаарт, нийгмийн тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа нь баялгийн замбараагүй ашиглалт, шударга бус хуваарилалтаас үүдсэн гэх ойлголт газар авчээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн XIX хорооны өндөр настан, гавьяат багш У.Чулуунбаатар “Манай улсын төсөв сүүлийн таван жилийн байдлаар жилд дунджаар 30 их наяд төгрөг болсон байна лээ. Гэтэл дарга нар, албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд 44 их наяд төгрөгийн нүүрс, байгалийн баялаг хулгайлсан гэсэн биз. Монголын баялгийг ингэж хэдхэн хүн завшиж байснаас ерөөсөө уул уурхай ашиглаагүй нь зөв. Хойч үеийнхэн маань шударга, сэхээлэг болсон үедээ ашигт малтмалаа ашиглаж, борлуулаг. Манай ахмадын холбооныхон ч ийм бодолтой. Ахмадууд бид уул уурхай ашиглалгүй шахам улсаа өдий зэрэгтэй болгосон” гэлээ. Энэ бол хэтрүүлсэн дүгнэлт биш. 1990-ээд оноос хойш ашигт малтмалын лицензийг танил талдаа олгодог, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг асуудал замбараагаа алдсан. Нэг компанид 29 лиценз олгосон, тэдгээрийг хувийн шугамаар борлуулж байхдаа өдгөө “Оюутолгой” компанийн эзэмшдэг талбайг канадуудад санал болгосон тохиолдол гарсан. Улмаар “Рио тинто” компани сонирхон, дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэн, монголчуудын орлогын нэгээхэн хэсэг болоод байгаа гүний уурхайтай болж. Энэ бол байгалийн баялагт, орд газруудад, газрын хэвлийг ашиглахтай холбоотой асуудалд төрөөс хэрхэн хайхрамжгүй, наймаа маягаар, албан бусаар хандаж ирсний илэрхийлэл.
Гуравдугаарт, Улсын өнцөг булан бүрд уул уурхайн компаниудыг онилж ажилладаг, дарамталдаг, шантаажилдаг зохиомол бүлэг бий болоод уджээ. Тэд Дорноговь, Өмнөговь, Ховд гээд хаана л уул уурхайн компани идэвхтэй ажиллаж байна, тэнд очин, иргэдийг нь компанийн эсрэг турхирч, шуугиан дэгдээж явдаг. Бүр эл чиглэлээр мэргэшин, хөрш орнуудтай холбоо тогтоож ажилладаг гэж хардахаар байгаа юм. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг бид ашиглалтад оруулна хэмээгээд 20 орчим жил боллоо. Гэтэл үүнийг ОХУ-аас шулуухан эсэргүүцэж, Байгаль нуурын эко системд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг. Гэхдээ оросууд ирж, жагсаж цугласан удаагүй. Үргэлж л монгол хүмүүс, монгол эх орончид эл салбарт “ажиллаж” Байгаль нуурын цэвэр тунгалгийн төлөө тэмцэж явна. Бас цахилгаан станц барих, төмөр зам тавих болохоор л хэл ам үүсгэн, байгаль орчин, геополитикийн хор нөлөөг дэвэргэн сурталчилдаг болсон. Мэдээж асуудал нь орон нутагт өрнөнө. Тэгвэл орон нутгийнхан болоод уул уурхайн компаниудын харилцаа, эрх, үүргийн талаар хуульд дурдаагүй байна. Ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга нар ашигт малтмал хайх талбайн солбицлын мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайд хамааралтай сум, дүүргийн ИТХ-ын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгнө гэжээ. Хэрэв хариу өгөөгүй бол тухайн санал, байршлыг хүлээн зөвшөөрсөнд тооцох аж. Мөн аймгийн Засаг дарга нар Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах, тусгай зөвшөөрөл бүхий талбайг зориулалтаар нь ашиглуулах, зориулалт нь өөрчлөгдсөн тохиолдолд таслан зогсоох эрхтэй юм байна. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтайхолбоотойдэдбүтцийгхөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх болон хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулахаар заажээ. Түүнээс Засгийн газартай тухайн компанийн байгуулсан гэрээг орон нутгийнхан ахин хэлэлцэх, шүүх, өөр ямар нэгэн эрх эдлэх, үйл ажиллагааг нь зогсоох тухай дурдаагүй байна. Эдгээрээс харахад орон нутгийнхан Засгийн газар болон компани хооронд байгуулсан гэрээг эсэргүүцэх, компаниудын өмч хөрөнгөд халдах, үүнийг нь эс үйлдэхүйгээрээ засаг захиргааны байгууллагынхан дэмжих нь хууль бус гэсэн үг.
Тэгвэл уул уурхайн ашиглалттай холбоотойгоор байгальд, орон нутагт ямар хохирол үүсээд байгааг БОУАӨЯ-наас тодрууллаа. Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд алтны шороон ордын ашиглалтаас үүдэн 2020 оны тооллогоор улсын хэмжээнд 30.7 мянган га талбай эвдрэлд өртсөн гэнэ. Үүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниудын улмаас 21 700, зам, барилга байгууламжийн ажлын нөлөөгөөр 2000, бичил уурхай, хууль бус олборлолт болон төрийн өмчит үйлдвэрийн газруудаас шалтгаалсан 8000 гаруй га талбай хариуцах эзэнгүй үлджээ. Сүүлийн дөрвөн жилд “Оюутолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд 21 000 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн аж. Мөн Архангай, Баянхонгор, Өмнөговь зэрэг зургаан аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 компанийн 51 зөвшөөрлийг цуцалсан гэнэ. 2024 оны эхний байдлаар Төв, Баянхонгор, Сэлэнгэ, Булган зэрэг 10 аймгийн нутагт 2000 гаруй га талбайд яаралтай нөхөн сэргээлт хийх шаардлагыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд хүргүүлжээ. Эвдэрсэн газрыг ургамалжуулах биологийн нөхөн сэргээлт хийхдээ үржил шимт хөрсийг бэлдэж хамгаалах, ургамлын ургалт, төлжилтөд таатай нөлөөлөхүйц ялзмаг бүхий хөрсний давхарга үүсгэх бордоо хэрэглэх, тарих ургамлын төрөл зүйлийг тухайн нутгийн онцлогт тохируулан сонгох зэргийг холбогдох байгууллагууд, орон нутагт нь даалгасан юм байна. Монгол Улсын Шадар бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдууд нөхөн сэргээлт хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд 21 аймагт дэд ажлын хэсгүүд ажиллаж буйг БОУАӨЯ-наас мэдээллээ. Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг, байгаль орчинд хяналт тавих салбарын яамнаас нь мэдээлэл ирүүлэхдээ манай уул уурхайн төвлөрсөн бүсүүдэд томоохон компанийн хайгуул, олборлолтоос шалтгаалж ямар хор хохирол, эрсдэл үүссэн талаар дурдсангүй. Харин өмнө нь бичил уурхай эрхлэгчид, алт олборлогчид болон төрийн өм чит зарим уурхайн тордолгүй үлдээсэн газрыг томоохон компани нөхөн сэргээсэн талаар л мэдээллээ.
Тэгвэл цаашдаа бид орон нутагт гарч буй асуудалд анхаарахгүй бол улс орнууд чухал ашигт малтмал, ураан олборлон технологи, эрчим хүчний салбарт том тоглогч болохоор хичээж буй энэ үеийг өнгөрүүлэх, цаг алдах эрсдэл байна. Мөн улс төрчид, ялангуяа УИХ-ын гишүүд сонгогдсон тойргоо тордох, ахин дахин гишүүн болох магадлалаа нэмэгдүүлэхийн тулд “Хэрэв нутгийн иргэдийн амьжиргаа, хөрс, усанд хор хохиролтой бол үйл ажиллагааг нь зогсоосон ч болно” гэсэн маш бөөрөнхий, ямар ч үндэслэлгүй хариулт өгөх, эс үйлдэхүй үзүүлэх зэргээр улсаа хорлож буйг шүүмжлэх, анхаарах хэрэгтэй юм. Нэмээд орон нутгийнхан болон иргэдийн үндэслэлгүй айдас, цуу яриа, ам дамжсан таамаг ойлголтыг цэгцлэх, зөв мэдээллээр хангах, ухуулан таниулах учиртай.
Мэдээж асуудлыг хүч хэрэглэж шийдвэл сайн үр дүнд хүрэхгүй. Юуны түрүүнд Засгийн газрын түвшинд байгуулсан томоохон гэрээгээ хамгаалж, төрийн нэрийн өмнөөс орон нутгийнхантайойлголцож,мэдээлэл өгөхшаардлагатай. Түүнчлэн орон нутгийн иргэдтэй зөвшилцлийн гэрээ байгуулах хэрэгтэй болов уу. Уг гэрээг нутгийн удирдлагууд бус, Засгийн газар, салбарын яамыг төлөөлж байгуулбал илүү үр дүнтэй байх. Хэрэв нутгийнхан зөвшилцлийн гэрээ байгуулахаас татгалзвал шалтгааныг нь тодруулах, газрын хэвлийн баялаг ард нийтийн өмч гэдгийг ойлгуулж, орон нутагт дахь өгөөж, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг сурталчилбал зохино. Томоохон компанийн ТУЗ-д ч орон нутгийнхнаас оролцуулах, иргэд нь дайсан биш, хамтрагч, ашгаас нь хувь хүртэгч, хөгжилд нь нэмэр оруулагч гэдгийг баталгаажуулах, тал талд ойлгуулах шаардлага байна. Нөгөө талаар, уул уурхайн ашиглалтаас олсон орлогыг улс төрчид шууд хүртэх боломжийг хязгаарлаж, иргэн бүр шалгаж болдог, нээлттэй мэдээллийн сан байгуулах, “Ирээдүйн өв сан” зэрэгт хуримтлуулна гэсэн үг. Тухайлбал, иргэний дайны хэмжээнд хүртэл уул уурхайгаа эсэргүүцэж, олигтой хөгжиж чадахгүй байсан Чили улс өдгөө стратегийн ордуудаа төр нь эзэмшин, мэргэжлийн хараат бус менежментийг хэрэгжүүлж, уул уурхайн чиглэлийн компаниуд дахь улс төрийн томилгооноос татгалзан, эрх зүйн таатай орчин бүрдүүлснээр зэсийн салбарт томоохон тоглогч болжээ. Мөн Норвеги, Канадын сайн жишээ ч олон юм билээ.
С.Дулам