Сергей Королев 60 жилийн өмнө хорвоог орхижээ. Нэр нь “Сансар” гэх үгийн хослол болсон энэ хүн ЗХУ-ыг сансрын эриний тэргүүнд залсан юм.
...Сергей Королев шоронд хоригдоод дөрвөн жил болж, 1942 оныг хорих газар угтах учиртай байж. Төмөр утсан торны цаана ч түүний санаа бодол ирээдүй өөд тэмүүлж байлаа. Андрей Туполевийн удирдлага дор бүтээсэн Пе-2, Ту-2 байлдааны онгоцнуудыг улам боловсронгуй болгох ажил дээр тархиа гашилгаж, ялалт ирнэ гэдэгт эргэлзэхгүй байв. Эдгээр техник фашистуудад цохилт өгч, ардын дайсан хэмээн нэрлэгдсэн зохион бүтээгч нь улс орондоо, дэлхий дахинд сайн үйлс бүтээсэн байв. Королёв нэгэнтээ сар луу нисэх талаар хийсэн тодорхой тооцоо зургаа үзүүлж байсныг хорих газрын дарга асан инженер Лев Италийский дурссан байдаг.
Италийский тухайн үедээ түүнийг гайхалтай эд байна гэж үзсэн ч шүүхийн шударга бус шийдвэр, эрх чөлөөгүй байдал, гэр бүлээс нь салгаснаас үүссэн сэтгэлийн гуниг шархыг нь түр хугацаагаар ч гэлээ зөөллөхөд нь энэ бүхэн нэмэр болдог байх даа гэж бодоод өнгөрсөн гэдэг. Энэ зөгнөл бодол бодит байдал болж, ердөө 20 жилийн дараа Зөвлөлтийн хүн шоронгийн хоригдлын удирдлагаар бүтээсэн хөлгөөр сансарт нисэхийг Италийский тэр үед яахан төсөөлөх.
Королёвын хувь заяанд ээж Мария Николаевна нь гол үүрэг гүйцэтгэсэн аж. Даанч хувь тавилан нь түүнийг хүссэн, зорьсноор нь явуулсангүй. Ядаж сэтгэлтэй хүнтэй нь суулгасангүй, гимназийн багш, хайргүй Павел Королевтой амьдрав. 1907 онд төрсөн Сергей хүү гурван жил үргэлжилсэн энэ аз жаргалгүй гэр бүлийн үр жимс нь байв. Хүү өвөө, эмээ хоёр дээрээ өсөв. Тэдний ярьж өгдөг үлгэрүүд дотроос нисдэг хивсний тухай өгүүлдэг нь сонирхол гойд татна. Тэдний амьдардаг Нежин хэмээх сууринд алдарт нисэгч Сергей Уточкин нэг удаа ирээгүй бол үлгэр үлгэрээрээ, тэдгээрт гардаг аяны шувууд шувуугаараа үлдэх байж. Уточкиний жолоодсон онгоц хоёроос гуравхан километр нисээд хотоос гадагш ойн цоорхойд газардав. Дөрвөн настай Сергей хүү үзсэн юмандаа гайхал төрж “Шувуунаас гадна хүн нисэж болдог байх нь” хэмээн шивнэж зогссон гэдэг.
Сергей гурван наснаасаа хойш төрсөн эцгийнхээ барааг харсангүй, хойд эцгээ л жинхэнэ аав аа гэж үзнэ. Цахилгааны инженер Григорий Баланин гэдэг энэ хүн гайхалтай нэгэн байжээ. Гурван ч дээд боловсрол олж авсны нэгийг нь Германд сурч эзэмшсэн, герман хэлтэй, дагавар хүүгээ өөрийн мэргэжил рүү уруу татна. Ямар нэг юманд хүрэхийн тулд их сурах ёстой гэнэ. Баланиныг 1917 онд Одесс хотод төмөр замын инженерээр томилоход Сергей хүү эхийн хамт шилжиж очив. Энд эрэгтэй хүүхдүүдийн гимназид сурсан ч Иргэний дайны улмаас тэр сургууль байсхийгээд хаагдана. Тиймээс Сергей гэртээ Оросын сонгодог уран зохиолыг зоргоороо уншиж, нисэх онгоцны тухай гартаа тааралдсан номыг үзэж суух болов. 1922 онд амьдрал байдал амгалан тайван болж, хүү барилгын талын мэргэжлийн сургуульд оров. Энд гар урлал хийх болж, герман хэл сурч, хамтаар хөдөлмөр эрхэлж, хүмүүсийг удирдан зохион байгуулах талаар ч дүйтэй болжээ. Ирээдүйд гэргий нь болох Ксения Винцентинатайгаа ч учрав. Тэд барилгын ажил ирээдүй нь биш болохыг ухаарч эрэгтэй нь нисэх онгоц зохион бүтээхээр, эмэгтэй нь эмч болохыг зорьцгоов.
Хүү нь онгоц бүтээж, улмаар өөрөө нисэхийг хүсэх болсон нь эхийн сэтгэлийг зовоож, аюултай сонголт гэж үзэх болсон байна. Хойд эцгийн бодол өөр байлаа. 1923 онд Сергей Агаарын флотын анд нөхдийн нийгэмлэгт элсэв. Хойд эцэг нь бас түүнд оржээ. Тэд энд герман хэл дээр хэвлэгдсэн нисэх хүчний номуудыг уншиж, орчуулах боллоо. Сергей бас зорчигчийн хувиар гидро онгоцоор нисэж ч үзэв. Гэхдээ түүний жинхэнэ амьдрал Москвад эхэлсэн байна.
1925 онд өрхийн тэргүүн Баланин нийслэлд ажиллах томилолт авч, энд сууцтaй ч болов. Сергей хүү ч Киевийн политехникийн сургуулиас Москвагийн техникийн дээд сургуулийн нисэхийн салбарт шилжиж суралцах болжээ. Энд Оросын нисэх хүчнийг үндэслэгч Николай Жуковский болон инженерийн сэтгэлгээний өнгө зүс болсон Ветчинкин, Стечкин, Юрьев, Черемухин нар багшилж байлаа. Хамгийн гол нь нэр хүндтэй зохион бүтээгч Андрей Туполев авьяаслаг хүүд анхаарлаа хандуулж, энэ нь хувь заяаг нь шийдсэн байна. Хүн булчингийн биш, сэтгэхүйн хүчээр ниснэ гэж Николай Жуковский хэлснээс хойш Королевын сэтгэхүй бүх чадлаараа ажиллах болжээ. Хичээлийн хажуугаар нийгмийн ажил идэвхтэй өрнүүлж, нисэх төхөөрөмж бүтээж, түүгээрээ нисэж, янз бүрийн дугуйланд сууж, нисэх хүчний ирээдүйн тухай маргаан мэтгэлцээнд оролцож нойргүй хонож ч байв. 1927 оноос 22 дугаар заводад инженерээр ажиллав. Энэ завод Туполевийн зохион бүтээсэн техникүүдийг үйлдвэрлэх болжээ. Михаил Тихонравовын бүтээсэн “Усны шувуу” нэртэй төхөөрөмжөөр нисэх эрхийн төлөө шалгалт 1929 онд Сергей өгөв. Нисэх төхөөрөмжөөр хөөрөх туршилт хийсний дараа тэрбээр өөрийн гэсэн нисэх техник бүтээх боллоо. Эхний “Улаан од” (СК-3) төхөөрөмж нь жинхэнэ шуугиан тарив. Дараачийн алхмаа хийх итгэл, урам зориг ч өгөв. Ингээд СК-4 гэдэг анхны нисэх онгоцоо бүтээх ажилд орлоо. 1930 онд Москвагийн техникийн сургуулиа төгсөв. Дипломын ажлаа СК-4 загварын онгоцоор Туполев багийнхаа өмнө хамгааллаа. Оюутан Королев эхэндээ нэлээд бие даасан, бардам, зоргоороо хүү байсан гэж намтрыг нь бичигчид тэмдэглэдэг байсан бол СК-4-ийг бүтээхдээ хамт олноор ажиллаж, бусдын санаа бодлыг сонсож, нэг ёсондоо ихээхэн өөрчлөгджээ. 23 нас хүрэхэд түүний толгойд зохион бүтээгчийн санаа бодол төлөвшиж, юун дээр бусдын үгийг сонсож, юун дээр харилцан зөвшилцөхийг мэдэх болсон байна. Шавь нь багшийнхаа юу хүсэж байгааг ямагт мэдчихсэн байдаг, залж чиглүүлэхэд төвөггүй, шийдвэрийг ядах юм үгүй олчихдог, гайхалтай бүтээгч, хэнтэй ч адилгүй, зорилгоо яг л олчихдог нэгэн болохыг Туполев анзаарчээ. СК-4 нь өөгүй бүтээл биш ч, буулгүйгээр 12 цаг нисэж болохоор техник байлаа. Юунаас ч зүрхшээдэггүй Королев чухам энэ үед л төлөвшин бий болоод ирсэн байна. СК-4-ийг өөрөө туршиж, бүхээгтээ суугаад “Авсны тагийг хаагаарай” гэж хэлжээ. Хорих газраас гарсных нь дараа 1930 онд дэлхий дахин түүнийг шагшиж байсан үед энэ наргиантай үг хаанаас эхтэй нь ойлгомжтой болсон гэдэг. Эцсийн эцэст олон хүн буцаж ирээгүй тэр үл мэдэх орчин руу үсрэхэд тэрбээр өөрийгөө бэлтгэж байжээ.
30-аад онд Королев маш тодорхой бус зөгнөлт замтай өөрийгөө холбохоор шийдэж нисэх хүчнээс хөндийрсөн байдаг. Ердөө л нисдэг байх нь хангалттай биш байлаа. Сансар гэж нэг юм байгаа, түүн рүү тэмүүлэх хэрэгтэй байв. Королевыг пуужин бүтээх зам руу хөтөлсөн анхны багш нь хэмээн Фридрих Цандерийг нэрлэж болно. 1931 онд Цандер болон бусад мэргэжилтэнтэй Королев хамтран тийрэлтэт хөдөлгөөнийг судлах бүлэг (ГИРД) байгуулав. 1933 оны зун Зөвлөлтийн анхны хосолсон түлштэй “ГИРД-09” пуужинг хөөргөжээ. Харамсалтай нь, Фридрих Цандер үүнээс хэдэн сарын өмнө нас баржээ. Дараа нь Зөвлөлтийн шингэн түлштэй анхны пуужин “ГИРД-Х”-ийг хөөргөв. Королев амьдралынхаа эцсийг хүртэл шингэн түлштэй пуужин санаачлагч, хэрэгжүүлэгч нь байсан, харин тэр цаг арай эхлээгүй байв. Циолковский 1918 онд хэвлэгдсэн “Дэлхийн гадна” номдоо сансар луу хийх нислэг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд болно гэж бичсэн байдаг. Хөөргөх талбайг нь Гималайд байхаар төсөөлсөн. Түүнд “2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд дор нь гарын үсэг зурсан 20 хүн Гималайн уулын хөндийгөөс тийрэлтэт хөлгөөр хөөрөв. Бид өөрийн пуужингаар Дэлхийг тойрон 1000 километр нисэж 100 минутад нэг бүтэн тойров” гэж бичсэн байжээ. Тэрбээр ГИРД-ийн амжилтыг ажиглан хугацааг баримжаалж. 1933 оны тавдугаар сарын 1-нд радиогоор ярихдаа “Атмосферээс цааш хийх анхны аяллын гэрч болох хүн та нар дотор олон бий гэдэгт итгэж байна” гэж хэлсэн аж. Циолковский 1935 онд өөд болсон юм. Королевт тэгэхээр хүнд бэрх арван жил үлдсэн байсны зургаад нь хүний боломжийн хязгаарыг давсан үйлс бүтээсэн ажээ. Засгийн газар 1933 онд ГИРД-ийн туршилтад анхаарлаа хандуулав. Бүгдийг нь үндсэн ажлынхаа чөлөөт цагаар, өөрсдийнхөө мөнгөөр хийж байлаа. Королевын ээж Мария Николаевна хүүдээ тусалж, хөрөнгө материалаар ч дэмжиж байжээ. Пуужингууд нь байнга дэлбэрч, агаар бохирдуулж, хүмүүсийн дургүйг хүргэнэ. Туршилтыг саравч, байшингийн доод хонгилд хийнэ, пуужингуудаа трамвайгаар зөөнө, гэтэл кондукторууд ачааг нь зөөсөн гээд мөнгө нэхнэ. Чухам энэхүү ГИРД л Зөвлөлтийн сансар судлалын анхдагч болсон байна. 1933 онд ГИРД болон Хийн хөдөлгүүрийн лаборатори (ГДЛ) хоёр нийлж Тийрэлтэт хөдөлгүүрийн эрдэм шинжилгээний хүрээлэн (РНИИ) болж Тухачевскийн мэдэл дор ажиллах болов. Энд Дотоод хэргийн ардын комиссарын ажилтнууд хаалгыг нь нүдэх хүртэл буюу 1938 он болтол Королев амь хайргүй зүтгэв.
Королев болон Зөвлөлтийн пуужингийн шинжлэх ухааны ажил, амьдралын тусгай хэсэг болсон олон салбартай эрдэм шинжилгээний бүхэл бүтэн энэ байгууллага 1930-аад онд нэг өдөр ч амгалан тайван байсангүй. Эхлээд л ашиг сонирхлын зөрчил Сергей Королев тэргүүтэй сансрын эзэмшигчдийн болон Иван Клейменовын удирдсан цэргийнхний хооронд үүсжээ. Цэргийнхэн нь болохоор тийрэлтэт зэвсэг үйлдвэрлэхийн төлөө шаргуу тэмцэж, Королев болон түүний нөхдийн шингэн түлш хэрэглэх пуужингийн ажил зогсов. Хүрээлэн маань ч нэг байгууллагаас нөгөө байгууллагын мэдэлд шилжинэ. Дуртай салбар нь юм болохоор Сергей Королев ямар ч нөхцөлд үнэн сэтгэлээр ажиллаж байлаа. Нэг өрсөлдөгчийн нь мэдээллээр 1938 онд баривчлахаар ирээгүйсэн бол үргэлжлүүлэн ажиллах л байсанд эргэлзэх юун. Бутырь, Лубянкагийн шорон, Новочеркассын цөллөг гээд зовлон шаналлын газрууд, байцаалт, зодуур нүдүүр, айлган сүрдүүлэг. Тэсвэрлэшгүй хүнд нөхцөлд албадан хийлгэх хүчир ажил, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн доромжлол. Ийм махны машин дотор олон зохион бүтээгч, эрдэмтэн, ажилтнууд амиа алдсан. Амьд үлдсэн нь гайхамшгийг бүтээсэн юм. Мария Николаевна хүүгийнхээ төлөө тэмцэж, Троцкийн хуйвалдаанд оролцсон хэргээр яллагдсан шийдвэрийг нь эргэж харахыг шаардсаны хүчинд техникийн боловсон хүчнийг Ежовоос арай илүү үнэлдэг Берия Дотоодыг хамгаалах яамыг удирдах болсноор 1940 онд Андрей Туполевын удирдлага дор Королев ажиллахаар болсон байна. 1945 онд Гитлер ялагдаж, үүнээс нэг жилийн өмнө Королев суллагдав. Ийнхүү түүний мандан бадралын цаг эхэлжээ.
Пуужингийн талаар германчуудын боловсруулсан төсөл Зөвлөлтийн цэргийнхний гарт орж иржээ. Тэд зарим асуудлаар урагш ахисан байсныг Зөвлөлт, Америкийн эрдэмтэд цааш нь авч явсан аж. Зөвлөлтийн пуужингийн “Нордхаузен” гэдэг бүлэг Германд бий болов. Удалгүй пуужингийн талаарх бүх ажил Зөвлөлтийн газар нутагт бүрмөсөн шилжиж ирлээ. Зөвлөлтийн пуужингийн үйлдвэрлэл Р-1 пуужингаас эхэлж Сергей Королев биеэ даан ажиллах болжээ. Нисдэг хивсний тухай үлгэр сонсож өссөн мөрөөдөгч хүү зуун хүнд ч хүрэлцэх хэмжээний амьдралын туршлага нэгэнт хуримтлуулсан байлаа.
1950-иад онд ЗХУ сансрын үйлсэд асар их хөрөнгө зарах болсон нь энэ үйл хэрэг нэр төрийн асуудал төдийгүй хүйтэн дайны үеийн санаачилга болсонтой холбоотой байв. АНУ-д нацист асан Вернер фон Браун, ЗХУ-д онцгой эх оронч Сергей Королев энэ салбарыг тэргүүлж байлаа. Королев энэ тэмцэлд итгэлтэй ялсан юм. 1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхийн анхны хиймэл дагуулыг Зөвлөлт улс хөөргөлөө. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн анх сансар өөд хөөрсөн нь Зөвлөлтийн иргэн байлаа. Хорлонтой хувь тавилангаар Сергей Королев үүнээс нэг жилийн өмнө эрүүгийн хариуцлагад татагдсан байна. Амьсгал хураатлаа тэрбээр тус улсын хамгийн нууцлаг хүн байсаар 1966 оны нэгдүгээр сарын 14-нд таалал төгссөнийхөө дараа л дэлхий дахинд нэр алдар нь цуурайтсан байдаг. Түүнийг амьд ахуйд “Восток”, “Восход” хөлгийн хоёр цуврал нислэг болсон юм. “Союз” хөлөг түүний сүүлчийн том зорилго байсан, одоо хэр нь нисэж буй. Тэрбээр өөрөө сансарт нисэхийг эцсээ хүртэл хүсэн мөрөөдөж байсан гэдэг...
Р.Жаргалант