Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, залгамж халаагаа бэлтгэх үйлст зүтгэж яваа Төрийн соёрхолт, ардын жүжигчин Х.Уртнасан “Надад амжилт гаргасан гэж товойлгоод байх юу байх вэ. Мэргэжилдээ дуртай жирийн л дуучин” хэмээдэг. Гэвч жирийн нэг дуунд дуртай охин саалийн зэлнээс Большой театрын тайзнаа гарахгүй нь мэдээж. Батсүмбэрийн сангийн аж ахуйн саальчид “Хорлоогийн охины дуу цангинаж байна. Үхэр ирж байгаа бололтой” хэмээн баримжаалдаг байсан гэдэг. Мундаг саальчин гэгдэж “Залуучуудын үнэн” сонинд гараад мандаж явсан Х.Уртнасан урлагийн хүн болохоор нийслэлийг зориод Ардын дуу бүжгийн чуулгад зарлагчаар ажиллаж байхдаа Г.Хайдав багшийн нүдэнд өртөж, Монголд дуурийн дуулаач бэлтгэж эхлэхэд анхных нь оюутан болсноор сонгодог урлагтай холбогджээ.
1966-1996 он хүртэл наадмын концертод дуулсан тэрбээр “Дунд нь ганц нэг удаа өнжсөнөө хасахад дор хаяж 25 жил наадмын концертод дуулсан. Улсын наадамд 25 жил барилдсан бөх гэж сонсоогүй” гэж багахан онгирдог. Дэлхийн таван том театрын нэг Москвагийн Их театрт дуулсан хоёр монгол дуучин байдгийн нэг нь тэр. Нөгөөх нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж агсан. Сопрано хоолойтой эмэгтэй дуучны чадал чансааг шалгадаг “Чио Чио Сан” дуурийн Эрвээхэй хатагтайн дүр Х.Уртнасангийн нэрийн хуудас. Түүнээс хойш олон дуучин энэ дүрд дуулсан ч түүн шиг бүтээсэн нь үгүй гэх юм билээ.
Хүссэн бүхэн хүрч чадахгүй олон амжилтын эзэн Х.Уртнасанд зориулан ДБЭТ-ын есөн эмэгтэй дуучин хүндэтгэлийн тоглолт хийхээр болжээ. ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэж хөгжсөний 60 жилийн ой ирэх сард болох бөгөөд ойн хүрээнд ягаан байшингийн сопрано бүсгүйчүүд Унд (Тэд Х.Уртнасанг ийн авгайлдаг аж)-даа зориулж “Сонгодог есөн өнгө буюу Примадонна” тоглолтоо энэ сарын 9-нд тавих юм. ДБЭТ-ын концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа нарын найруулж буй уг тоглолтод ДБЭТын симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нар удирдаж, найрал дуучид оролцоно. Төрийн шагналт Х.Уртнасан болон тоглолтыг зохион байгуулж буй уран бүтээлчидтэй цөөн хором ярилцлаа.
Х.Уртнасан:
-ДБЭТ-ын есөн эмэгтэй дуучин танд зориулж хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа юм байна. Та мэдсэн биз дээ?
-Манай хэдэн охин надад сюрприз барих гээд их нууцалсан гэсэн. Би ч саяхан мэдлээ. Үнэхээр сэтгэл зүрхний гүнд хүрсэн сюрприз боллоо. Залуусаас ийм санаа гарсанд чин сэтгэлээсээ баярлаж байна.
-Та залуу дуучидтайгаа их холбоотой байдаг юм аа даа?
-Залуу дуучдадаа бүгдэд нь хайртай. Дуурийн театрт шинэ залуу дуучин орох бүрт, тэд уран бүтээл хийж, амжилт гаргах бүрт баярладаг. Бүгдийнх нь тоглолтыг үздэг. Урлаг гэдэг ганц хүн хийж гүйцэхгүй агуу зүйл. Өөрийнхөө хийж амжаагүй бүхнийг энэ сайхан залуусаар гүйцээлгэхийг хүсдэг.
-Ийм сайхан бэлэг барьж буй дуучдадаа баярласнаа манай сониноор дамжуулж болно шүү дээ.
-Ийм том үйл явдалд баярлалаа гэдэг үг дэндүү жирийн санагдаж байна. Ахмад үеийнхээ хийж амжаагүйг хийж, үргэлж амжилтаар гялалзаж явахыг ерөөе.
Б.Солонго:
-Намайг 1990 онд ДБЭТ-т ирэхэд Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан, А.Хавлааш нарын мундаг дуучид ид ажиллаж байлаа. Сургуулиа дөнгөж төгссөн намайг тэд өлгийдөж авсан. Төгсөж ирээд сар ч бололгүй Орост болсон Монголын соёлын өдрүүдэд Х.Уртнасан гуайтай хамт оролцож байлаа. Дараа нь Буриадад бүтэн сар тоглолтоор явсан. Х.Уртнасан гуайтай хамт ажиллаж байхдаа урлагийн хүн ийм байх ёстой юм байна, ингэж биеэ авч явдаг, ингэж хөдөлмөрлөдөг юм байна гэдгийг сурч авсан. Орой хүмүүс ажлаа дуусгаад гэр рүүгээ явчихсан байхад төгөлдөр хуурынхаа ард Х.Уртнасан гуай л сууж байдагсан. Чансаатай бүтээл гаргахын тулд өөрийгөө маш их дайчилна. Дуурийн дуучдад төдийгүй бүх хүнд үлгэр дуурайл болохоор хөдөлмөрч хүн дээ. Маш цараатай хоолойтой, ямар ч жижигхэн тоглолтод өөрийгөө дээд зэргээр бэлддэгийг нь би мэднэ. Бас нэг сайхан чанар нь залуу дуучдыг их дэмждэг. Залуусын тоглолтыг дандаа ирж үзнэ, зөвлөгөө өгнө, эднээрээ бахархана. Залуу үеэрээ бахархаж чаддаг нь надад сайхан санагддаг.
Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг:
-1998 онд Болгарт суралцах хүүхдүүдийг шалгаж авах комиссын бүрэлдэхүүнд Унд маань байсан. Тэгэхэд л анх ойрхноос харж байлаа. Шалгуулахаар ороод нэр, нутаг усаа хэлэхэд Унд “Нутгийн хүүхэд байна” гэж их олзуурхаж билээ. Тэгэхэд Н.Жанцанноров, Л.Эрдэнэбулган гуай нар Ундыг “Нутгархлаа” гэж цаашлуулж байсныг тод санаж байна. Болгарын нийслэл Софи хотын “Панчо Владиегеров” хөгжмийн академийг төгсөж ирээд ДБЭТ-т дуучнаар ажилласан. Тэгээд дуулсан анхны дуурь маань “Чио Чио Сан”. Түүнийг Унд найруулан тавьсан юм. Төгсөөд удаагүй шинэхэн дуучин надад маш олон зүйлийг заасан. Өмнө нь ойр дотно байгаагүй болохоор эхний үед их захирангуй хүн шиг санагдаж, эмээж, дөлдөг байлаа. Унд маань бодож санаснаа түс тас хэлчихдэг, өөртөө итгэлтэй хүн шүү дээ. Одоо бол бид ээж охин шиг л ойр дотно харилцаатай байдаг. Шинэ уран бүтээл хийх бүрт минь зөвлөгөө өгдөг. Миний дуулсан ихэнх гол дүрд Ундын зөвлөгөө шингэсэн шүү. М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд явахад миний бичлэгүүдийг нэг бүрчлэн үзэж, энд ингэ, тэнд нь тэг гээд нарийвчлан зөвлөсөн. Үүний ачаар би тэр нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн.
Соёлын тэргүүний ажилтан Д.Туяа:
-Би Булган аймгийн хүн. Дуурь гэдгийг ч мэдэхгүй жаахан байхдаа Х.Уртнасан гуайн дуулахыг телевизээр харж, дууг нь шимтэн сонсдог байлаа. 1998 онд ДБЭТ-т дуучнаар ажилд орж, Ундтай танилцсанаас хойш эгч, дүүс шиг л явж байна. “Эрвээхэй хатагтай” дуурийн 30 жилийн ойгоор есөн Чио Чио Сан дуулахад би гуравдугаар үзэгдэлд нь дуулж, анх Ундтайгаа хамтарч ажилласан.
Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга
-СУИС-д сурч байхдаа жүжигчний уран чадварын жичээлийг Ундаараа заалгаж, тайзан дээр ямар хөдөлгөөнийг яаж хийх вэ, өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдгийг заалгаж байлаа. Багш маань бидэнд “Сургууль төгсөж, дуучин болохоосоо өмнө хүүхэд төрүүлээд явчихвал урлагаасаа хөндийрч, хүсэл мөрөөдөл чинь талаар болно” гэж захина. Тэгээд нуруугаа яаж цэх зогсохоос эхлээд хөлөө яаж тавих, тайзан дээр яаж алхах гээд нарийн ширийн зүйлийг заана. Бид одоо ч Ундаас байнга зөвлөгөө авдаг. Түүнийг хүндэлж хайрладаг. Х.Уртнасан багшдаа зориулж ийм тоглолт хийх юмсан гэж хоёр жилийн өмнөөс ярьсан. Нөхцөл боломж нь бүрдэхгүй байсаар өдий хүрээд байтал энэ энэ жил манай театрын гоцлол дууны ангийн 60 жилийн ой тохиож, энэ ойн хүрээнд тоглолтоо хийе гэж шийдлээ. Есөн эмэгтэй нэг дор ингэж тоглолт хийж байсан удаа байхгүй. Энэ анхных нь гэдгээрээ онцлог. Ундын эгшиглүүлж байсан дууриудын ариг бид дуулна.
Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг
-СУИС-ийн дуулаачийн ангид сурч байхад Унд манай ангид уран чадварын хичээл заадаг байсан. Багшийг хараад “Төрийн шагналт дуучин хүн л ийм байдаг байх даа” гэж бахархдаг байлаа. Тийм том биетэй хэрнээ гайхалтай уян, эвлэг хөдөлгөөнтэйг яана. Оюутан байхаас маань одоог хүртэл байнга л зөвлөгөөг нь сонсож явна. ДБЭТ-т байнга ирж бидэнд зөвлөж, тусалдаг Унддаа баярладаг. Би шинэ дүрд дуулах бүртээ болохгүй, бүтэхг үй зүйл гарвал Ундаас асуудаг юм. Тэгэхэд түүний хэлсэн үг ямагт зөв, хамгийн оновчтой нь байдаг. Үзсэн харсан, сурсан мэдсэн зүйл ихтэй хүн шүү дээ. Том, том дууриудыг тоглоход бид Ундыг заавал авчирч, найруулга, дуулалтаа хянуулдаг. Ганцхан дуулах биш урлагийн бүх чадварыг эзэмшсэн хүн дээ, манай Унд. Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо -СУИС-д сурч байхдаа би оюутнуудын дунд болсон уралдаанд оролцсон юм. Тэр уралдааныг Унд шүүж байсан юм билээ. Намайг дуулахаар тайзан дээр гарахад “Над шиг хүн гараад ирлээ. Сайн дуулах байх” гэж хэлсэн гэсэн. Үүнийг би ангийн багшаасаа сонсчихоод энэ сайхан хүнтэй адилхан харагдаж гэж их баярлаж билээ. Унд манай нутгийн бэр болоод ч тэр үү, надад тусалж дэмжиж, байнга зөвлөж байдаг болохоор ч юм уу, ээж шиг минь санагддаг.
Соёлын тэргүүний ажилтан Н.Туяа
-Би ХБК-ийг Ц.Ерөө багшийн удирдлага дор 1997 онд төгссөн. ХБК бакалавр зэрэг олгодог болсноос хойш 2002-2007 онд дахин суралцсан. Тэгэхэд Унд дуулаачийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Манай ангийн хэдэн хүүхэд Ундын шавь байсан. Тэд мэргэжлийн хичээлдээ орно гэхээр дөлсхийгээд, айдаг байсан санагддаг. Хатуу чанга шаардлага тавьдаг болохоор нь тэгдэг байсан байх. Дипломын ажлаа хийхдээ Ундаас зөвлөгөө авч байлаа. Манай гоцлол дуучин бүсгүйчүүд Ундтай их ойр дотно байдаг. Байнга шахам гэрт нь очдог. Ундынхаа хийсэн гурилтай шөлөнд дуртай. Унд завтай үедээ бидэнд хуушуур хайрч, мах чанаад аваад ирдэг юм. Би “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд дуулахдаа өмнө нь энэ дүрд Ундын дуулсныг сонсож чадаагүйдээ харамссан.
Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа:
М.Дариймаа:
-1998 онд СУИС-д элсэхэд Х.Уртнасан багш уран чадварын хичээл ордог байсан. Гуравдугаар курст байхад “Евгений Онегин” дуурийг манай ангийнхнаар дуулуулж, туршилтаар тавьж байлаа. Тэгэхэд би “Евгений Онегин”-ы Ольгагийн дүрд дуулж, багш “Ёстой сайхан Ольгатай болох нь” гэж урам өгч байсныг мартдаггүй. Багш маань хичээл дээр бидний чадахгүй байгаа хэсгийг “Ингэж хий” гээд өөрөө хийж үзүүлэхээрээ маш хурдан дүрдээ орж, нулимс нь цийлэгнээд ирдгийг нь гайхаж, биширдэг байж билээ. ДБЭТ-т дуучнаар ажиллахдаа “Евгений Онегин”, “Чио Чио Сан” зэрэг олон бүтээлд Уртаа багштай хамтарч ажилласан. Багш чанга үедээ чанга, зөөлөн үедээ зөөлөн. Бэлтгэл хийж байхад тайзны араар хүн явах, олны хэсэгт байгаа хүмүүс өөр үйлдэл хийх, жүжигтээ орохгүй байх зэрэгт маш дургүй. Том жижиг, алдар цолтой гэж ялгахгүй хэлэх гэснээ хэлчихдэг. “Евгений Онегин” дуурьт ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам нар дуулж байтал тэднийг шууд зогсоогоод “Биш байна. Ийм том цолтой дуучид хэрнээ гүйцэтгэлийг нь муу хийж байна” гэж билээ. Тэгэхэд найрал дуунд зогсож байсан би “Ийм мундаг хүмүүсийг загнаж байгаа юм чинь...” гэж их айж, сүрдэж байлаа.
Ц.Арюна
-Аав минь ОХУ-ын Буриадын ардын жүжигчин хүн. Х.Уртнасан гуайн тухай багадаа ааваасаа сонсож байлаа. Дуурийн дуучин болно гэсэн мөрөөдөлтэй жаахан охин байхдаа 1997 онд Х.Уртнасан гуайг Улаан-Үдэд тоглолт хийхэд нь анх харж, дуулахыг сонсоод ямар гайхалтай дуучин бэ гэж биширсэн. Би Монголын УДЭТ-т ажиллаад удаагүй болохоор түүнтэй хамтарч уран бүтээл хийж амжаагүй л байна. Харин түүнд хүндэтгэл үзүүлэх тоглолтод оролцож байгаадаа баяртай байгаа.
Х.УЯНГА