Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавтай уулзахын өмнө түүний үлгэр жишээний хүчинд биширч явсан минь төөрөгдөл биш байжээ. Өрөөсөн хөлтэй болсныхоо дараа ч сэтгэлийн тэнхээгээрээ тэр хэнээс ч дутахгүй амьдрахын тулд итгэлээ дундлаагүй эр. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд 1961 онд төрсөн хүүгийн спортын замнал эрт эхэлжээ. Улзын голын харваачдын дунд торнисон хүү тул балчиртаа нум эвшээлгэж, сум үсэргэж үзсэн нь хожмоо дэлхийд алдартай харваач болохын зөн билгийн угтал тохиосон ч байж мэдэх аньстай. Балчир хүү хэдийгээр үндэснийхээ наадмын нэгэн төрөл нум сум барьж сонирхсон ч төдөлгүй орчин цагийн боксын спортыг шимтэн өнөө цагийн нэрт тамирчин Нэргүйн Энхбаттай хамт тулааны спортод хүчээ сорьж, амжилтын илэрхийлэл медаль зүүгээд үзсэн намтартай. ЗХУ-ын Свердловск хотод барилга архитектурын чиглэлээр сурал цаж байсан залууд хэлж биш хийсэж ирдэг ахуйн осол тохиож зүүн хөлгүй болсон нь боксоор цаашид тууш тай хичээллэхэд цэг тавиулав. Хүүхэд байхын спортоор хичээллэх сонирхолтой, бас чиг авьяастай залуу буудлага, байт харвааны чиглэлээр хичээллэх шинэ зам сонголоо. Буудлагаар хичээллэхэд эцэг нь үлгэр жишээ, тулгуур болсон нь илэрхий. Баатаржавын эцэг улсын начин, улсын анчин Дамбадондогийн тухай энд хэдэн үг шингээх нь зүйд нийцэх биз ээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Дамбадондог 1951 оны улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын арслан Санжсүрэнг хаяж, улсын начин цолтой болсон бөх. Хожмоо Засгийн газрын шийдвэрээр улсын анчин гэдэг албан томилгоотой ажиллаж явсан нэгэн. Хүүхэд эцгээ, тэгэх тусмаа хүү болгон аавыгаа дагаж дуурайж, ажил үйлсийг сурч авдаг бичигдээгүй хууль бий. Мэдээжээр Баатаржав ч аав шигээ барилдах, давах, буудах, онох тэмүүлэлтэй өссөн нь лавтай. Бас эцгийн бяр тэнхээ, зориг зүрх, авхаалж самбаа, хараа баримжааг ямар нэг байдлаар удамшиж ирсэнд ч эргэлзэх зүйлгүй ээ. Тэр бүхний өгөөжөөр Баатаржав хөдөлмөрийн баатар цолтны эгнээнд багтсан гэвэл хэтрүүлэг болохгүй биз дээ.
БАЙТ ХАРВААГ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ СОНГОСОН НЬ
Монголчуудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дунд 1989 оноос албан ёсны тэмцээн зохион байгуулсан түүх бий. Тэр жил Японы Кобе хотод Ази, Номхон далайн орнуудын FESPIC наадам болох учраас манайханд тийшээ явах тамирчдаа олж авах, шалгарагчдыг бэлтгэх зорилгоор зохион байгуулсан анхны тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээ сонины хуудсанд үлдээгүй нь тахир дутуу гэдэг ойлголт хүмүүсийн сэтгэл зүйд нутагшаагүй, тэдний хүч нөөцийг ойлгоогүй байсныг илэрхийлэх нь лавтай. Ер нь манайханд төдийгүй дэлхий нийтэд ийм хандлага байсныг НҮБ-ын шийдвэрээс нотлох нэг баримт хэлье. Хүмүүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг дээдлэн хүний хүч нөөцийг эрхэмлэн хүндэтгэх үүднээс 1983- 1992 оныг тахир дутуу хүмүүсийн олон улсын 10 жил болгон зарласан нь буянтай үйлсийн эхлэл юм. Нэгэнт НҮБ-ын шийдвэр гарсны дагуу биеийн тамир, спортын салбарт янз бүрийн уралдаан, тэмцээн үе үе зохиогдох болсны жишгээр Улаанбаатар хотноо 1989 онд тахир дутуу иргэд ойрын зайд уралдаж, бөөрөнцөг түлхэж, буудлагад, байт харваагаар цэц сорьж эхэлсэн нь цоо шинэ үзэгдэл байв. Шинэ үзэгдлийн анхдагчийн төлөөлөл Д.Баатаржав мөн. Японд явах тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээний дөрвөн төрөлд түрүүлсэн Д.Баатаржав Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг тө- лөөлөн Э.Ганболд, Д.Ганболд хоёрын хамт анхлан Кобе хотод хөл тавьжээ. Тэнд буудлага, байтын хоёр ч төрлөөр цэц сорих санаатай очсон хэдий ч тэмцээний цаг нь давхардсанаас байт харвааны тэмцээнд оролцон тавдугаар байр эзлээд ирж байв. Байт харвааг сонирхон сонгоход гавьяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэн хүчтэй нөлөөлснийг тэр гэгээлгээр дурсаж байлаа. Туршлагатай сурган хүмүүжүүлэгчийн эгзэгийг нь олж, эзнийг нь таньж хэлсэн хэдхэн үг ирээдүйн Хөдөлмөрийн баатрын амжилтын гол хөдөлгүүр болсон юм билээ. Буудлага байт хоёрын чухам алийг нь сонгон шамдахаа шийдэж амжаагүй явахдаа Гүнчин-Иш гэдэг нөхөртэйгөө хамт гавьяатын бэлтгэлийн танхимд очиж, байт харвах санаатайгаа учирлахад нь, -“За хэдэн сум тавьчих. Харъя” гэжээ. Сум тавьсны дараа энэ шар дээр туссан хоёр сум хэнийх вэ гэхлээр, минийх гээд үнэнээ хэлсний дараа, нутаг нуруу ажил төрлийг асууж байснаа, -За. Энэ хөлдүү буриад ч хэрэггүй ээ гээд гаргажээ. Тэр хэдхэн үгнээс болоод би буу сайн бууддаг юм чинь байт харваагаар амжилтад яагаад хүрдэггүй билээ гэж бодоод хөлдүү биш буриад гэдгээ нотлохын тулд Хоршоолол нийгэмлэгийн дасгалжуулагч, “Москва-80” олимпийн наадамд оролцогч Ш.Бямбасүрэнд шавь ороод эргэлт буцалтгүй хичээллэж эхэлснээр өдий хүрчээ. Жамъяансүрэн багшид би гомддоггүй. Одоо ч түүнд баярлаж явдаг. Оновчтой үг тамирчин хүнд тун өлзийтэй дээ. Буудлагын спортоо орхиход дурамжхан байсан Ц.Өлзийбаяр, Б.Алтанцэцэг нарын багш нар урвагч Баа таржав гээд бас хор шарыг минь маажиж л байсан, нэг хэсэгтээ. Байтыг сонгоод алдсангүй ээ, онож. Тийм үү, гээд тэр над руу дүрлийтэл харлаа. Түүний хариу нь “Бээжин-2008” зуны паралимпийн наадам.
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Чин үнэндээ паралимпоос анхны медаль, тэгэх тусмаа аваргын алтан медаль авсан Д.Баатаржавын хүсэл мөрөөдөл, хөдөлмөр тэмцэл нь бүр өнгөрсөн зуунаас эхэлснийг монгол түмэн мэддэг болжээ. Богино биш хугацааны нөр их хөдөлмөр, эрүүл саруул энгийн хүмүүсийн адилаар спортын тавцанд амжилт ялалтын эзэн болох гэсэн сэтгэлийн тэнхээ эхлээд өөрийгөө ялж, улмаар бөмбөрцгийн наадамд өрсөлдөгч нараа дийлснээр хөгжлийн бэрхшээлтэй гэх оновчтой биш тодотголтой бүлэг хүмүүст өөрийгөө ялан дийлэх, өөр бусад саад бэрхшээлийг гэтлэх итгэлийг тө- рүүлсэн онцгой гавьяа Баатаржавынх.
Паралимпийн наадамд гурвантаа шалгаран оролцогч Д.Баатаржавын хувьд оргил амжилтын өдөр нь 2008 оны есдүгээр сарын 14 тохиож таарсан. Бээжинд байт сурын харваачдын чансаа тогтооход Монголын тамирчин Д.Баатаржав 618 оноогоор шилдэг 16-д багтжээ. Бөхчилсөн харвааны эхэнд Их Британийн тамирчин Мик Бридийг 104:91-ээр дийлээд медальтай харих үгүйг шийдэх даваанд наадмыг зохион байгуулагч орны харваачтай таарах нь тэр. Өрсөлдөгч хоёр дөрвөн үед тус бүр гурав, нийт 12 сум харваж хэн илүү оносон нь ялдаг журамтай. Д.Баатаржав Дүн Жи хоёр дөрөв дэх ээлжийн гурван сумаа харвахын өмнө адилхан 78 оноотой болсон байлаа. Сүүлийн гурван сумаараа (8+10+10) 28 оносноор манай харваач хүрэл медалийн эзэн болоод амжив. Мөнгөн медалийн төлөөх өрсөлдөгч нь дахиад л Хятадын харваач Чень Еган. Тэр урьдчилсан шатанд 628 онож шигшээд хоёрт эрэмбэлэгдсэн амаргүй тамирчин. Санаснаас нөгөөх нь мөнгөн медаль авахад харьцангуй бага эсэргүүцэл үзүүлж, 105:98 дүнгээр Монголын тамирчин аваргын төлөө цэц сорихоор шалгарлаа. Шигшээ харваа гурван цаг завсарлаад алтан медалийн төлөөх тэмцэл эхэлж дээ.
Францын Фабрикс Монье хоёр дахь ээлжийн харваа гүйцэхэд 49:44 оноогоор нэлээд тасраад ирэв. Монголын тамирчин гурав дахь ээлжинд алдаагаа засаж таван оноо илүү явсан өрсөлдөгчөө гүйцэн, нэг оноогоор илүү гарч чадлаа. Сүүлчийн гурван сумаа харвахын өмнө Баатаржав өөртөө нэгэн зарлиг буулгажээ. Тэр нь таван оноог нөхөж чадсан хөлдүү буриад чи нэг онооны илүүг улам холдуулж аваргын алтан медаль ав л гэсэн итгэлийн хүч байжээ. Эцсийн дүн гарахад 94:90 оноогоор Монгол Улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Д.Баатаржав алтан медалийн эзэн боллоо. Өөрөө өөртөө өгсөн итгэлийн зарлиг нь төрийн зарлиг гарахын угтал болж хувирав. “Бээжин-2008” паралимпийн XIII наадамд оролцсон 148 орны баг тамирчдын амжилтыг дүгнэн байр эзл үүлэхэд Монгол Улс, Дамба дондогийн Баатаржавын амжилт, гавьяагаар 50 дугаарт жагссан. Нэгэн хүний хүчин чадал, авьяас дэлхийн зуугаад орныг ардаа орхисон нь энэ.
-Намайг паралимпийн аварга болж, алтан медаль авсны дараахан, БНХАУ-д суугаа Элчин сайд Г.Батсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай утсаар яриулсанд баярлаж явдаг юм. Ерөн хийлөгчтэй утсаар ярихдаа “Би Монгол Улсын иргэн болж төрсөндөө маш их баярлаж байна. Танд баярлалаа” гэж хэлснээ сайн санаж байна. Тэр өдөр ер нь мартагдахын аргагүй түүхэн үйл явдлаар дүүрэн өнгөрсөн юм шүү хэмээн Хөдөлмөрийн баатар 2012 оны нэгдүгээр сарын 11-нд уулзахдаа ярьж сууна билээ. Хөдөлмөрийг нь Монголын төр үнэлж спортын гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг зүй ёсоор олгож түүнийг ч, түмнээ ч баярлуулсан. Аливаа сайн үйл явдал санаж сэрэхийн эхлэл болдгийн жишгээр Д.Баатаржав хөгжлийн бэрхшээлтэй хэмээх тодотголтой бүлэг хүмүүст сэтгэлийн тэнхээ суулгаж, итгэлийн хүч өгсөөр байх боллоо. Паралимпийн аваргатай ижил тодот голтой хүмүүсийн дотроос спор - тоор хичээллэгчдийн эгнээ илт нэмэгдэж, амжилт нь дээшилж явааг өнгөрсөн хэдхэн жилийн үйл явдал харуулсаар, тэдний эгнээнээс шинэ мастер, шинэ гавьяат мастер төрсөөр байна. Зөвхөн спортын хүрээнийхэн ч биш хөдөлмөрийн салбарынхнаас нь НҮБ-ын конвенцийн нийтлэг зарчмын дагуу нэр төр, нандин чанараа хамгаалуулж, алагчлуулахгүйгээр баа тар, гавьяат ч болдгийг үзэж, үнэм шээд улам ч урам зоригтой аж төрөх болсныг энд онцлон тэмдэглэе. Д.Баатаржав жирийн хүмүүс шиг аж төрөх сэтгэлийн тэнхээгээр бусдад итгэлийн дэм хайрласан баатар аа!
Р.ЧУЛУУН 2012 оны нэгдүгээр сар